Posted by News.mn on Monday, August 10, 2020
Улсын Онцгой комисс/УОК/-ын Шуурхай штабаас өнөөдөр /2020.08.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДАРГА Л.МӨНХТҮШИГ:
Өнөөдөр өглөө Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 249 иргэн эх орондоо ирлээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын Прага дахь салбарын дэмжлэг, Чех улсын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр энэ удаагийн нислэгийг үйлдлээ.
Засгийн газар иргэдээ хилийн чанадаас тасралтгүй татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Эх орондоо татан авч дуусах хүртэл санхүүгийн боломжгүй болж байгаа иргэдэд туслах зорилгоор ОУШХБ-тай хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны илрэл нь өнөөдөр эх орондоо ирсэн 185 иргэний нислэгийн тийз болон 21 хоног тусгаарлагдах иргэдийн зардлыг гаргах болсон. Энэ бол хоёр талын хамтын ажиллагаа үр дүнтэй болсны илрэл.
Монгол Улс 2008 онд ОУШХБ-д гишүүнээр элссэн. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага Монгол Улсын олон иргэнд тусламж үзүүлж ирсэн. Одоо Истанбул дахь монгол иргэдэд тусламж дэмжлэг үзүлэхээр төлөвлөж байна.
Тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авах ажил үргэлжилнэ. Энэ хугацаанд БНСУ-руу олон удаагийн нислэг үйлдсэнээр 3000 орчим иргэнээ, АНУ-аас 900 орчим, Европоос 1200 орчим, Зүүн өмнөд Азиас 500 орчим гэхчлэн иргэнээ татан авсан. Нийт татан авсан иргэдийн тоо 17117 болсон.
Одоогоор дэлхийн 55 улсаас 12090 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавиад байна.
УОК-оос наймдугаар сарын 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах шийдвэр гаргасан. Тус боомтоор 286 иргэнийг нэвтрүүлсэн. Тэдний 81 нь Монгол Улсын иргэн, 205 нь ОХУ-ын иргэд. Тэд Монгол Улсад ажиллаж, амьдардаг ОХУ-ын иргэд юм. БНХАУ-аас буцах хүсэлтээ илэрхийлсэн 169 иргэн байна. Тэднийг ойрын хугацаанд авч ирэх ажлыг зохион байгуулна. Тэднийг наймдугаар сарын 18-нд татан авахаар төлөвлөж байна.
Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Холимог гэр бүлийн хувьд гэр бүлийн нэг гишүүн нь гадаадад гацсан гэдэг асуудлаар хандаж байна. Ийм гэр бүлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байна вэ?
-Гэр бүлийн гишүүн нь болох гадаад иргэн /нөхөр, эхнэр/ гадаадад гацсан бол Монгол Улсад амьдарч байгаа гэр бүлийнхэн нь гадаад улс руу явах хүсэлтэй байгаа. Гадаадад байгаа гадаад улсын иргэн Монгол Улсад байнга оршин суух үнэмлэх, зөвшөөрөлтэй бол Монгол Улсад нэвтрэх бүрэн боломжтой. Энэ асуудлыг анхаарч үзээд, холимог гэр бүлийн гишүүдийг боломжоороо хамруулж байгаа.
Монгол Улсад байгаа БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс байна. Өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргасан 118 иргэнээс 78 нь холимог гэр бүлийн шалтгаанаар БНХАУ-руу явах хүсэлтэй байна. Эдгээр иргэнийг Монгол Улсын хилээр гаргахгүй байх шийдвэр байхгүй. Хамгийн гол нь БНХАУ хилээ хаасан шийдвэр нь хүчинтэй байгаа учраас нэвтрүүлэх боломжгүй гэдэг хариултыг өгч байгаа. Тиймээс өргөдөл өгсөн иргэд тайван хандаж, дахин дахин өргөдөл гаргаж, уулзах хүсэлт өгөхгүй байхыг хүсье.
-Чехээс ирсэн оюутныг аль улсаас ирснийг тогтоосон уу. Одоо хаана тусгаарлагдаж байгаа вэ?
-Олон нийтийн сүлжээгээр Чехээс ирсэн оюутантай холбоотой ташаа мэдээлэл их тараасан. Тэр мэдээллээр хамгийн гол нь “ОХУ-ын албан ёсоор өгсөн тайлбартаа Ерөнхий сайдын гаргасан захирамжид гадаад улстай хилээ нээгээгүй байгаа. Зөвхөн Турк, Их британи, Танзани улсаас байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа” гэсэн. Чехээс ирсэн оюутны ар гэртэй холбогдсон. Бидний санаа зовсон гол зүйл юу гэхээр “ОХУ гадаад иргэдийг хилээрээ чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм байна” гэдэг ташаа мэдээллийг олон иргэн авч, ОХУ-ын хил зөрчиж, торгууль шийтгэл хүлээх вий гэдгийг анхааруулах үүднээс мэдээлэл хийсэн. Тиймээс энэ мэдээллийг зөв түгээж, нийтэлж өгөхийг хүсье.
ОУШХБ-ЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН Р.ОЮУНБИЛЭГ:
-Прага-Улаанбаатар чиглэлийн энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр манай байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 185 иргэн эх орондоо ирлээ. ОУШХБ нь эх орондоо өөрийн хүсэлтээр буцаж, суурьшихад нь тусалдаг тэтгэлэгт хөтөлбөртэй. Энэ хөтөлбөр нь манай байгууллагын дэлхийн бүх салбаруудад хэрэгждэг. Бид 2011 онд өөрийн салбарыг Монгол Улсад үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 2496 иргэнд энэ тэтгэлэгийг хүргэсэн. Манай байгууллагын санхүүжилтээр эх орондоо эргэж ирсэн нийт иргэдийн тоо 6200 гаруй байгаа.
Нэг иргэнийг авч ирэхэд дунджаар 7.3 сая төгрөгийн зардал гарсан бөгөөд үүнд онгоцны билетийн үнэ, тусгаарлах байрны хоол байрны зардал багтана. Дараагаар нь иргэд гэрийн тусгаарлалтаас гарсны дараа эх орондоо эргэн суурьшихад нь мөнгөн бус тусламжийг үзүүлдэг. Энэ удаагийн нислэгээр ирсэн 185 хүний нийт зардалд 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан. Бид энэ ажлыг зохион байгуулахдаа дөрөвдүгээр сараас хойш Гадаад харилцааны яам хүсэлт тавьсны дагуу хоёр улсын Засгийн газар харилцан жуучилж, ажил хэрэг болгосон юм. Энэ санхүүжилтийн 75 хувийг Европын холбооноос, 25 хувийн Чех улсын Засгийн газар гаргасан.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ