УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал маргааш /2020.08.12/ 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
2020 оны долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Дамба-Очир ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж буй юм.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ