Хоёр настнуудаа цоожлох уу, ажлаасаа гарах уу?

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Хоёр настнуудаа цоожлох уу, ажлаасаа гарах уу?

Хоёр настнуудаа цоожлох уу, ажлаасаа гарах уу?

Намар болохоор л цоожтой хаалганы цаана үлдэх үү, цэцэрлэгт хүмүүжих үү гэдэг сонголттой нүүр тулдаг байсан багачуудаас өнөө жил хоёр настнууд шигшигдэв. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 2020-2021 хичээлийн жилд  хоёр настай 77 мянга 235 хүүхэд цэцэрлэгт элсэх эрхээ “хасуулав”.

Тэднийг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэрийг салбар яамнаас тайлбарлахдаа “Хоёр настай хүүхдүүдийн биеийн дархлаа сул, халдвар эсэргүүцэх чадвар сул байдаг учраас хүүхдүүдийн дунд өвчлөл их байдаг.  Хоёр настай нийт хүүхдүүдийн 60-70 хувь нь амьсгалын болон гэдэсний халдвараар өвчлөөд өвчин нь гайгүй болоод эргээд цэцэрлэгтээ ирэхэд дахин өвчлөх эрсдэлтэй. Энэ шийдвэр нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах боломж гэж харж байна. Хоёр настай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ажилладаг албан газруудад хүүхдээ асрахад нь дэмжлэг үзүүлэх Засгийн газрын тогтоолыг яамнаас  хүргүүлнэ"  хэмээн мэдэгдсэн. Тодруулбал, хоёр настнуудыг улсын болон хувийн аль ч цэцэрлэгт элсүүлэхгүй гэсэн үг.

Монгол Улс коронавирусийн дэгдэлтийн улмаас   өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад хагас жил гаруй болж байна.  Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, гэртээ үлдсэн хүүхдүүдийг хамгаалахын тулд хоёр сар гаруй хугацаанд жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоод байсан юм. Албан байгууллагууд ч ихэнх нь бага насны хүүхэдтэй ажилчдаа цахим болон богиносгосон цагаар ажиллуулсан.

Тэгвэл хоёр сар гаруй үргэлжилсэн энэ арга хэмжээнд 30 гаруй мянган эцэг, эх хамрагдсан гэх судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргажээ. Тэгвэл энэ тоо цаашид өсөх магадлалтай байгаа юм.

Учир нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиуд хоёр өдөр хичээллэж, хоёр настныг цэцэрлэгт элсүүлэхгүй байх шийдвэр гарсан. Мөн 3-4 настнуудын 60 хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой. Хүүхдүүд гэртээ  эцэг эхийн хараа хяналтад аюулгүй, эрсдэлгүй гэж байгаа боловч хэнээр хүүхдээ харуулж, өрхийн санхүүгээ дэмжих вэ гэдэг хүндхэн сонголтын өмнө ирээд байна. 

Харж хандах хүнгүй багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх болчхоод байна.  Бас нэг хэсэг нь гэртээ түгжигдэнэ. Яах вэ, орон сууцад амьдардаг айлын хүүхдүүдийн хувьд тагт нь хаалттай, цахилгааны залгуур, индүү, угаалгын автомат машин зэргээр тоглочихгүй бол байгаад л байх биз. Харин гэр хороололд аж төрдөг айлын хувьд сэтгэл түгшээх зовлон олон бий. Шүдэнзээр тоглож гал алдахаас өгсүүлээд зуух, халуун тогоондоо түлэгдчих гээд зовлон их.  Ямартай  ч өмнөх журмын адил эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагыг багасгах, гэрээр ажиллах нөхцөл бүрдэх боломжтой эсэх талаар холбогдох газрууд зөвшилцөж байгаа аж. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд 20 хоногийн хугацаа үлдсэн байна. Хичээлийн шинэ жилтэй уралдан бага насны хүүхдүүдийн хараа хяналтын талаарх шийдвэр, журмууд эхнээсээ тодорхой болох биз ээ.

Тодруулж хэлбэл, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хоёр настантай эцэг, эхэд ядаж төрийн байгууллага нь ажлаа хийх боломжоор хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол хүүхдээ харахын тулд ажлаасаа чөлөө авах уу, аль эсвэл бүрмөсөн гарах уу, эсвэл бүр цоожлоод ажлаа хийх үү гэдэг хэцүүхэн сонголттой тулаад байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж