Видео: Индонезийн Синабунг галт уул оргилжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Видео: Индонезийн Синабунг галт уул оргилжээ

Видео: Индонезийн Синабунг галт уул оргилжээ

Индонезийн Хойд Суматра мужийн Каро дахь Синабунг галт уул бямба гаригт оргилсон билээ. Тэгвэл энэхүү галт уул өчигдөр /2020.08.10/дахин идэвхжиж, ердөө 30 секунд орчим үргэлжилсэн дэлбэрэлтийн улмаас үнс нурам таван км өндөрт цацагдаж, эргэн тойрны 20 км талбайг бүрхжээ.

Орон нутгийн засаг захиргаанаас галт уулын ойр орчимд амьдардаг иргэдийг Синабунг уулаас дор хаяж гурван километр холдохыг зөвлөж, амны хаалт зүүхийг анхааруулсан ба одоогоор галт уулын дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хохирсон гэх мэдээлэл гараагүй байна. Уг галт уул дэлбэрэх тоолонд тус улсын хувьд төдийгүй газар тариалан эрхлэн амьдардаг Суматра мужийн оршин суугчдад асар их хохирол учирдаг.

Үүнээс өмнө 2016 онд тус уул идэвхжиж галт уулын дэлбэрэлтийн улмаас гурван хүн амь үрэгдэж байжээ.  Сүүлийн 400 жилийн турш унтаа байсан Синабунг галт уул сүүлийн зургаан жилийн дотор ийнхүү дөрөв дэх удаагаа идэвхжин оргилоод байна. Өмнө нь 2010 оны наймдугаар сард дэлбэрч хоёр хүний амь үрэгдэж, 30 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байсан бол 2014 оны хоёрдугаар сард дахин идэвхжиж дэлбэрснээр 16 хүн амь үрэгдсэн юм.

Дэлхийн түүхэнд хамгийн их гарз хохирол дагуулсан галт уулын дэлбэрэлт мөн Индонез улсад болж байв. Тодруулбал, 1883 онд Кракатоа галт уул дэлбэрч, үнс нурам, чулуу, галт уулын хайлмаг дээш 20 гаруй км хүртэл оргилж, ойр хавийн бүс нутгуудыг харанхуй нөмөрч, 36 мянган хүн амиа алдаж байжээ. Кракатоа галт уулын дэлбэрэлт нь АНУ-ын арми Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгнөөс 10 мянга дахин илүү хүчтэй байсан гэдэг.

Эх сурвалж: SCMP, DW, ABC.NET

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж