БНХАУ: Үер хүнсний хомсдол үүсгэж, үнийг хөөрөгдөв

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

БНХАУ: Үер хүнсний хомсдол үүсгэж, үнийг хөөрөгдөв

БНХАУ: Үер хүнсний хомсдол үүсгэж, үнийг хөөрөгдөв

Жилийн энэ үед Хятадын ферм, тариан талбайд будаа бүрэн боловсорч, хураахад бэлэн болсон байдаг. Гэтэл олон хоног орсон усархаг борооны улмаас Хятадын өмнөд нутгуудаар тариан талбайнууд үерт автаж, ургац хураах боломжгүй болжээ. Жишээ татвал, Бао Вентаогийн гэр бүл гэхэд 16 га талбай нь үерт автсанаас ойролцоогоор 18 мянган ам.доллартай тэнцэхүйц будаагаа хурааж авах боломжгүй болжээ.

Өнгөрсөн сард Жианши мужийн Поян нуур эргээсээ халин үерлэж хэдэн зуун га тариан талбайг устгаж орхисон байна. Поян нуурыг багтаасан, Шанхайгаас Түвдийн хил хүртэл 6276км үргэлжилдэг  Янтзе голын сав газарт БНХАУ-ын нийт будааны 70 хувийг тариалдаг аж.

Гэвч Бао болон эргэн тойрны олон тариачид ийнхүү талбай нь үерт автсаны улмаас эд хөрөнгө, ургацаар хохироод зогсохгүй ирэх бүтэн нэг жилийн турш дахин ургац хураах боломжгүй болсон байна.

Одоогийн байдлаар 5.3 сая гаруй га буюу баруун Виржиниа мужтай тэнцэх хэмжээний газар үерт автсан бөгөөд Хятадад ойрд болоогүй тус гамшигт үзэгдлийн уршгаар 21 тэрбум ам.доллартай дүйцэхүйц тариан талбай, зам, байшин барилга сүйдэж, 55 сая орчим хүн хохироод байна хэмээн БНХАУ-ын Онцгой байдлын яам мэдээлжээ.

Цар тахлаас болж асар их хохирол амссан дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг ийнхүү үерийн жлмаас дахин хохирч буй нь зөвхөн Хятад гэлтгүй дэлхий дахинд маш муу мэдээ юм. Бээжин одоохондоо гадаадаас хүнс импортлон хүнсний хомсдол үүсгэлгүй байж чадаж байгаа ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй бололтой.

БНХАУ болон барууны орнуудын хооронд үүссэн таагүй харилцаа, цар тахал зэргээс шалтгаалан цаашид үргэлжлүүлэн хүнс импортлох нь улам хэцүү болох гэнэ. Харин Хятадын өмнөд нутгуудын үер цаг өнгөрөх тусам улам хүндрэхээр байна. Учир нь цаг агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд энэ сард усархаг ширүүн бороо үргэлжлэн орох аж. Түүнчлэн үер умард зүг рүүгээ улам тэлж, улаан буудай, эрдэнэшишийн ургац хураалтад саад хийх аюултай байгааг эрх баригчид анхааруулах болжээ.

Хүнсний аюулгүй байдал

Одоохондоо БНХАУ-ын Засгийн газраас хохирлын хэмжээг нарийн тодорхойлж амжаагүй байгаа учир хүнсний эх үүсвэрийн хэдэн хувь нь сүйдсэнийг хэлэхэд бэрх байна.

Ажиглагч, тоймч Номурагийн мэдээлж байгаагаар үерийг наймдугаар сарын сүүл гэхэд хяналтандаа авах бөгөөд ойролцоогоор 1.7 тэрбум хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээгээр ДНБ-ий өсөлт буурах гэнэ. Тэрбээр энэ тооцоог долдугаар сард хамгийн ихээр гамшигт өртсөн өмнөдийн долоон муж дээр суурилан хийжээ.

Харин БНХАУ-ын брокерийн фирм Шенван Хонюаний долдугаар сард тооцоолсноор Хятад улс өнгөрсөн жилтэй харьцуулахад 11.2 сая тонн хүнсний бүтээгдэхүүн буюу БНХАУ-ын нийт будааны 5 хувийг алдах гэнэ.

Хохирол үүнээс ч их байж магадгүй юм. Учир нь дээрх тооцооллуудаас хойш үерт өртсөн газрын хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн дээрх тооцооллуудад улаан буудай, эрдэнэ шишийн ургацад учрах эрсдлийг оруулаагүй болно.

Гэвч зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эрдэнэ шишийн ургац хураалт аль хэдийн хохирол амсч эхэлсэн аж. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар эрдэнэ шишийн үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 20 хувиар илүү байсан нь сүүлийн таван жилийн хувьд хамгийн өндөр үнэ байсан юм.

Эрдэнэ шишийг хүнсэнд хэрэглэхээс гадна гахай тэжээхэд ихээр хэрэглэдэг билээ. Гэтэл үерээс өмнө ч БНХАУ-д ихээр тархсан шавьжнаас болоод эрдэнэ шишийн ургалт муу байснаас гадна өнгөрсөн жилийн Африк гахайн ханиадыг хяналтандаа авах зорилгоор олон тооны гахай устгасны улмаас гахайн мах ч хэдийн ховордоод буй гэнэ.

Мөн шар буурцагны үнэ ч гэсэн сүүлийн үед эрс өссөн байна. 2020 оны эхний хагаст БНХАУ-д дотоодын шар буурцагны үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 30 хувиар нэмэгджээ.

Хүнсний үнийг тогтвортой барих гэсэн оролдлого

Бээжин давагдашгүй байгалийн хүчин зүйлийн эсрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг аль болох тогтвортой байлгахын тулд нөөц хүнсээ төлөвлөгөөтэйгөөр зах зээлд гаргах зэрэг арга хэрэглэж байна.

Хятадын үр тарианы нөөцийг захиран зарцуулдаг хоёр агентлаг болох БНХАУ-ын нөөцийн корпораци, үндэсний үр тарианы худалдааны төв хэдэн арван сая тонн будаа, эрдэнэ шиш, улаан буудайг сүүлийн хэдэн сарын дотор зах зээлд гаргасан байна.

Тухайлбал, агентлагууд энэ жил 60 сая гаруй тонн будаа, 50 сая орчим тонн эрдэнэ шиш, 760 мянга гаруй тонн улаан буудай зах зээлд гаргасан нь аль хэдийн 2019 онд зах зээлд гаргасан нийт үр тарианы хэмжээг давсан байна.

Үүний ачаар сүүлийн хэдэн сарын турш хүнсний үнэ тогтвортой байсаар иржээ. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт гэхэд улс даяар будааны үнэ нэг тонн нь дунджаар 580 ам.доллар байсан юм.

БНХАУ дээрхээс гадна импортоо нэмэгдүүлэх замаар хүнсний хомсдлоос сэргийлж байна. Ингэхдээ ялангуяа худалдааны дайнтай холбоотойгоор АНУ-аас хэдэн их наяд ам.доллараар асар их хүнсний бүтээгдэхүүн импортолж байна.

Жилийн эхний хагасын байдлаар БНХАУ АНУ-аас 61 тонн орчим үр тариа худалдан авсан нь өнгөрсөн жилийнхээс 21 хувиар илүү тоо юм. Тэр дундаа эрдэнэ шишийн импорт өнгөрсөн жилийнхээс 18 хувь өссөн аж. Мөн АНУ гэлтгүй Бразил, Украин, Франц зэрэг улсуудаас бас их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн импортолж байна.

Гэвч зарим ажиглагчид БНХАУ-ыг импортонд хэт найдах хэрэггүй гэж үзэж байгаа гэнэ. Учир нь үүссэн нөхцөл байдлыг ашиглаад Вашингтон Бээжингийн худалдан авч буй бараанд өндөр татвар ногдуулж болох юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл энэ оны эхний хагаст л гэхэд АНУ Бээжинд 9 сая тонн улаан буудай, 100 мянган тонн амуу тариа, 65 мянган тонн эрдэнэ шиш экспортлож, хамгийн том түнш нь болсон байна.

Мөн Бээжин үерт өртсөн тариачдыг нүүлгэн шилжүүлэх, сүйдсэн байшингуудыг дахин барих гэх мэт шаардлагатай ажлуудад зориулж 258 сая ам.доллар төсөвлөсөн хэмээн БНХАУ-ын Сангийн яам мэдээлжээ. Ялангуа Жианши мужид зориулж 40 сая ам.доллар төсөвлөжээ.

Гэвч энэ бүхэн нь одоогоор мэдэгдээд буй 21 тэрбум ам.доллартай дүйцэх хохирлын хувьд дэндүү өчүүхэн юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж