“Муу л бол Хэнтийн шавар овоохой”

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

“Муу л бол Хэнтийн шавар овоохой”

“Муу л бол Хэнтийн шавар овоохой”

Хэнтийн аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгож, 400 сая жуулчин татах нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн амбиц. Тэрбээр Хэнтийн Бэрх тосгонд төрж өссөн. Тиймээс өвөөгийнхөө буурин дээр хөшөө босгох нь түүний хүүхэд насны “мөрөөдөл” ч байж мэднэ.

Засгийн газар “Тогтвортой аялал жуучлал” төслийг Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлж байгаа. Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” төслийг 19 сая ам.доллараар, Хөвсгөл аймгийн Хатгал, Ханх сумдад “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийг 19 сая ам.доллараар хэрэгжүүлэхээр болсон.

Эхний бүтээн байгуулалт нь “Андлалын өргөө” ба “Их хуралдай цогцолбор”.

Өөрөөр хэлбэл, Засгийн газраас 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол Улс, Монголын эзэнт гүрэн”, Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Хэнтий аймгийн Норовлин суманд “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах ажлыг 2019 оноос эхлүүлсэн юм. Төслийн зорилгоо “Олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын жуулчид төдийгүй хүүхэд, залуучуудад Монголын түүх, соёлын мэдээ, мэдээллийг үнэн зөвөөр таниулах, сурталчлах боломжийг бүрдүүлэх” гэж тодорхойлж байв.

Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нутагт “сүндэрлэж” буй, гадаадаас сая, сая жуулчин Монгол руу татах бүтээн байгуулалтын зургийг харахад хүрэл зүрх ч хайлмаар. Төсвийн 5.7 тэрбум төгрөг шавар овоохой болон ууртай баатрын хөшөө болоод дуусчээ, хайран ч мөнгө. Харамсалтай нь, зээ хүүд үнэхээр сэтгэл дутсан байна.  Өвөөгөө бодохоо байг гэхнээ өөрөөр нь овоглох "том" бүтээн байгуулалт шүү дээ.

Өнгөрсөн 2019  оны хавар Төрийн ордонд болсон Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төслийн үнэ цэнийг тодорхойлохдоо “Ази, номхон далайн бүс рүү аялал жуулчлал чиглэж эхэлжээ. Асар олон хүн ирэхэд бэлэн болсон байна. Монголын их эзэнт гүрэн 25 жилийн дотор 33 сая хавтгай дөрвөлжин километр газарт 18 улсыг дамнан оршсон. Үүнд түүхийн асар их ач холбогдол, дэлхийн өв байгаа юм. Тухайн үед 325 сая орчим хүн энэхүү эзэнт гүрэнд багтаж байжээ. Хэрвээ бид аялал жуулчлалаа “брэнд” болгож чадвал тэдгээрийн үр хойч биднийг мах цусны тасархай гээд хүрэлцэн ирэх боломж нээгдэнэ. Тэдний хувьд байшин, барилгаас илүүтэй түүхэн газрууд хэрэгтэй” гэж байв.

Үнэхээр ч Монголын эзэнт гүрний болон Их хааны түүх Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг Хэнтийтэй холбогдох нь гарцаагүй. Өвөрмонголчууд их эзэн хааны нэрийг гурав худалдаж болоод байхад бид яагаад болохгүй гэж. Л.Оюун-Эрдэнийн ийм амбицыг нь, аялал жуучлалыг татах зорилгыг нь дэмжиж байна. Гэхдээ зорилго нь үйлдлээ зөвтгөж болохгүй байх.

Хийсэн ажлыг нь их хаан, хайртай өвөө хоёр нь хараад ичиж, халагламаар бүтээн байгуулалт болжээ. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр өөрийнх нь хийсэн ажлыг муулбал “Монгол Улсын түүхийн эсрэг үйлдэл" гэж үзээд ЗГХЭГ-ын дарга маань улс төрийн хатуу тэмцэл хийх бодолтой байгаа аж.

Түүхийн эсрэг болоод төрийн эсрэг үйлдэл гэж  уг нь, төсвийн 5.7 тэрбумаар шавар овоохой барьсан өөрийнх нь үйлдлийг хэлнэ. Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ ийм бүтээн байгуулалт хийсэн компанитай хатуу тооцоо хийх ёстой байв. Төрийн мөнгөөр түүхийг доромжилсон гүйцэтгэгчдийг  "түүхийн эсрэг үйлдэл хийсэн" гэж үзэх ёстой байв. Энэ бол жинхэнэ авлига, албан тушаалын хэрэг. Ард нь асар их мөнгөний хулгай, авлигын асуудал нуугдаж байдаг. Ийм "хог" тэрбум, тэрбум төгрөгөөр барьж байхаар эрүүл мэндийн салбартаа зарцуулсан бол илүү бодит хөрөнгө оруулалт болох байлаа.

Хөшөө  босгох, үйлдвэр, хот байгуулах, бүтээн байгуулалт хийх  нэрээр Монголын улстөрчид татвар төлөгчдийн мөнгийг хулгайдаг  хамгийн шилдэг арга, зальтай.  Төв аймгийн Сэргэлэн суманд  гэхэд Майдар гээд бас нэг “хөшөө” босч буй.  Тэнд  хот байгуулахад 40 тэрбум евро шаардлагатай гээд байгаа. Энэ мэтээр улстөрчид хөшөө босгож, байшин барьж, хот байгуулахын хэрээр улсын хөгжил уруудсаар.

Шуудхан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутагт баригдсан эдгээр хямд "бүтээл”-үүдийг  гадаадын жуулчид битгий хэл дотоодын аялагчид ч тоож очихгүй тодорхой.  Монголчууд өмнө нь “Муу л бол захын хар овоохой” гэдэг байсан. Одоо “Муу л бол Хэнтийн шавар овоохой” гэхээр болж.

Б.ОНОНБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
77
ТэнэглэлТэнэглэл
40
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж