Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонь хүлээлгэн өгөх ажлын хэсгийг наймдугаар сарын 5-ны өдөр байгуулсан байна. Ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ахалж байгаа бөгөөд уг ажлын хэсэг өнөөдөр /2020.08.10/ хуралдаж, өмнөд хөршид хандивласан 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг шуурхай зохион байгуулахад төрийн байгууллага иргэдтэй уялдаа холбоотой, хамтарч ажиллах талаар санал солилцжээ.
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар дэгдсэний дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь "бэлэглэж" байгаагаа мэдэгдсэн юм.
Харин Хятадын талаас 30 мянган хонийг намраас авах хүсэлт тавьсан тул салбарын яамнаас хувааж, хил гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ