Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг уламжлалтай. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн, үзүүр түрүүнд үлдсэн 16 бөхийн допингийн шинжилгээний хариуг ирэх есдүгээр сарын эхээр зарлагдах нь.
Өндөр хараа хяналт, хамгаалалтын дор явагддаг бөхчүүдээс авсан шинжилгээний сорьцыг БНСУ-ын олон улсын магадлан итгэмжлэгдсэн лаборатори руу илгээн тэндээ шинжилж хариуг нь наймдугаар сардаа багтаан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд илгээдэг аж. Гэвч энэ жилийн хувьд БНСУ-д цар тахлын халдвар дотоодод нь ихээр тархсан тул шинжилгээний лабораторийн ачаалал нь ихэсч үндэсний их баяр наадамд шөвгөрсөн болон үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг ирэх есдүгээр сарын эхээр илгээхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, БНСУ-ын олон улсын итгэмжлэгдсэн лаборатори дотоодынхоо covid-19 өвчний шинжилгээнд дарагдсан тул Монголын бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг нэг сарын хугацаагаар хожимдож ирүүлэх болсон байна.
Энэ жилийн үндэсний их баяр наадамд шөвгөрч, үзүүр түрүүнд үлдэж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүд:
- Улсын аварга Н.Батсуурь
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Улсын арслан Р.Пүрэвдагва
- Улсын заан Б.Пүрэвсайхан
- Улсын заан М.Бадарч
- Улсын харцага Ц.Одбаяр
- Улсын харцага Б.Зоригтбаатар
- Улсын харцага Б.Бат-Орших
- Улсын начин Б.Орхонбаяр
- Улсын начин Д.Хүдэрбулга
- Улсын начин Н.Мустафа
- Улсын начин Ш.Пүрэвгарьд
- Улсын начин Ц.Мөнхбаяр
- Улсын начин О.Мөнх-Эрдэнэ
- Улсын начин Т.Дүгэрдорж
- Улсын начин Х.Цогтгэрэл
Үндэсний их баяр наадмын өнгөрсөн жилийн барилдаанд шөвгөрсөн болон түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад Улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн бодис, улсын начин Б.Цэрэнтогтохоос нэг төрлийн бодис илэрсэн. Улсын начин Б.Цэрэнтогтох шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол Улсын аварга Э.Оюунболд хүлээн зөвшөөрөөгүй.
Хуульд заасны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороо допинг илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хасах, давааг нь хүчингүй болгох, мөн цолыг нь хураах санал гаргаж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг болтол Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах зарлиг гаргаагүй байгаа юм.
Мөн Э.Оюунболд шүүхэд Допингийн эсрэг үндэсний төвийг өгч, зарга үүсгэсэн. Гэвч шүүхээс Э.Оюунболдын цолыг хураах шийдвэрийг хэвээр үлдээж, харин барилдах эрхийг нь нэг жилээр хасах шийдвэр гаргаснаар ирэх жилийн Үндэсний их баяр наадамд барилдах боломжтой болоод буй.