Хойноос түгшүүр айсуй

Хуучирсан мэдээ: 2016.01.22-нд нийтлэгдсэн

Хойноос түгшүүр айсуй

Аюул мундахгүй нь. Терроризм, халдварт өвчин гээд л…

Гэхдээ бид ихээхэн мартамхай амьтад юмсанж. Тэр мартамхай чанар нь хүнд хамгийн их гай тарьж байна. Саяхан даа, С.Ламбааг сайд байхад гахайн томуу гэсэн шинэ аймшгийн өвчин гарлаа гээд бид ихээхэн шуугиж билээ. Амны хаалт олж ирэх гээд Ламбаагийн орлогч Эрээнд очиж, Эрүүл мэндийн сайд нь адууны мах, аарц энэ, тэр сайн гээд л зарлаж байсан. Түүний дараа нь адууны мах, аарцны сайд солигдож, хэд хэдэн нөхөр бидний эрүүл мэндийг хамгаалахаар сайд болоод үзчихжээ. Тэдний хэн нэг нь гахайн томуу, шувууны томууны вирус нь хувирч магадгүй шүү гэж хэлж байсныг санахгүй л байна.

Титэм вирус, Эбола вирус аюултай гээд л өнгөрсөн жилийн турш шагширч ирсэн. Гэтэл хариуцлагатнуудын ширээ сандал нь ганхаад чимээгүй л өнгөрсөн. Ер нь манайх ч биш л дээ. Сьерра-Леоне Эболагаасаа саллаа гээд дуулж, бүжиглэж байтал дахиад л нөгөө гайхал нь хүний амийг аваад гараад ирсэн. Одоо манай хойд хөршийн тал хувь нь гахайн томуунд нэрвэгдээд байна. Хойд хөрш гэхээр ойрхон байгаа биз. Бас дээр нь бид чинь визгүй болоод чөлөөтэй тийшээ нэвтэрч байгаа. Цагаан сарын их хөл хөдөлгөөн эхлэх гэж байдаг. Амны хаалтаа зүүгээд бөхөө үзэж, гадуур яв гээд хэлчих хүн байна уу?

Өнгөрсөн оны сүүлчээс энэ сард Орост томуугаар өвчлөгчдийн тоо эрс нэмэгджээ. Энэ сарын дундуур гэхэд халдварт өвчний байдал нь гол төлөв А(H1N1) pdm09 буюу "гахайн томууны" вирусээс үүдэлтэй ажээ.

Fotolia/ Subbotina Anna

Москва, Санкт-Петербург, Крым, Севастополь зэрэг орсон Оросын 49 бүсэд хэдэн арван “гахайн томуу” бүртгэгдэж, энэ өвчнөөр өвчлөгсдөөс үхсэн тохиолдол хүртэл бий аж.

Москва хотын томуугаар өвчлөгдөгсдийн 21 хувь нь гахайн томуу ажээ. Пүрэв гаригт буюу нэгдүгээр сарын 20-ны байдлаар Оросын долоон бүсэд гахайн томуу шинээр бүртгэгджээ. 49 бүсээс Костром мужид ганцхан хүн гахайн томуугаар өвчилсөн ч өөд болсон гэнэ. Нэгдүгээр сарын 18-нд мэдээлснээр, гахайн томуугаар өвчлөгсдөөс 27 хүн нас баржээ.

“Роспотребнадзор” гэх хяналтын албанаас Орос, хөрш Украинд гараад байгаа гахайн томуунаас хэрхэн сэргийлэх сануулга гаргав.

A(H1N1) томууны вирус (гахайн) хүнээс хүнд амархан халддаг, янз бүрийн хүндрэлтэй амьсгалын замын өвчин юм. Өвчлөлтийн шинэ тэмдэг нь ердийн улирлын томуутай адилхан. Өвчний хүндрэл нь биеийн ерөнхий байдал, нас гэх зэргийн янз бүрийн хүчин зүйлээс хамаардаг. Өндөр настнууд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, багтраа, зүрх судасныхаас гадна ужиг өвтэй, дархлал султай хүмүүс өвчинд нэрвэгдэх нь амархан.

Оросын хяналтын байгууллагын сануулгад олон хүнтэй газар заавал амны хаалт зүүх, гараа байнга угааж, амьдарч буй орчиндоо ариутгал хийж байхыг зөвлөсөн байв.

Гүржид гахайн томуугаар гурван хүн амиа алдсан бөгөөд хоёрдугаар сард өвчлөлт ихэснэ гэх мэдээ байна. Харин Армянд гахайн томуугаар нас барсан хүний тоо 18 болжээ. Эдгээр улсуудад сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоогоод байгаа гэнэ.

Украинд намраас хойш ханиад томуугаар 60 хүн нас барсан тухай мэдээлэхдээ томуугийн вирусийн янз бүрийн өсвөр үхлийн шалтгаан байсан гэлээ. Гэхдээ гахайн томуугаар гэж онцолсонгүй. Украинд эм тарианы хомсдол, мөн үнэ нэмэгдсэн зэрэгт эмзэг давхаргынхан ихээхэн нэрвэгдэж, дайн самуунтай газруудад вирусийн цар тахал их байгаа аж. Киев хотод эрх баригчид нь олон нийтийн газар заавал амны хаалттай явах шийдвэрийг гаргасан байна. Украины эрх баригчид томуугийн вакцинжуулалтыг явуулаагүй учир энэ өвчний аюулын эрсдэл их байгаа аж.

Ерөнхийдөө хойд зүгт “тэнгэр бүрхэг”, тэндээс вирус ороод ирэх аюул бидэнд байгааг бүү мартаарай.

Лавалгаа: Гахайн томуу

Гахайн томуу (ГТ) нь А томуугийн вирусээр өдөөгддөг гахайн амьсгалын замын өвчин бөгөөд үе үе өвчний дэгдэлт гардаг. Гахайн томууны вирус нь гахайн дунд аюул багатай ч дэгдэлт ихтэй. Гахайн дунд жилийн турш байсан вирусийн дэгдэлт намар орой, өвлөөр ихэсдэг. Гахайн томуугийн сонгодог вирусийг (А томуугийн вирус H1N1) анх гахайнаас 1930 онд илрүүлжээ.

Гахайн томуугийн ихэнх вирус хүнийг өвчлүүлдэггүй. Гэхдээ зарим нэг оронд хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Гахайнаас авсан халдвар хөнгөн өнгөрч бусад хүмүүст дамжаагүй өнгөрч иржээ.

2009-2010 онуудын дэгдэлтийг өдөөсөн H1N1 вирус нь гахайнаас гаралтай, хүнд амархан халддаг ГТ-ны тод жишээ юм.

Гахайн нь эзэн, нохой, шувуу зэргийн янз бүрийн организмаас халдвар авах магадлалтай учраас энэ амьтан нь янз бүрийн вирусийн томууны генийн хольц, ”шинэ” вирусыг гаргах “үйлдвэр” нь болдог байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “гахайн томуу” гэх томьёоллыг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. Энэ өвчин нь H1N1 дэд төрлийн А томуу юм.

Анх шууд гахайн томуу гэж нэрлэгдсэн вирусийн өсвөрийн цар тахал 2009 оны дөрөвдүгээр сард эхэлсэн юм. Өвчний анхны гаралт гуравдугаар сарын 18-нд Мехико хотод бүртгэгдсэн юм. Мексик. АНУ, Канадад үхлээр төгссөн анхны тохиолдлууд нь бүртгэгдэж байлаа. Тухайн жилийн дөрөвдүгээр сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гахайн томууны олон нийтийн пандемийг зарлав. Харин 2009 оны зургадугаар сарын 11-нд ДЭМБ дөч гаруй жилийн дараа өвчний тархалтын зургаа дахь дээд хэмжээ бөгөөд пандеми зарлав. Пандеми нь “ард түмэн” гэдэг эртний грек үгнээс гарчээ.

Тэр үед дэлхийн 74 орон газар нутаг гахайн томууны халдварыг лабораториор илрүүлснээ зарласан юм. Пандемийн үеэр H1N1 нь бусад вирусуудыг шахан тэргүүлэх болжээ. Улирлын ханиадыг бодвол тэр вирус дэлхийн хойд хэсэгт зун цагаар өвчлөлт өндөртэй байснаа өвөл нь улам нэмэгдсэн байна.

Тэр үед дэлхийд 18,5 мянган хүн H1N1 томуугаар амиа алдаж, 200 оронд халдвар илэрсэн хэмээн ДЭМБ мэдээлж байсан юм. 2010 оны наймдугаар сарын 10-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чен шинэ вирус А/H1N1 нь өөрийн хөгжлийн цувралаа дуусгаж, дэлхий пандемийн дараах үед орлоо гэж мэдэгджээ. Мөн тэрээр энэ вирус нь улирлын томууны вирусийн нэг хэлбэр болон ойрын ирээдүйд үе үе гарна гэдгийг сануулж байлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вирусийн эсрэг олон валентын вакцинжуулалтыг зөвлөж байна. Олон валентын вакцинд нь H1N1 вирусийн пандемийн өсвөрөөс гадна улирлын H3 ба B өсвөр орж байна. Тэр нь нэг вирусийн эсрэг олон вирусийн өсвөрийн вакцинуудыг хийлгэх хэрэгтэй гэсэн үг юм.

Томууны талаар юу ойлгох ёстой вэ?

Томууны вирус хүний нийгэмд байнга байх бөгөөд жилийн ямар ч улиралд хүнээс хүнд дамжин халдварлана. Томуу буюу грипп гэх халдварт өвчин сүүлийн үед багагүй гай чирч байна. Томуу гэгч юу болох түүний ямар төрлүүд байдаг талаар эмч, мэргэжилтнүүд ингэж тайлбарлаж байгаа.

Томуу нь томуугийн вирусээр халдварлуулсан амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Энэ тодорхойлолтоос болоод нэлээдгүй тааралдаж байдаг “ужиг томуу” гэсэн домгийг шууд үгүйсгэж байна. Тийм ойлголт байх ёсгүй. Томуу гэх энэ хурц халдварт өвчин өнгөрсөн хугацаанд ужиг болсон тохиолдол байхгүй. Вирус нь ахуйн орчинд байнга орших учраас жилийн ямар ч цагаар хүнээс хүнд дамждаг бөгөөд нэгэн хадгаламжийн сав байгаад тэндээс дараа нь тархан дэгддэг.

Хүний биед вирус удаан хугацаанд амьдарч байдаг гэдэг нь худлаа. Томууг өдөөгч нь вирус юм. Тэр нь уураг ба нуклеидын хүчлээс (ДНК ба РНК) бүрэлдэх бичил хэсэг. Энэ ердийн ойлголтын вирус гэдэг нь организм ч биш, нян ч биш. Дээр үеэс түүнийг амьд организм уу, үхмэл үү гэдгийг мэдэхгүй байснаас дээрх яриа гарсан гэж үзэж иржээ.Томууны вирус нь ортомиксовирусийн (лат. Ortomyxoviridae) бүлд багтах бөгөөд А, В, С гэсэн гурван төрлийг агуулсан байдаг. Цаашдын хуваагдал нь гемагглютинин ба нейраминидаза гэх гадаргын уургийн дэд төрлөөр явагддаг.

Томууны вирусийн зүсэлтийн зурагт гадаргын уураг (гемагглютинин ба нейраминидаза) сайтар схемчлэгдсэн харагдаж байна.

Ер нь бол томуугийн шинж тэмдэгтэй 200 гаруй өвчин байгаа бөгөөд бүгдэд нь томуу гэсэн нэр өгч болохоор.

Хойд зүгт дэгдэж байгаа гахайн томуу дуулиан тариад байна. Мөн эмч нар маань томуу гэсэн ерөнхий нэрээр биш яг ямар вирус гэдгийг эхлэн тогтоогоод, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч сурвал бидний эрүүл мэндэд сайн биш үү? Ерөнхийдөө ханиад хүндэрвэл хатгаа болдог гэдгийг манай эмч нар сайн мэддэг бололтой юм шиг байгаа юм. Тэр нь бидний эрүүл мэндийг хүүхдүүдийн маань амийг хамгаалахад хангалтай гэж үү?

Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж