Ядарсанд хатуу, задарсанд зусарч төр

Хуучирсан мэдээ: 2020.08.11-нд нийтлэгдсэн

Ядарсанд хатуу, задарсанд зусарч төр

Ядарсанд хатуу, задарсанд зусарч төр

Задарсан нь Туул голын гольдролыг өөрчлөн, Дархан цаазат Богд уулыг сэндийчин  барилга барьж байхад газар ашиглах эрхийг нь цуцалж чаддаггүй хэрнээ  ядарсан иргэд нь зуслангийн зориулалтаар авсан газартаа шон ч хатгаж чадаагүй суутал Газрын тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр хураах нь.  Монголын төр ядарсанд хатуу, задарсанд зусарч гэж үг аргагүй үнэн юм.

Саяхан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газрын алба Ар гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байсан 306 иргэний 685 айлын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохоо мэдэгдэв.  Газрын төлбөрөө төлөөгүй,  газраа хашаалаагүй нь  хураах үндэслэл болжээ.

Газраа хураалгах иргэдийн хувьд “Төлбөрөө төлөөгүй минь алдаа. Гэхдээ газрыг хураахаас өмнө сануулж, үлдээх боломжоор хангасан бол…” гэцгээн харуусаж сууна.

Сонгууль зарлагдахад “Та аль намд саналаа өгөх вэ” гэж хороо, хорины хэсгийн байцаагчаараа дамжуулж, үг дайдаг хэрнээ иргэнийхээ ганц хөрөнгө болох газрыг нь хураах гэж байж, өмнө нь сануулдаггүй нь тун хорон.

Газар бол  улсын үндэс. Наанадаж иргэд нь газраа өмчилж, эзэмшиж, ашиглаж байж, эдийн засгийн эргэлтэд орно, цаашлаад улсын үндэсний аюулгүй байдлын баталгаа хангагдана.

Харамсалтай нь,  Газрын тухай хууль, Газар эзэмших журам нь иргэнийхээ эсрэг гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.  Эзэмшсэн газартаа хоёр жилийн хугацаанд хашаа бариагүй, газрын төлбөр төлөөгүй бол шууд хураах үндэслэл болдог.  Хууль, журам нь ийм харгис тул Газрын албанынхныг ч буруутгах боломжгүй, тэд ажлаа л хийж буй нь энэ.

Уг нь иргэнээ, улсаа боддог төртэй байсан бол УИХ-аар Газар өмчлөлийн тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгахдаа л иргэдээсээ газрыг нь булаасаар ирсэн зарим заалтыг зөөллөх боломж байв, гачлантай нь хуруугаа ч хөдөлгөөгүй.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ч “Хашаа хатгаагүй бол эзэмшлийн газрыг нь хураах” гэсэн хахир журам гаргаж, нэрмээс болох ёсгүй байв.

Учир нь Тээврийн хэрэгслийн албан журмын даатгалын тухай хууль, Авто зам ашигласны төлбөрийн тухай хуулиар жолооч бүр жил тутамд татвар төлдөг. Татвараа цаг хугацаандаа төлөхгүй бол торгох арга хэмжээ авах, тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөнд оруулахгүй байх зэрэг зохицуулалт бий.  Түүний нэгэн адил Газрын тухай хуулиа мөрдөж, төлбөрөө хийгээгүй бол эхлээд сануулдаг,  заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нөхцөлд гомдуузай гээд газар эзэмшлийнх нь гэрчилгээг хүчингүй болгодог байсан бол тэр их хэл ам дагуулахгүй л болов уу.  Иргэдийн зарим нь шүүхдэх сураг ч сонсогдож л байна.

Газрын албаныханд ч эзэмших эрхийн цуцлалтыг дагаад их ажил ундрах шинжтэй.  Учир нь 685 газар эзэмшлийн гэрчилгээ хүчингүй болгосон дуулианаар дараагийн ээлжийн хүмүүс дугаарлахаар зэхэж байна. Хоёр жилийн дараа харин юу болох бол… Газар эзэмших эрх олгосноо цуцлаад л сууж байх вий.

Монгол Улсын иргэдийн хэдэн хувь нь газраа өмчилж авав, хэд нь газар эзэмшиж байгаа вэ гэдэг статистик мэдээ сонирхвол  хоёр жилийн өмнө буюу 2018 онд нийслэлийн 1,3 сая иргэнээс 14 хувь нь, улсын  хэмжээнд газар өмчлөл  ердөө 13 хувьтай байжээ.

Харин газар эзэмшлийн тухайд статистик мэдээлэл алга.

Ер нь газар эзэмших эрхийг цуцлах нь төрийн нэг ёсны иргэдээсээ мөнгө саах арга хэрэгсэл нь болж хувираа юу гэмээр дүр зураг харагдах.

Нийслэлийн төсөвт газрын төлбөрөөр төдий хэмжээний орлого төвлөрүүлнэ гэдэг үүрэг авдаг. Тэр нь биелэхгүй болонгуут ядарсан иргэдийнхээ газрыг “дээрмдэх” ажил руу ордог байж мэдэхээр байна.

Газрын тухай хууль хүн бүрт тэгш хатуу үйлчлээд байна уу гэхээр бас үгүй. Хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь үйлчилдэггүй.

Туул голын гольдролыг өөрчлөөд шугуйг нь тас хяргаад барилга барьчихаад байхад зөвшөөрлийг нь цуцалж чаддаггүй.  Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалтын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан этгээд зориулалтаа өөрчлөөд хаус босгочихсон байхад мөн л хууль үйлчилдэггүй. Албаныхан нь “Өчнөөн тэрбум төгрөг зарцуулаад барьчихсан барилгыг нь нураалтай биш дээ” гэх зүйл яриад  хамгаалаад зогсож байдаг.

Хоёр жилийн өмнө “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслангийн эзэмшил талбайгаас газар хумсалсан эрхтэн дархтнуудын газрыг буцааж авах тухай яриа Засгийн газрын түвшинд яригдаж, дуулиан тарьсан ч нам дарагдсан. "Найрамдал" зуслан нь нийт 5220 га газартай байсан ч 100 гаруй аж ахуйн нэгж, иргэнд хууль зөрчин газрыг нь олгосноос 1220 га болтлоо багассан байдаг.

Хэвлэлийнхэн тухайн үед хэн, хэн хүүхдийн газрыг булаав гэдэг мэдээлэл олох зорилгоор нийслэлийн Газрын албаныхныг эргүүлдсэн ч ил болгоогүй хав дарсан. Хожим нь 20 гаруй аж ахуйн нэгж, иргэнд олгогдсон байсан газрын зөвшөөрлийг цуцалсан гэдэг мэдээллээс өөр зүйлийг яриагүй.

Харин ядарсан ардын газар эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох жагсаалт  сонины дөрвөн нүүр дамнаад гарсан байдаг шүү.

Ийм хоёр нүүртэй байдгаа л төр больчих хэрэгтэй.

Л.ОЮУ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж