Л.Амар: Зээлийн хүүг буулгах сонирхол банкуудад ч бий

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Л.Амар: Зээлийн хүүг буулгах сонирхол банкуудад ч бий

Л.Амар: Зээлийн хүүг буулгах сонирхол банкуудад ч бий

Монголын банкны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал Л.Амартай ярилцлаа.


-Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрөгч Баасан гаригт ээлжит бус хурлаа хийж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн  хугацааг сунгасан шийдвэрээ он дуустал үргэлжлүүлэхээр болсон. Банкууд энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авч байна бэ. Банкууд энэ шийдвэр хэр нөлөөлөх бол?

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдож, иргэдийн цалин орлого тасалдаж байгаа нөхцөлд тал талаа харж үзэх шаардлагатай. Аливаа шийдвэр эерэг, сөрөг хоёр талтай. Банкуудын эрсдэлийн сангийн зардал нэмэгдэхгүй байх боломж олгогдож байна. Сөрөг тал нь зээлээ цаг хугацаанд төлж байсан иргэд зээлээ төлөхгүй байх сэдэл төрүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ  орлого нь тасарсан, зээлээ төлөхөд хүндрэл үүссэн 76 мянга орчим зээлдэгчдийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан байна лээ.

-Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад банк зээлдэгчийн орлого тасалдсан эсэхийг заавал тогтоох уу? 

-Хэрэв тухайн зээлдэгчийн орлого нь тасарсан тохиолдолд  зээлийн гэрээнд оролцсон хоёр тал хоёулаа зөвшөөрч байж гэрээнд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэнэ. Зээлдэгч хүсэлтээ банкnнд гаргахдаа  орлого тасарсан гэдгийг нотлох, банкны зүгээс тухайн зээлдэгч зээлээ төлөх чадваргүй цар тахлын нөлөөлөлд орсон эсэхийг  нягталсаны  дүнд гэрээнд өөрчлөлт оруулна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар “Зээлийн хүүг бууруулах  стратеги”  төслийг  батална. Уг  төсөлд банкуудаас  ямар санал, дүгнэлт тусгуулсан бэ?

– Эх үүсвэрийн зардлыг буулгах чиглэлд банкууд санал тавихад төвөгтэй. Харин үйл ажиллагааны зардлаа бууруулахад банкуудын зүгээс юу хийж чадах вэ, үүнд төрийн ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэдэг саналаа хүргүүлсэн. Мөн чанаргүй зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх, эрхзүйн орчныг нь сайжруулах арга замын талаар тодорхой саналууд банкуудаас гарсан. Одоогоор төсөл эцэслэгдээгүй байгаа учраас ийм ийм саналууд нь тусгагдсан гэж хэлэхэд арай эрт байна.

-Зээлийн хүү Монголын бүх иргэн, аж ахуйн нэгжид хамаатай зүйл. Зээлийн хүү өндөр байхад нөлөөлж буй хүчин зүйлс нь юу вэ?

Зээлийн хүүг тогтоох нь дан ганц банкуудаас хамаарах асуудал биш юм. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс зээлийн хүүг тогтоодог учраас тэдгээр талуудын оролцоотойгоор хүү буурна.  Зээлийн хүүнд хамгийн том нөлөө үзүүлж байгаа банкны эх үүсвэрийн өртөг гэхэд  гадаад валютын ханш, инфляцаас шууд хамааралтай. Үүнийг  банк тогтоох бус  Монгол Улсын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал харуулдаг. Жишээ нь Монгол Улсын зээлжих зэрэглэл бол  гадаадын хөрөнгө оруулагчдад өгч буй сигнал.  Өөрөөр хэлбэл, гадаадаас мөнгө татлаа гэхэд зээлийн хүү нь ийм түвшинд байна гэдгийг тодорхойлдог.  Зээлжих зэрэглэлд нөлөөлдөг инфляц, мөнгөний бодлого, экспортын орлого нь ямар түвшинд байгааг  харуулж улсад нь өгч буй үнэлгээ. Тэгвэл энэ түвшин манайд доогуур.  Зэрэглэлээ сайжруулахын тулд эдийн засаг, төсөв санхүүгийн зөв бодлого хэрэгжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх зэрэг өргөн цар хүрээний урт хугацаанд хийгдэх асуудал. Макро эдийн засгийн орчноо сайжруулснаар эх үүсвэрийн  зардал буюу гаднаас татаж буй мөнгөний хүү буурч, бидний дотооддоо олгож буй зээлийн хүү мөн дагаад буурах боломж бүрдэнэ.

Засгийн газар нь олон улсын зах зээлээс  13  хувийн хүүтэй ам.долларын бонд татаж байсан түүх бий. Дотоодын арилжааны  банк нь үүн дээр ханшийн хэлбэлзлээ нэмж тооцоод зээл олгодог. Зээлийн хүүгийн өртгийн 62 хувь дан ганц эх үүсвэрийн (хадгаламж ба гадаадын зээл) зардлаас бүрддэг.

 Хоёрдугаарт, банкны үйл ажиллагааны зардал болон эрсдэлийг  бууруулснаар зээлийн хүү буурах боломжтой. Банкууд дундаа дэд бүтэц байгуулах замаар давхардаж гарч буй үйл ажиллагааны зардлуудаа танах боломжтой. Жишээ нь, банкууд дундын зээлийн мэдээллийн сан байгуулбал зээл судлах зардал хамаагүй бага тусна. Үйлчилгээний газруудад нэг дор банк болгоны АТМ, ПОС машинууд олноор байрладаг. Эдгээр төхөөрөмжийг  нэгтгэх байдлаар банкны үйл ажиллагааны зардлыг багасгах боломжтой.

Гуравдугаарт, шүүхийн системийн эрхзүйн орчныг сайжруулах  шаардлагатай. Ингэвэл мөн зээлийн зардлыг бууруулж, хүүг доош татах боломжтой. Шүүхийн шатанд шилжмэгц зээлийн хүүг зогсоодог хуультай учир зээлдэгчид зориуд хүүгээ зогсоолгох байдлаар үүнийг ашиглах нь бий. Гэтэл хэрэг шүүх дээр зээлтэй холбоотой хэргүүд 4-5 жил шийдвэрлэгдэхгүй явсаар тэр хугацааны чанаргүй зээлийн эрсдэлийг бусад зээлдэгч нарт үүрүүлэхээс аргагүй болдог. Энэ нь зээлийн хүү өндөр тогтоход нөлөөлдөг гэсэн үг. Нэгдүгээр улирлын байдлаар зээлийн хүүгийн өртгийн 11 хувийг эрсдэлийн сангийн зардал эзэлж байна.

"ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ БУСАД ЗЭЭЛДЭГЧ НАРТ ҮҮРҮҮЛЭХЭЭС АРГАГҮЙ БОЛДОГ"

-Зээлээ төлөхгүй удаж болдог хуулийн орчинг засах хэрэгтэй гэлээ. Гадаадын улсад үүнийг хэрхэн зохицуулдаг юм бэ?

-Ром-Германы эх газрын эрхзүйн системтэй орнуудад зээлийн маргаан үүссэн тохиолдолд албадлагын хүү тогтоодог. Өөрөөр хэлбэл, хүү огт төлүүлэхгүй байх нь манайд харагдаж байгаачлан сөрөг үр дагавартай учир хэрэг шүүх дээр шийдэгдэх хүртэл тодорхой хувиар албадлагын хүү бодогддог гэсэн үг. Энэ нь манай орны нөхцөлд бодлогын хүүгийн хэмжээнд байж болно. Ингэснээр зээлдэгч ч мөн адил хэргийг шуурхай шийдвэрлүүлэх сонирхлыг нэмэгдүүлдэг. Энэ сайн жишгийг манайд нэвтрүүлж, банкны секторын хууль эрх зүйд өөрчлөлт  хийснээр зээлийн хүү буурах нэг гарц болно.

Банкны зээлийг хүү одоогийн түвшинд байхад нөлөөлж буй бусад хүчин зүйлс юу вэ?

-Төр засгийн байгууллагуудаас тавигддаг аливаа хураамж, шимтгэл банкны зардал томоохон хувийг эзэлдэг. Банкны заавал байлгах нөөц, хадгаламжийн даатгалын шимтгэл зэргийг нэрлэж болно. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй байхаар заасан атлаа банкуудаас шимтгэлийг  авсаар байгаа. Энэ мэтчилэн банкны зардлыг нэмэгдүүлдэг аливаа хураамжуудыг багасгах нь зээлийн хүү буурахад нөлөөлнө гэж харж байна.

-Зээлийн хүүд нөлөөлж буй дээрх хүчин зүйлүүдээ зөв эрүүл болгож чадвал зээлийн хүү яг хэд  рүү орох боломжтой юм бэ. Нэг оронтой тоо руу орж чадах уу?

-Эх үүсвэрийн зардал талаас нь банкууд хэлж мэдэхгүй. Дээр хэлсэнчлэн эх үүсвэрийн өртөг макро эдийн засгаас шууд хамаарах асуудал. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого шийдвэр нь тогтвортой, эдийн засгийн бодит үзүүлэлтүүд эерэг сайн байж эх үүсвэрийн өртөг буурна.

Банкуудын зүгээс үйл ажиллагааны зардал, эрсдэлийн сан зэрэг банкнаас хамаарах зардлуудаа бууруулах боломжтой. Энэ чиглэлд Монголын банкны холбоо голлох үүрэгтэй ажиллаж байна. Зээлийн дундын мэдээллийн сан  байгуулах төсөл хэрэгжүүлэхээр Төв банкнаас зөвшөөрөл хүлээж байна.

Хоёрдугаарт, Бэлэн мөнгөний удирдлагын компани байгуулах төсөлд өнгөрсөн жил 12 банк хамтран ажиллах гарын үсэг зурж одоогоор ТЭЗҮ нь боловсруулагдаж байна. Зээлийн хүүг бууруулахад банкууд өөрөөсөө хамаарах ажил, зардлуудаа  таналаа гэхэд нөгөө талдаа эх үүсвэрийн өртөг буурахгүйгээр зээлийн хүү огцом буурахгүй.

"ЭДИЙН ЗАСАГ НЬ ХАЛУУНТАЙ БАЙХ ХЭРЭЭР ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙНА"

-Монгол Улс зээлийн хүүгээрээ дэлхийд өндөрт ордог.  Өнөөдөр зээлийн хүү 16 хувьтай байгааг та өндөр гэж үзэж байна уу, боломжийн гэж үзэж байна уу?

-Зээлийн хүү өнөөгийн эдийн засгийг илэрхийлэх толь нь. Эдийн засаг халуунтай байна уу,  эрүүл байна уу гэдгийг зээлийн хүүгээс нь харж болно  гэсэн  үг . Эдийн засаг нь  халуунтай байх хэрээр зээлийн хүү өндөр байна. Жилийн 16 хувь бол өнөөгийн эдийн засгийн нөхцөлд хамгийн доод түвшинд байгаа гэж би хувьдаа хэлнэ. 1992 онд манайд зээлийн хүү жилийн 300 хувьтай байсан бол түүнээс хойш тасралтгүй буурсаар өнөөдөр 16 хувьд хүрлээ. Үндсэндээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүү дөрвөн нэгжээр буурсан. Үүнээс ч илүү бууруулах боломж бололцоо бий.

Зээлийн хүүг бууруулахыг тал талдаа дэмжиж байгаа, тэр дундаа арилжааны банкууд гар бие оролцож чадах бүхнээ хийж байгаа. Зээлийн хүү бага болсноор зээлийн эргэн төлөлт, хүртээмж ч нэмэгдэх учир хойш суух шалтгаан байхгүй.

-Эдийн засгийн хямралын эсрэг  Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд аль аль талдаа дэмжлэг болж чадаж байна уу. Ер нь эдийн засгийн хямралтай үед улс орнууд банкны салбараа хэрхэн дэмждэг вэ? 

-Хөгжингүй орнуудын хувьд банкуудаа хөрөнгөжүүлж, бэхжүүлж байж эдийн засгийн хямралтай үед зээл олголт хэвийн явагддаг. Эдийн засгийн цусны эргэлтийг хангадаг банкууд зуучлагчийн үүргээ сайн гүйцэтгэх тэр боломжийг нь сайжруулж байж хямралыг давж туулдаг. Хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн орнууд хөрөнгийн зах зээл болон банкны секторын аль алийг нь дэмждэг. Манайд бол хөрөнгийн зах зээлийн хөгжил сул учраас банкны салбараа дэмжиж байж урт хугацааны хямралаас сэргийлнэ.

-Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн “Муу нэртэй, луу данстай” нь Арилжааны банкууд болж хувирсан. Шалтгаан нь тодорхой. Мөнгө хүүлдэг, зээлийн хүүгээ буулгах сонирхолгүй гэсэн нийгмийн хандлага ихэнхдээ давамгайлдаг. Нөгөө талаар банкны зээлийн хүүгийн хувь хэмжээнд хуулиар дээд хязгаар тогтоох асуудал ч багагүй  яригдаж ирсэн. Хүүг хүчээр буулгах шийдвэр гарвал эдийн засагт ямар үр дагавар үүсгэх вэ?

-Зээлийн хүүг хүчээр буулгасны хор уршгийг олон орны сөрөг жишээнээс харж болно. Зээлийн хүү бол монгол төгрөгийн үнэ. Энэ үнийг банк тогтоодоггүй. Зээлийн хүүг  хүчээр тогтоох нь орлого багатай иргэд хохирч эсрэгээрээ ѳндѳр хүүтэй сүүдрийн зээлийн зах зээл бий болох цаашлаад хүртээмжгүй, зохицуулалтгүй болох сѳрѳг нѳлѳѳтэй. Шуудхан хэлэхэд хар зах бий болно. Зах зээлийн жамаар нь зээлийн хүүг бууруулах боломжтой. Тэр боломжийг бий болгоход эдийн засгийн нөхцөлөө сайжруулахаас  гадна төр, арилжааны банкууд, монгол банк гээд тал талын оролцооноос хамаарна.

-Банкны засаглалын тогтолцоо нь хангалтгүйгээс зээлийн хүү өндөр байх нэг нөхцөл болж байгааг эдийн засагчид хэлдэг.Банкны салбарын шинэчлэлтийн хөтөлбөрийн хүрээнд банкны  хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах асуудал яригдаж байгаа. Үүгээр банкны эзэмшигчдийн тоог хатуу заана гэж ойлгох уу? 

-Хувьцааны төвлөрлийг сааруулах тухай  зохицуулалт яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч олонтой байснаар банкны зохистой засаглал сайжран харилцагч, хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагчдын банкинд итгэх итгэл нэмэгдэх сайн талтай. Уг шинэчлэлт ойрын хугацаанд ажил хэрэг болох байх.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж