“Гоёлог ээжүүд” төрийн бус байгууллагын /ТББ/ тэргүүн Б.Нямгэрэлтэй ярилцлаа.
-Энэ сарын 14-ний өдөр “Бүсгүй цэцэг” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнгийн гол зорилгоос яриагаа эхэлье?
–News.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. “Гоёлог ээжүүд” ТББ-ын дэргэдэх “Бүсгүй цэцэг” эмэгтэйчүүдийн бүлгээс энэ сарын 14-нөөс 18-ныг дуустал “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнг “Монгол арт галерей”-д гаргах гэж байна. Ерөнхийдөө бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж хэлж болно. Үзэсгэлэнд уламжлалт эсгий ширмэл, нэхмэл, арьс шир, монгол дээл хувцаснаас гадна гар урлалын 50 төрөл зүйлийн бүтээл дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд “Цэцэг” сэдвийн дор нэгдэн, аливаа зүйлсийг энгийн хэрэглээнээс гадна бүтээлч байдлаар хэрхэн орчин үеийн шийдэлтэйгээр урлаж болдгийг бусдад таниулах юм.
Гар урлал бол зөвхөн бэлэг дурсгалын төдий зүйл биш, хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээнд багтаж хэрэглэгдэх хэрэглээ болсон гэдгийг бусдад харуулах зорилготой.
Ихэнх хүмүүс арьсан эдлэлийг түрийвч, цүнхээр, эсгийг таавчигаар төсөөлдөг. Гэтэл тийм биш. Эсгийгээр маш олон төрлийн бүтээгдэхүүн хийж болдгийг манай үзэсгэлэн дээр ирж харах боломжтой.
-Хамгийн гол нь ээжүүдийн бүтээлээр дагнан үзэсгэлэн гаргах юм байгаа гэж ойлголоо?
-Тийм ээ. Би 2008 онд хоёр дахь хүүхдээ төрүүлээд, гэртээ байх хугацаандаа гар урлал сонирхож эхэлсэн. Анхандаа нэхмэл урлалаар оймс, цамц нэхдэг байсан бол яваандаа гар урлалын бусад төрөл рүү “урваж” эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гар урлал хийх нь надад бясалгал болсон. Гар урлал хийх цагаа өөртөө гаргахын тулд гэрийн ажлын зохион байгуулалтыг маш сайн төлөвлөдөг болдог юм байна лээ. Над шиг гэртээ хүүхдээ харангаа гар урлал сонирхож хийдэг олон ээж байдгийг мэдээд, тэднийг нэгтгэн 2016 онд “Гоёлог ээжүүд” ТББ-ыг үүсгэн байгуулсан. Гишүүд маань хүүхдээ гаргаад, гэртээ суудаг, бүтээлүүдийг нь хүмүүст харуулах боломжгүй байдаг учраас жижиг үзэсгэлэн худалдаанд ээжүүдийнхээ бүтээлээр оролцдог байсан.
Ер нь орчин цагт ээжүүд гэртээ зөвхөн хүүхдээ хараад суудаг хэв маяг өөрчлөгдөж байгаа. Ээжүүд хүүхдээ хараад суух хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, өөрийн хүсэл сонирхлын дагуу өөрсдийн хоббигоо хөгжүүлдэг болсон.
“Бүсгүй цэцэг” үзэсгэлэнгийн үеэр гэр бүл, ажил, үр хүүхдийнхээ хажуугаар өөрийнхөө хоббиг таньж мэдэх, хоббигоо хөгжүүлэн, цаашлаад өрх гэрийнхээ санхүүд хувь нэмрээ оруулж яваа бүтээлч ээжүүдээ танилцуулна. Үзэсгэлэнд 40 ээж бүтээлээ сойж байгаа учраас нас хүйс, ажил мэргэжлийн онцлог зэргээс үл хамааран гар урлалд дурлан хобби гэдэг нэрийн дор нэгдэн “Би Биш Бид”-ийн үзлээр хамтдаа урагшилж, нэгдэж чадаж буйгаа харуулах нь үзэсгэлэнгийн нэг зорилго юм. Мэргэжлийн уран зургийн галерейд таван хоног бүтээлээ байршуулна гээд ээжүүд маань их догдолж, хүлээлт өндөр байна.
–Одоогоор мэдээж үзэсгэлэнгийн хөтөлбөрийг нууцалж байгаа байх. Гэхдээ онцлоод 2-3 хөтөлбөр дурдвал?
-“Монгол Арт”галерейгаас мэргэжлийн урлаг судлаач “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнд оролцож буй нийт урлаачдад зориулсан уулзалт, сургалт өгнө. Мөн ээж охидын хоорондын нарийн уян холбоог нэгтгэх урлагийн сэтгэл заслын техник ажиллах сургалт, амьд цэцгийн худалдаа болоод цэцэг арчилгааны талаар мэдээлэл сургалт явуулж, ирж үзэж буй хүмүүсийнхээ оролцоог нэмэх үүднээс үнэлгээний системээр өдөр бүр өндөр үнэлгээтэй бүтээл шалгаруулна.
–Бүсгүй хүн яг л цэцэг шиг, хайрлаад услаад байвал ургаад л байна гэсэн үг бий. Энэ утгыг бэлгэдэж үзэсгэлэнгээ нэрлэсэн үү?
-Тийм ээ. Хайрласан цэцэг хаана ч ургана. Энэ цэцгийг харин эмэгтэй хүн өөрөө л хайрлах ёстой. Хэн нэгнээр хайрлуулах ёстой гэж бодолгүйгээр өөрийнхөө үнэ цэнэтэй байдлыг өөрөө бий болгох ёстой гэсэн үг.
-Ярилцлагын төгсгөлд гар урлалд суралцсанаар хүн юу олж авдаг болох, мөн гар урлал сонирхогчдод хандан юу зөвлөмөөр байна вэ?
-Гар урлалын хамгийн гол зүйл нь ямагт шинээр суралцаж байдаг. Өөрөөр хэлбэл нэг удаа сураад болчихлоо гэж боддоггүй. Нэг бээлий нэхэж дуусаад, арай өөр загвартай бээлий нэхэх болоход л чи дахин суралцах хэрэг гарна. Үүнийгээ дагаад байнга шинийг, өөрийг эрэлхийлдэг болдог. Гар урлал хийж байгаа нөхцөлд хүн өөрөө хөгжинө. Таны бүтээлээр дамжаад хэдэн үеэрээ хөгжих, бахархах боломжтой. Жишээлбэл, бидний мэдэх хөөрөгний даалин байна. Үнэхээр төгс даалин бол хэдэн үеэрээ дамжаад хэрэглэх баялаг, бахархал, өв соёл болно. Цаг хугацаа өнгөрөх тусам он цагтай шингээд маш үнэтэй болдог. Тиймээс гар урлал гэдэг нь амаар хэлж боломгүй, гараар барих боломжгүй, хүнд үзэгдэхгүй тийм их хайр шингэсэн байдаг гэхэд буруудахгүй болов уу.
Ер нь гар урлалын ямар ч төрлөөр бүтээл хийсэн таны бүтээлд хайр шингэх ёстой. Энэ бол бусдад хайр түгээх бүтээлч гоё бэлэг юм шүү.
Үзэсгэлэнд оролцож буй оролцогчдын төлөөллийн яриаг хүргэе.
Намайг М.Батмөнх гэдэг. Би хувцасны загвар зохион бүтээгч, дизайнер мэргэжилтэй. Урлаг судлалын спортын магистр зэрэгтэй. 2005 оноос эхлэн гар урлалын олон төрлийг сонирхон судалж, бүтээлээ урлаж эхэлсэн. Улмаар 2015 оноос эхлэн өөрийн урландаа гар урлалын болон даалин урлалын сургалт зохион байгуулж, бүтээлээ урлаж байна. Сүүлийн үед хоёрдогч түүхий эд буюу гялгар уут ашиглан чимэглэлийн цэцэг хийж байна. “Бүсгүй цэцэг” үзэсгэлэнд тэрхүү бүтээлээрээ болон шүр, сувсан зүүлт чимэглэлээр оролцоно.
М.БАТМӨНХИЙН БҮТЭЭЛҮҮД
Намайг Ч.Нарантуяа гэдэг. Геологич мэргэжилтэй. Тиймдээ ч байгалийн зураг тэр дундаа цэцэг болон түүний эргэн тойрны бичил хэсгийг дагнан гэрэл зурагт буулгадаг. Би 2016 онд хөлөө хугалаад, гэртээ хоёр сар суух хугацаандаа youtube хуудаснаас макраме буюу уран зангилаагаар урлал хэрхэн хийхийг сурсан. Би бүтэлээ хийхдээ байгалийн чулууг чимэглэл болгон ашигладаг. Үүгээрээ миний бүтээл ихээхэн онцлогтой. Хүмүүс надаас уран зангилаа хийхдээ сүлжсэн үү гэж их асуудаг. Уран зангилаа гэдэг нь хөвөн, мяндсан, торгон, ноосон зэрэг төрөл бүрийн утаснаас сонгон бэлэг дурсгалын зүйлс, гоёл чимэглэл, тэр ч бүү хэл урлагийн бүтээл хийх зэргээр янз бүрийн хэлбэр гарган зангидах урлаг юм.
ТҮҮНИЙ БҮТЭЭЛҮҮД
Э.БУРАМ
Холбоотой мэдээ