А.Ананд: 73 мянган зээлдэгч зээл төлөлтөө хойшлуулсан | News.MN

А.Ананд: 73 мянган зээлдэгч зээл төлөлтөө хойшлуулсан

А.Ананд: 73 мянган зээлдэгч зээл төлөлтөө хойшлуулсан

А.Ананд: 73 мянган зээлдэгч зээл төлөлтөө хойшлуулсан

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал А.Анандтай ярилцлаа. 


-Монголбанкнаас макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд цар тахлын үеийн хүндрэлийг даван туулах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг нэг удаа 12 хүртэлх сараар сунгах шийдвэр гаргасан. Шийдвэрийн хэрэгжилт, үр дүн ямар байна вэ?

-Санхүүгийн тогтвортой байдалд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор хэт өндөр түвшинд хүрээд байсан хэрэглээний зээлийн өсөлтийг хязгаарлаж, банкнаас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх, зээлийн хугацаа 30 сараас хэтрэхгүй байх гэсэн хязгаарлалтуудыг мөрдөж байгаа. Гэсэн хэдий ч Ковид-19 цар тахлаас шалтгаалан иргэдийн орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Тиймээс дээрх хязгаарлалтууд мөрдөгдөж эхлэхээс өмнө авсан байсан хэрэглээний зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгаж, бүтцээ өөрчлөх боломжгүй байсан тул Мөнгөний бодлогын хороо хуралдаж, хэрэглээний зээлийн хугацааг нэг удаа 12 хүртэлх сараар, зээлийн үлдэгдлийг нэмэгдүүлэхгүйгээр сунгах боломжийг олгосон.

Банкуудаас ирүүлж буй тоон мэдээллийг харвал дөрөв, тавдугаар сард долоо хоногт дунджаар 9200 хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт орж байсан бол зургаадугаар сард энэ тоо 3300 болж буурсан байна. Харин долоодугаар сарын байдлаар долоо хоногт дунджаар 1700 зээлдэгч зээлийн хугацаагаа сунгаж, бүтцээ өөрчилж байна. Нийтдээ 73876 зээлдэгч хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан байна. Нийт дүн нь 648 тэрбум төгрөг болж байна. Үүний дийлэнх нь цалингийн зээл юм. Ингэснээр бүтэц өөрчлөгдсөн хэрэглээний зээлүүдийн дундаж хугацаа өмнө нь 29.2 сар байсан бол одоогийн байдлаар 35.5 сар болж  зургаан сараар өссөн байна.

-Бизнесийн зээлийн хувьд бүтцийн өөрчлөлт хийх боломжтой байгаа юу?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн бүтэц өөрчлөхөд хэрэглээний зээлд мөрдөгддөг шиг хязгаарлалтууд байхгүй тул хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийг хуваарьт заасны дагуу төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бол өөрийн үйлчлүүлдэг банканд хандан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой.

-Олон улсын туршлагаас харвал макро зохистой бодлогын ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна вэ?

-Дэлхийн улс орнуудад макро зохистой бодлогын хүрээнд хэд хэдэн нийтлэг арга хэрэгслүүдийг түгээмэл ашиглаж байна. Тухайлбал, банкны өөрийн хөрөнгийн нөөцийн шаардлагыг сулруулах, хуримтлагдсан нөөц хөрөнгийг чөлөөлөх, банкуудад тавигдах хөрвөх чадварын нөөцийн шаардлагыг сулруулах нь түгээмэл байна. Ингэхдээ зарим оронд валютын төрлөөс хамааруулан хөрвөх чадварын харьцааны шаардлагыг ялгаатай байдлаар сулруулах зэрэг бодлогын шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн олон орны төв банкуудаас заавал байлгах нөөцийн шаардлагыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Эдгээр арга хэмжээнүүд нь цар тахлын сөрөг нөлөөгөөр санхүүгийн нөхцөл байдал чангарч, зээлийн тасалдал үүсч, санхүүгийн тогтвортой байдал алдагдах эрсдэл үүссэн энэ цаг үед банкны хөрвөх чадварыг дэмжих, зээл олголтыг аль болох тасалдуулахгүй явуулах гол зорилготой.

Эдгээрээс гадна улс орон болгон өөр өөрсдийн онцлогт тохирсон арга хэмжээг авч байгаа. Тухайлбал, АНУ гэхэд бэлэн мөнгө тарааж байна. Энэ нь иргэдийн наад захын хэрэгцээг хангах, мөнгөн орлогыг тасалдуулахгүй байх зорилготой. Бусад улсын жишээг харахад ч гэсэн, ЖДҮ-д хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн хугацааг сунгах зэрэг шийдвэрийг өргөнөөр авч хэрэгжүүлж байгаа.  Монголбанкны хувьд ч гэсэн хэрэглээний зээлийн хугацааг сунгахаас гадна банкуудад мөрдөгдөж буй актив ангилах журам, банкны үйл ажиллагаанд мөрдөгдөх зохистой харьцааны холбогдох журмуудад түр хугацаанд өөрчлөлт оруулж тухай бүр олон нийтэд мэдээлж байгаа.

-Монголбанкнаас “Ковид-19” цар тахлын хүндрэлийг бууруулах зорилгоор бодлогын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа шүү дээ. Мөнгөний бодлогын хүүг бууруулахаас эхлээд нэлээд олон томоохон шийдвэр авч хэрэгжүүлж байна. Энэ бүх арга хэмжээнээс хүлээх гол үр дүн юу вэ?

-Нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс Засгийн газрын зүгээс аж ахуйн нэгжүүдийг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэн арга хэмжээг авсан бол Монголбанкнаас бодлогын хүүг бууруулж мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх, банкны салбарын зохицуулалтыг түр хугацаанд зөөлрүүлэх, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах, банк хоорондын захын нөөцийг дэмжих зэрэг шийдвэрүүдийг гаргасан нь банкны салбарын эрсдэлийг бууруулахад зохих хувь нэмэр оруулж байгаа. Эдгээр арга хэмжээ нь банкны системд үүсч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Цаашид Засгийн газрын зүгээс бизнесийн салбарыг идэвхжүүлэх, эдийн засаг сэргэх үед банкууд зээлийн чадавхтай байх нь туйлын чухал байхаар байна.

-“Ковид-19” цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл ямар байна вэ, оны эцэст нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөр байна вэ?

-Монгол Улсын хувьд цар тахлын эдийн засагт үзүүлэх анхдагч нөлөө нь төлбөрийн тэнцлийн сувгаар буюу гадаад эрсдэл хэрэгжиж эхэлснээр мэдрэгдэж эхэлсэн. Энэ нь юуны түрүүнд нүүрсний экспорт огцом буурсантай холбоотой. Гадаад секторын нөхцөл байдал эрс муудсанаас болж Монгол улсын эдийн засаг 2020 оны нэгдүгээр улиралд 10.7 хувиар агшсан. Мөн энэ оны  хоёрдугаар сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр эдийн засгийн дотоод эрсдэлүүд орлогын болон зээлийн сувгаар дамжин хэрэгжиж эхлээд байна. Энэ хугацаанд компаниуд, өрхийн аж ахуйн орлого үлэмж хэмжээгээр буурсан бол төсвийн орлого эхний 6 сарын байдлаар 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан.

Зээлдэгчдийн орлого огцом буурснаар банкуудад зээлийн бүтцийг өөрчлөх санал хүсэлт олноор ирж байсан. Манай улсад бүртгэгдсэн вирусын тохиолдол харьцангуй цөөн байгаа боловч гадаад эрэлтийн огцом бууралт, дотоодын хөл хорионы арга хэмжээ зэргээс шалтгаалж бодит эдийн засгийн өсөлт 2020 онд нэг хувийн орчимд байх төлөвтэй байна. Гадаад өрийн хэмжээ өндөр хэвээр, мөн ойрын хугацаанд барагдуулах гадаад өрийн хуваарь шахуу байгаа нь гадаад валютын нөөцөд ихээхэн дарамт үүсгэж Монгол Улс томоохон гадаад шокийн нөлөөнд тун эмзэг байгаа нь харагдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-10 139.5.217.207

Populist movements are rising up, decrying the “danger and destruction” of capitalism. This false populist sentiment is perpetuated by four groups: politicians manipulating the “us vs them” mentality, the ultra-rich who wish to see others not succeed, university professors who have either never worked in the real world or have spent so much time in academia they forgot what the real world was like and blindly idealistic college students that also embrace “microaggressions” and “trigger warnings.

Avatar

SS 2020-08-10 66.181.168.8

CTRL V, CTRL C

Avatar

/*-*/ 2020-08-10 49.0.212.4

Бишээ, дарааллын хувьд эхлээд CTRL+C дараа нь CTRL+V гэчихсэн коммент байна цаадах чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж