"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"

Хуучирсан мэдээ: 2020.08.12-нд нийтлэгдсэн

"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"

"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"

Гудамжны спортоос олимпийн тавцан хүртэл хүлээн зөвшөөрөгдөж, асар хурдтай хөгжиж буй орчин цагийн урбан спортын төрөл бол яахын аргагүй 3х3 сагсан бөмбөг билээ. Монгол Улсад энэ спортын төрлийг тасралтгүй хөгжүүлж, хөдөлмөрлөсөн үр дүнгийнхээ өчүүхэн хэсгийг хүртэж буй С.Тулга дасгалжуулагчтай ярилцлаа. Түүнийг та бүхэн 3х3 С.Тулга нэрээр нь эчнээ мэдэх биз ээ.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Олимп, дэлхийн тэмцээнүүдийн бэлтгэлд гараад завгүй байна уу?

-Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Ер нь зав гэдэг бидний үгийн санд байхаа болиод удаж байна. Маш их ажилтай байна даа. Бэлтгэл, цугларалтад гарсан үед өглөө 08:00 цагаас орой 22:00 хооронд дасгалжуулагчдын баг, тамирчид маань хөдөлмөрлөж, ажиллаж байна.

-3х3 сагсан бөмбөгийн шигшээ багуудын бэлтгэл хэр хангагдаж байна вэ? Хэчнээн баг, тамирчид бэлтгэл сургуулилтаа базааж байна вэ?

-Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маань анх дөрвөн тамирчин, ганц дасгалжуулагчтай тавуулаа байлаа. Одоо өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тус бүр эрэгтэй, эмэгтэй шигшээ зургаан баг, Архангай, Улаанбаатар гээд мэргэжлийн хоёр багтай. Баг бүр дээр таван хүнтэй гэж бодохоор нийт мэргэжлийн 40 тамирчинтай болж хүрээгээ тэлжээ. Бэлтгэлийн хувьд заалны бэлтгэлүүд маань дуусчихсан, дайралтууд буюу хяналтын тоглолтуудаа хийж байна. Тамирчдын маань бэлтгэл хийдэг Орчлон сургуулийн заал засварт орсон. Өвөл бид өдөр бүр таван цагийн бэлтгэл хийнэ. Заалны бэлтгэл гурван цаг, хүчний бэлтгэл хоёр цаг хийдэг. Монголоо дэлхийд сурталчлахын тулд манай тамирчид нэг бүрчлэн өдөр, шөнөгүй ажиллаж байна. Тамирчид маань ердийн хүнээс тав дахин илүү хөдөлмөрлөж байна.

-Зайсанд 3х3 сагсан бөмбөгийн стандартад нийцсэн, зориулалтын шинэ талбай бий болсон байна?

-Бид өөрсдийн бэлтгэл сургуулилтад зориулж энэ талбайг шинээр бариулсан. Яг дэлхийн стандартын дагуу "Энержи Ресурс", Кока-Кола компани, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтраад энэ талбайг барьж байгуулсан.

-Монгол Улс 3х3 сагсан бөмбөгөөр дэлхийд тэргүүлж байна. Та энэ спортын төрлийг Монголд нутагшуулах гэж хэдэн жил зарцуулав?

-15, 16 жилийн хөдөлмөр шингэсэн. Хүмүүс гэнэтхэн гараад ирсэн юм шиг л хүлээж авч байна. Маш олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа, хичээл зүтгэлийн хүчинд монголчуудад танигдаж байна. Спрайт 3х3 гээд өдгөө 15 жил болж байгаад уйгагүй зүтгэсэн тамирчдын минь хүч хөдөлмөр ихээхэн шингэсэн.

-Шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны төлөвлөгөөт олон тэмцээн цуцлагдлаа. Ирэх саруудад ямар тэмцээнүүд Монголын баг тамирчдыг хүлээж байна вэ?

-Ирэх наймдугаар сарын 26-наас Унгар улсад өсвөрийн 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ зохион байгуулагдах гэж байна. Манай баг тамирчид Унгар улсыг зорих виз болон бусад коронавирустэй холбоотой шаардлагатай зүйлүүд дээр ажиллаж байна. Мөн мэргэжлийн багуудын олон улсын тэмцээнүүд маань аль хэдийн эхэлчихсэн. 3х3 сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн гэгддэг "Их дуулга"-ын цуврал тэмцээнүүд зохион байгуулагдаж байна. Монгол Улсад л коронавирус гээд хааж боож байгаа болохоос гадны улсуудад тэмцээн уралдаанууд үргэлжлээд явж байна.

Тун удахгүй Монголын сагсан бөмбөг сонирхогчид болон монголчууддаа маш сайхан, баяртай мэдээг цаг нь болохоор дуулгана.

-Токио-2020 зуны олимпийн наадам хойшилсон нь манай багуудад ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлэв? Бүхэл бүтэн нэг жил багагүй хугацаа шүү дээ.

-Олимп хойшилсон нь манай эмэгтэй багт их ашигтай туссан. Манай эмэгтэй шигшээ баг дээр ажиллагаа их хэрэгтэй байсан тул нэг жилийн хугацаа бидэнд ашигтай байлгүй яах вэ. Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо дахин сэргээж тунхагласан шүү дээ. 2021 он гэхээр 100 жилийн дараа багийн спортоор хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадамд оролцох болно. 100 жилийн дараа олимпод очихдоо маш том ногт ганзагалаж очно.

Түүхэн 100 жилийн ойгоороо монголчууддаа баяртай мэдээ дуулгана.

Эрэгтэй багийн хувьд олимпийн эрх олгох тэмцээн нь хойшилсон. Хүмүүс эрэгтэй багийг олимпийн эрх авсангүй гээд яриад байна. Манайх чинь угтаа эрэгтэй, эмэгтэй хоёулаа олимпийн эрхээ авсан шүү дээ. Эрэгтэй баг маань АНУ-ыг ялж, дэлхийд эхний дөрөвт шалгаран, олимпийн эрхээ авсан бол эмэгтэй баг дэлхийд гуравт шалгаран, олимпийн эрхээ авсан. Гэвч Япон улс зохион байгуулагч орон гэж давуу эрх эдлээд, өөрсдийн эрэгтэй шигшээ багаа олимпийн наадамд оруулахаар болсон. Манай эрэгтэй 3х3 шигшээ баг дэлхийн “Их дуулга”-д түрүүлсэн анхны Ази баг болсон шүү дээ. Түүнээс гадна “Их дуулга”-ын шилдэг дөрөв, Азийн аваргын финалд гурав шалгаран нэг түрүүлсэн гээд тивийнхээ “онигор хүмүүс”-ийн нэр төрийг хамгаалж байна гэж хэлж болно. Холбоо ч гэсэн тун сайн ажиллаж байгаа. 2019 онд FIBA буюу Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны таван жилд нэг удаа хуралддаг тайлангийн хурал дээр Монгол Улс 206 орноос дэлхийд 3х3 сагсан бөмбөгийн хөгжлөөрөө нэгдүгээр байранд орсон.

News.mn сайтаараа дамжуулан Монголын эрэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпийн эрх авсан юм шүү гэдгийг хэлмээр байна.

Эрэгтэй шигшээ баг санасан зорьсондоо 100 хувь хүрсэн. Олимпийн эрхээ зохион байгуулагч оронд давуу эрхээр алдсан ч бидэнд олимпийн эрхийн хоёр тэмцээн байна. Тэрхүү хоёр тэмцээндээ амжилттай оролцохын тулд эрчүүд маань тултал бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Олимпийн эрх аваад буй эмэгтэй шигшээ багийн Токиог зорих бүрэлдэхүүн тодорхой болсон уу?

-Олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүн маань тодорхой болоогүй байна. Одоогоор найман хүний бүрэлдэхүүнтэй, бэлтгэл сургуулилтаа хийсээр байна. Залуучуудын ДАШТ-д Г.Минжиний хожлын шидэлтийн ачаар тавдугаар байранд орсон. Мөн эмэгтэй насанд хүрэгчдийн шигшээ баг маань клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Азийн аварга шалгаруулах тэмцээний Топ-4 багийн нэгээр тодорлоо. Ингээд залуучууд болон насанд хүрэгчдийн найман тамирчин нэгдээд олимпийн бэлтгэлээ базааж байна. Олимп эхлэхээс нэг сарын өмнө бүрэлдэхүүнээ зарлах болно.

-Монголд 3х3 сагсан бөмбөг хурдацтай хөгжиж, Ази, Европын багуудтай хүчтэй өрсөлдөөн үзүүлж байна. Амжилтын гол түлхүүр юунд байна вэ? 

-Хүмүүс Монгол хүнд энэ спорт зохиж байна гэж ярихыг сонссон. Тийм биш ээ. Өмнө нь 3х3 төрлөөр олон шилдэг дасгалжуулагч, тамирчин төрөн гарсан. Харин бид бол 3х3 сагсан бөмбөгийн цоо шинэ систем гаргаж ирээд байна. Орчин үеийн сагсан бөмбөгийг программ, системийн дагуу тоглодог болсон. Анх Nokia гээд ухаалаг бус гар утас байлаа. Харин саяхан iPhone XI гээд ухаалаг гар утас гараад ирлээ. Монголчууд бол 3х3 сагсан бөмбөгийг iPhone XI гар утас шиг дэвшилтэт системтэй тоглодог гэж хэлж болно. Чингис хааны байлдааны тактик, монгол хүний давуу талуудыг нэгтгэн, монгол хүнд тохирсон систем бий болгосон. Энэ систем маш амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг тод жишээ бол Монголын 3х3 сагсан бөмбөгийн нас насны багууд бүгд жигд амжилт үзүүлж байгаа явдал. Аз, ёндоо байсан бол нэг насны нэг л баг амжилттай явах байлаа. Өсвөр үеийн 18 нас хүртэлх шигшээ баг маань өнгөрсөн жил нутагтаа зохион байгуулагдсан ДАШТ-д хэр сайн тоглосныг бүгд харсан. Азиас ганц баг “Их дуулга”-д түрүүлсэн. Залуучуудын ДАШТ-д тавдугаар байранд орлоо. Эрэгтэй залуучуудын шигшээ баг Доха хотод зохион байгуулагдсан элсний анхдугаар наадмаас хүрэл медаль хүртсэн гээд дурдаад байвал дуусашгүй олон амжилт гаргалаа.

-Та яриад байгаа энэ системээ бий болгоход хэдэн жил зарцуулсан бэ?

-Сүүлийн 4-5 жил тасралтгүй энэ системийг улам боловсронгуй болгох гэж ажиллалаа. Өдөр ирэх тусам шинэчилж сайжруулж байна. Дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн номер нэг системтэй, ухаалаг, тактикаар тоглодог гурван багийн нэг нь Монгол. Хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд байсан Латви, мөн Монгол гэсэн улсуудыг сайн системтэй гэж байгаа юм. Гэхдээ хэн хэн нь эн тэнцүү байна. 13-р зуунд дэлхийн талыг эзэлж байсан тэр агуу системийг одоо дахин 3х3 төрөл дээр гаргаж ирж байна.

-Монголын 3х3 сагсан бөмбөгийн нэг баг довтолгоо болон хамгаалалтын хэдэн янзын хувилбар, тактиктай вэ?

-Зөвхөн бөмбөг гаргахдаа л 100 гаруй хувилбартай. Тоглолт дунд ч гэсэн довтолгооны 100 гаруй хувилбар бий. Энэ бүгдээ нэг бүрчлэн кодолж, тамирчдадаа суулгасны эцэст амжилт гаргана гэж үзэж байна.

-Танай сагсан бөмбөгийн холбоо цаашид юун дээрээ илүү анхаарч ажиллах вэ?

-Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон хүүхдүүд одоо 18 настай гэж бодохоор тэд хамгийн багадаа 33 нас хүртлээ тоглоно. Тэгэхээр 10-15 жилийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн нэг үеийг одоо бид бэлтгэж байна. Холбооны зүгээс 330 сум, 21 аймаг, 152 хороонд 3х3 сагсан бөмбөгийг үе шаттайгаар хөгжүүлэх, цаашлаад үндэсний хэмжээний спорт болгох том зорилт тавиад байна. Олон хүнийг нэгэн зэрэг хамруулахдаа бус, зөв менежментийг үе шаттайгаар явуулж байгаа нь манай холбооны онцлог.

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо гээд маш том гэр бүл шүү дээ.

Миний хувьд ч гэсэн өөрийн мэддэг чаддаг бүхнээ бусдад заах гэж 5-6 залуу дасгалжуулагч бэлдэж байна. Манай холбооны ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав болон холбооны дэд ерөнхийлөгч, "Энержи Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, шигшээ баг хариуцсан Г.Батцэнгэл ах нар маань санхүүжилт, дэмжлэгийг маш сайн үзүүлж байгаа. Эцсийн дүндээ энэ бол сэтгэл нийлсэн ивээн тэтгэгчдийн хүчин чармайлт. Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн төрөл орж ирээд 15, 16 жил болохдоо төрөөс нэг ч төгрөг авалгүй босоод ирлээ. Төрийн оролцоогүй сэтгэл нийлсэн олон хүн байвал болдгийн жишээ бол 3х3 сагсан бөмбөг.

-Эрэгтэй шигшээ багийн хувьд олимпийн эрх олгох тэмцээндээ бэлтгэн, Серби рүү хамтарсан бэлтгэлд явсан. Энэ бэлтгэл хэр өгөөжтэй байж чадав?

-Олимп тэр үед хойшлогдоогүй байсан юм. Сербид дэлхийн шилдэг зургаан улс орон, баг цуглан хамтарсан бэлтгэл хийх болоход Азиас ганцхан Монгол л байлаа. Сербийн үндэсний шигшээ баг болон мэргэжлийн багууд, Канад, Орос, Монгол гэх зэрэг улсуудын хамтарсан бэлтгэл маш үр дүнтэй байсан. Энэ бэлтгэлд хамрагдах санхүү болон бусад зүйлсийг Г.Батцэнгэл захирал маань зохицуулж өгсөн. Энэ бол Монголын 3х3 сагсан бөмбөгт үнэлж баршгүй том хөрөнгө оруулалт.

ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ӨРСӨЛДӨЖ БАЙЖ Л ШИЛДЭГ НЬ БОЛНО

-Олон улсын томоохон тэмцээнүүдэд цар тахлын улмаас оролцож чадалгүй олон сар боллоо. Тамирчдад энэ нөлөөлөх болов уу?

-Бүх л улсад адилхан тусах байх. Гэхдээ одоо Европ тивд тэмцээн уралдаанууд нээгдээд үргэлжилж байна. Монголд ч гэсэн тэгээсэй. Сая гэхэд л сонгуулиар ямар их хүн бужигнав. Төр засаг ч гэсэн Монголын спортын салбараа харж үзээсэй гэж хүсч байна.

-Эрэгтэй 3х3 шигшээ баг ирэх 2021 оны тавдугаар сарын 26-нд Австри улсад эхлэх олимпийн эрх олгох тэмцээний А хэсэгт багтсан. Ер нь аль багуудыг хэсгийнхээ хүчтэй өрсөлдөгч гэж бодож байна вэ?

-Баг бүр л ногт ганзагалж очиж байгаа. Дэлхийн аварга болсон АНУ-ын шигшээ багаас Латви, Канадын хүчирхэг багууд хүртэл очно. Монгол Улс багийн спортоор ер нь л сүүлээсээ байр эзэлдэг шүү дээ. Тэгтэл Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг олимпийн эрх олгох тэмцээний А хэсгийг толгойлох тэргүүн багаар тодорсон. 206 орноос нэгдүгээр байранд бичигдэж, хэсэг толгойлж тэмцээнийг эхлүүлнэ.

-Уншигч та бүхэн ч гэсэн бидний ямар амжилттай явааг ойлгосон байх. Энэ амжилтаа бататгаж, ахиулахын төлөө улам хичээх болно. Мөн биднийг үргэлж дэмждэг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлага, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын удирдлагатай Монголын сагсан бөмбөгийн холбоо, Г.Мягмаржав ерөнхийлөгчтэй Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, Г.Батцэнгэл захиралтай MNC Energy клуб та бүхэндээ Монголын сагсан бөмбөгийн тамирчид, сонирхогчдынхоо зүгээс маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж