ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс зарим нэг зүйлийг тодрууллаа.
-Хүйтэн сэрүүний улирал эхлээгүй байхад иргэдийн дунд томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгааг эмч нар анхааруулж байна. Энэ жил улирлын томуугийн вакциныг хэдэн сараас хийж эхлэх вэ?
-Дэлхий дахинаа цар тахлын вакцин гарч амжаагүй энэ нөхцөлд улирлын томуугийн вакциныг өргөн хүрээнд хийх нь үр дүнтэй гэсэн зөвлөмж өгч байга. Тийм учраас вакцинд хамрагдах хүн амын тоог нэмж, томуугийн вакцин захиалж авахаар ажиллаж байна. Энэ жил улирлын томуугийн дархлаажуулалтыг эрт эхлүүлэх хүсэлтээ НҮБ-ын Хүүхдийн санд хандаж, Засгийн газрын хөрөнгөөр вакцин захиалсан. Эхний ээлжийн вакциныг есдүгээр сарын 15-наас ирүүлэх мэдээтэй байна. Дэлхий дахинд улирлын томуугийн вакцины хомсдол байгаа учраас аль болохоор хурдан захиалан авч, эрдэлт бүлгийн хүн амыг хамруулахаар Эрүүл мэндийн яам ажиллаж байна.
-Томуу, томуу төст өвчнөөс гадна халдварт өвчний дэгдэлт ямар байна вэ?
-Монголд тарваган тахлын идэвхжлийн үе болж байна. Бусад халдварт өвчний дэгдэлт харьцангуй гайгүй байна. Одоо гэдэсний халдварт өвчин бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ энэ жилийн хувьд ард иргэд гараа сайтар савандаж угааж, ариутгадаг, усаа буцалгаж уудаг болсон учраас халдварт өвчний дэгдэлт эрс буурсан.
–Хүн амын дунд реновирусийн ханиад элбэг байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Зарим хүмүүс энэ ханиадыг харшилтай андуурч эмчилгээ хийх тохиолдол гарч байна. Реновирусийн ханиад туссан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Реновирус бол амьсгалын дээд замыг үрэвсүүлдэг. Ялангуяа хамар, нүд, залгиур хоолойг үрэвсүүлдэг вирусийн төрөл. Харьцангуй хөнгөн явцтай ханиадыг үүсгэдэг. Бид энэ вирусийг томуу гэлгүй ханиад үүсгэдэг вирус гэдэг. Энэ вирус нь ес, аравдугаар сард өндөр дэгдэлттэй байж байгаад 11, 12 дугаар сараас улирлын томуугийн вирусийн эргэлтэд ордог.
Ийм учраас бага насны хүүхдүүдийг сайтар анхаарах хэрэгтэй. Намар цагт өглөө, оройдоо сэрүүхэн байгаа учраас эхний ээлжинд хүүхдээ дулаан хувцаслах хэрэгтэй. Хоёрдугаарт, шим тэжээлтэй халуун бүлээн хоолоор хооллох. Мөн аньс, чацаргана, нэрс гэх мэт дархлаа дэмждэг хүнснээс гадна барагшун хэрэглэх нь зүйтэй. Барагшуныг хэрэглэхдээ буцалгахгүйгээр бүлээсгэж, ууна. Хүүхдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угаах нь чухал. Хүүхдийг эрт унтуулж, дархлааг нь дэмжиж, хичээл сургуульд нь бэлдээрэй.
-Гадаадаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авч байна. Коронавирусийн түргэвчилсэн оношлуурын нөөц хэр хүрэлцээтэй байна вэ? Өдөрт дунджаар хэчнээн оношлуур ашигладаг вэ?
-Коронавирусийн түргэвчилсэн оношлуурыг өдөртөө их хэмжээгээр хэрэглэж байна. Тусгай үүргийн онгоц хүлээж авбал өдөртөө 200, 300, зарим тохиолдолд 600 ширхэгийг хэрэглэж байна. Одоогоор түргэвчилсэн оношлуурын нөөц хангалттай. Цаашид тусгай үүргийн онгоц нэмэгдэж, улирлын томуугийн үе ирэх учраас ДЭМБ-ын гэрчилгээтэй газраас оношлуурынхаа нөөцөө нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ