Аюул осолгүй өнгөрсөн 3041 хоног | News.MN

Аюул осолгүй өнгөрсөн 3041 хоног

Аюул осолгүй өнгөрсөн 3041 хоног

“Аав нь удахгүй очлоо Ажлаасаа гараад хот руу орж явна. Миний охин аавыгаа хүлээлгүй унтаж байгаарай…” хэмээн 40 орчим насны уурхайчин залуу утсаар яриад таслав. Тэрбээр 20 хоног хань ижил, бүлтгэр жаахан үрсээсээ хол уурхайд ажиллаад, гэртээ харихаар яваа “Платинум Ланд” ХХК-ийн “А” ээлжийн уурхайчдын төлөөлөл юм. Түүний адил хэсэг бүлэг залуус хотоос 262 км-ын зайтай Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах уурхайгаасаа гэрийн зүг явлаа. Хэдийгээр зүс царай, насны хувьд харилцан адилгүй ч тэд гэрээсээ хол өнгөрүүлсэн олон хоног, сар жилүүдэд ах дүүс шиг амь нэгтэй, атгасан гар шиг нэгэн цул хамт олон болжээ. Залуус нь аав, ах шигээ хүний насыг хүндэлж үгийг нь сонсоно, мөн нас залуу, туршлага бага дүү нартаа ч алдаа оноог нь хэлж зөвлөх нь хамт олны халуун дулаан уур амьсгалыг илтгэж байв.

Тэд зарим нэг залуус шиг ажил олдсонгүй гэж төр засгаа буруутгаж, гадагшаа гарахын хүслэн болсонгүй. Гар халтартлаа ч мөр цагаан “Уурхайчин” гэдгээрээ бахархах сэтгэл нь нэг аж. Анхаарал сулрах төдийд уурхайчдыг осол бэртэл, үхэл отож байдаг тул хариуцлага бол уул уурхайн салбарын алтан зарчим юм.

Хариуцлагатай уул уурхай гэдэг хариуцлагатай уурхайчнаас эхэлдэг аж. Тиймээс сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар газрын гүн дэх баялаг, ашиг орлогоос илүүтэй хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаардаг болжээ. Үүний тод жишээ нь, 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Платинум Ланд” ХХК юм. Тус компанийн үнэт баялаг нь уурхайчид. Компанийн хувьд ажилчид нь ашиг орлогоос илүү үнэ цэнэтэй тул хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн амралтын өдөр /2020.08.08/ уурхайчдаа 2 сая хүн/цаг осолгүй ажилласныг нь урамшуулж өргөн дэлгэр баяр тэмдэглэсэн юм.

Ингэхдээ зөвхөн компанийн хүрээнд биш, төрийн эрх баригчдын төлөөллөөс салбар салбарын мэргэжилтнүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, ХННЯ /оролцсоноороо онцлог байв. Тодруулбал, “Платинум Ланд” ХХК-ийн 2 сая хүн/цаг осолгүй ажилласан баярын үеэр компанийн зүгээс зочдод ажлаа дүгнэн танилцуулж, шилдэг ажилчдаа урамшуулсан юм. Тус компани олон улсын жишгийн дагуу хүн/цаг тооллыг 2009 оноос компанидаа хэрэгжүүлж эхэлжээ.

Үр дүнд нь 2016 онд 1 сая хүн/цаг буюу 1552 хоног осолгүй ажилласан амжилт үзүүлсэн тул энэ амжилтаа ахиулахаар 2 сая хүн/цаг осолгүй ажиллах зорилго дэвшүүлжээ. Уг зорилгодоо хүрч, энэ оны долдугаар сарын байдлаар 2 сая хүн/цаг буюу 3041 хоног осолгүй ажилласан байна.

Хүн/цаг тооллыг тооцохдоо нийт ажилчдын ажилласан өдөр, цагийг харьцуулж тооцдог ба хамгийн чухал үзүүлэлт нь нэг ч хүн бэртэж хөдөлмөрийн чадвараа алдаагүй, амь нас эрсдээгүй байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, хүн/цаг тоолол бол хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдахаас хүн бүр урьдчилан сэргийлж, бас дотоод хяналтыг сайжруулж, мөн төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах эрхзүйн орчныг бүрдүүлдгээрээ давуу талтай. Мөн мэргэжилтнүүдийн тогтворшил бий болж, гадагшаа урсах мөнгийг ч хазаарлаж, эдийн засагтаа дэмжлэг үзүүлэх үр нөлөөтэй. Нэг үгээр хэлбэл, хариуцлагатай уул уурхайг илэрхийлэх нэгэн чухал үзүүлэлт нь хүн/цаг тоолол аж. Иймд “Платинум Ланд” ХХК-ийн зүгээс эл салбарт мөр зэрэгцэн хүчээ сорьж буй уул уурхайн компаниудад хүн/цаг тооллын систем хэрэгжүүлэхийг уриалж, үлгэр жишээ болох зорилгоор амжилтаа бататгасан баяраа өргөн тэмдэглэсэн нь энэ юм.

БАЯРАА ТЭМДЭГЛЭХДЭЭ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙГЭЭ ТУРШЛАГААСАА  ХУВААЛЦАХЫГ ЗОРИЛОО

“Платинум Ланд” ХХК-ийн  Төслийн менежер Б.ЭНХБААТАР:

Бид 2 сая хүн/цаг осолгүй ажилласны баяраа тэмдэглэлээ. Анх 2016 онд 1 сая хүн/цаг ажилласан баяраа тэмдэглэсэн бол уг амжилтаа ахиулж 2 сая хүн/цаг осолгүй ажиллалаа. Энэхүү баярыг тэмдэглэж байгаа нь баяр гэдэг утгаар биш мэргэжил нэгт нөхөд, салбарын мэргэжилтнүүдтэйгээ туршлагаасаа  хуваалцахыг зорьсон. Хүн/цаг тооллын системийг хэрэгжүүлээгүй байгаа уул уурхайн компаниуд бидний туршлагыг судалж хэрэгжүүлэхийг бас уриалж байгаа юм. Уул уурхайн салбарын хувьд аюулгүй ажиллагаа маш чухал үзүүлэлт юм. Хүн эрүүл саруул байж машин техник ажиллуулна, бүтээл гаргана. Тиймээс аюулгүй ажиллана гэдэг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд нэн тэргүүнд тавих ёстой зорилго юм. Манай компанийн хувьд 2017 оноос эхлээд олон улсын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд ажилчдын аюулгүй байдлыг хангах, хандлагыг өөрчлөх, сургалтад хамруулах, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зэрэгт анхаарч ажилласны үр дүнд бид Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо BS OHSAS 18001:2007  олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж олон улсын байгууллагаар амжилттай баталгаажуулсан. Ингэснээр бид олон улсын хэмжээнд танигдсан өрсөлдөхүйц үндэсний компани болох томоохон алхам болсон юм. Энэ амжилтад хүрэхэд манай хамт олны хичээл зүтгэл хамгийн их хувь нэмрээ оруулсан. Үүнээс онцлоход манай компанийн ХАБЭА хэсэг бол аюул ослоос урьдчилан сэргийлэхэд ажилчдаа анхаардаг маш бүтээлч баг юм.

 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН АЛТАН ЗАРЧИМ

Эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбар үйлдвэрлэлийн ослын шалтгаант нас баралт, осол гэмтлээр дээгүүрт жагсдаг ч сүүлийн жилүүдэд энэ төрлийн осол харьцангуй буурчээ. Хөдөлмөр эрхлэлтийн тоо баримтаас харахад 2015 оны байдлаар жилд 360 осол бүртгэгдэж, таван хүн тутмын нэг нь цаг бусаар амь насаа алдаж, хөдөлмөрийн чадвараа алддаг байсан нь анхаарал татахуйц хэмжээнд хүрч байв. Шалтгаан нь уул уурхайн салбар хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад төдийлөн анхаардаггүйн дээр уурхайчдын мэдлэг мэдээлэл, хувь хүний хариуцлагатай холбоотой байжээ.

Аюул ослоос урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахад хамгийн энгийн жишээ нь ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслүүдийг бүрэн зөв хэрэглэхээс эхэлнэ.

Хамгийн чухал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад тухайн ажилтан мэдлэг мэдээлэл, сургалтад тогтмол хамрагдах хэрэгтэй аж. Энэ талаар ойлголт мэдээллүүдийг бүрэн авч, өөрийгөө хөгжүүлснээр уурхайчид осолд өртөж бэртэх магадлал ч бага гэдгийг уурхайчид болон салбарынхан тодотгосон.

ЭРСДЭЛ ДУНД АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭДЭГ Ч БИД АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРМЭЭ БАРИМТАЛДАГ

“Платинум Ланд” ХХК-ийн Баяжуулах тоног төхөөрөмжийн оператор Г.ДУЛАМРАГЧАА:

-Миний хувьд компаниараа овоглоод зургаан жил болсон байна. 2 сая хүн/цаг осолгүй ажилласан баяр зохион байгуулсан удирдлагууддаа болон хамт олондоо талархаж байна. Сэтгэл маш их догдоллоо. Миний хувьд уул уурхайн салбарт ажиллаж байгаагаараа бахархдаг. Аюул осолгүй ажиллана гэдэг тухайн хүний үйлдлээс шалтгаалдаг гэж боддог. Ажилдаа гарахаасаа өмнө ХАБЭА-н инженерүүдийн хэлж, чиглүүлсэн зааврын дагуу ажлын хувцас хэрэгслээ бүрэн зөв хэрэглэхээс эхлээд анхаарал болгоомжтой байх ёстой. Миний ажлын нэг өдөр өглөө 06:00 цагт босч, хувийн бэлтгэлээ хангасныхаа дараа 07:00 цагт өглөөний цайндаа ороод, 07:40 цагт ажил маань эхэлнэ. Өдрийн 10 цагаар ээлжтэй ажилладаг болохоор ажил маань хүнд санагддаггүй. Мэдээж ачаалалтай, бас ядрах үе заримдаа байлгүй яах вэ. Гэхдээ ар гэрийнхнээсээ хол ч амьдрах ажлын орчин маань тухтай болохоор нэг мэдэхэд л ажлын 20 хоног харвасан сум шиг өнгөрсөн байдаг.

“Платинум Ланд” ХХК-ийн Уулын мастер Б.АРИУНЖАРГАЛ:

-Уулын ажлын талбай дээр ажиллах нь хүний амь нас эрсдэх, бэртэх эрсдэл маш өндөр. Хана, догол нурах, цөмрөх, машин техникүүдэд халтираа гулгаа үүсэх зэрэг эрсдэл дунд бид ажил үүргээ гүйцэтгэдэг. Тиймээс бид сайн хяналт, зохион байгуулалттай ажилладаг. Миний хувьд ээлж ахалж ажилладаг тул операторуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хангахад хяналт тавьж, эрсдэлтэй газруудыг зургаар харуулж сэрэмжлүүлж зөвлөгөө, чиглэл өгдөг. Нэг ээлжид 30 гаруй ажилчныг хариуцдаг бөгөөд операторууд маань ч бас уулын ажилд дүрэм журмаа баримталдаг. Өнөөдөр бид 2 сая хүн/цаг осолгүй ажилласны баяраа тэмдэглэлээ.

ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХАМТРАН АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД 3041 ХОНОГ ОСОЛ ГАРААГҮЙ

ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.ДАВААБАТ: 

-Монгол Улсын хэмжээнд үйлдвэрийн ослоор эрсдэл өндөртэй салбарууд байдаг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл эрсдэл өндөртэй салбарууд их бүртгэгддэг. Түүний нэг нь уул уурхайн салбар. Уул уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилтны эрүүл мэнд, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх нь чухал.

Салбартаа үлгэр жишээ болж буй компани бол “Платинум Ланд” ХХК. Тус компани 2 сая хүн/цаг буюу 3041 хоног осолгүй ажиллаж, бусад уул уурхайн компаниудад үлгэр жишээ болж байна. Мөн осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон компанит ажил эхлүүлсэн нь төр хувийн хэвшлүүд хоорондоо уялдаа холбоотой ажилласны үр дүн хэмээн харж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг сурталчилсан аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг. Тус компани нь 2017 онд Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагаар шалгарч, тухайн шагнал эзнээ олсон нь өнөөдөр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын соёл, удирдлагын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн нь бусад аж ахуйг нэгжүүдэд үлгэр дууриалал болж байна. Монголдоо монгол хүнийхээ эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлсэн "Платинум Ланд" ХХК шиг аж ахуйн нэгжүүдийн тоо ч бас нэмэгдэж байгаа нь маш сайн хэрэг. Осолгүй ажиллана гэдэг тухайн компанийн нийгмийн өмнө хүлээсэн маш том хариуцлага юм…" гэлээ.

АЛТЫГ НЬ АВСАН Ч АВДРЫГ НЬ ХООСОН ҮЛДЭЭХГҮЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр байгаль орчны асуудал анхаарал татахгүй байхын аргагүй. Статистик мэдээллээр улсын хэмжээнд 3140 аж ахуйн нэгж компани тусгай зөвшөөрөлтэй хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Булган аймагт гэхэд 109 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Төв аймагт 60 гаруй компани тусгай зөвшөөрөлтэй аж.

Харамсалтай нь алтыг нь авсан мөртлөө авдрыг нь хоосон орхисонтой адил голын ай сав дагуу энд тэндгүй ухаж сэндийлээд хаясан нүх, овоолсон шороо. Туул голоор зааглагдсан Булган аймгийн нутаг Бүрэгхангай сум, Төв аймгийн нутаг Заамарт өр өвтгөм дүр зураг угтсан нь энэ.

Газрын хэвлийг сэндийлж, шороо овоолж алтыг нь авсан атлаа нөхөн сэргээлт хийлгүй орхигдсон газрууд энд тэндгүй байх нь хариуцлагагүй уул уурхайн жижиг компаниуд төдийгүй хууль бус алт олборлолтын балаг гэхэд хилсдэхгүй.

Улсын хэмжээнд 27000 га газар эзэнтэй боловч 8000 орчим га талбай эзэн холбогдогчгүй, эвдэгдэж нөхөн сэргээлтгүй орхигдсон байна. Харин үлдсэн га талбайд уул уурхайн компаниуд тодорхой хэмжээнд газрын хэвлийд нөхөн сэргээлт явуулдаг аж.

Хариуцлагатай уул уурхайн компанийн алтан журмын нэг нь хүний эрүүл мэндийг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал бол нөгөө нь байгалийн нөхөн сэргээлт. Товчхондоо, алтыг нь аваад авдрыг нь хоосон үлдээхгүй байх нь чухал болоод байна.

“Платинум Ланд” ХХК-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулахад, Уул уурхайн ашиглалт, ашигт малтмалын хайгуул, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр олон улсын стандарт Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны BS OHSAS 18001:2007 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэвшил болгожээ.

Газрын хэвлийн нөхөн сэргээлтэд гэхэд улиас, хайлаас, чацаргана, голт бор зэрэг зургаан төрлийн модыг 60 га талбайд тарьсан байдаг. Байгалийн нөхөн сэргээлтэд зориулж уурхайд мод үржүүлгийн талбай байгуулж, нөхөн сэргээлтдээ ашигладаг. Энэ мэтчилэн уул уурхайн компаниуд хариуцлагаа ухамсарлаж, газрын хэвлийн нөхөн сэргээлтэд анхаардаг болсон сайн тал бий ч саар нь хууль бус алт олборлогчид болон жижиг уул уурхайн комапниуд газрын хэвлийг сэндийчиж, байгаль орчинд хор нөлөө учруулсаар байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодотгов.

ОРХИГДСОН ГАЗРУУДЫГ НӨХӨН СЭРГЭЭЖ, НИНЖА НАРЫГ ЦЭГЦЭЛНЭ

БОАЖЯ-ны Дэд сайд Ц.БАТБАЯР: 

-Хариуцлагатай уул уурхай гэдэг бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах төдийгүй байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарсан байх ёстойг хэлнэ. Энэхүү шаардлагыг хангаж, хариуцлагатай уул уурхай гэдэгт хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн уул уурхайн компаниудын нэг нь “Платинум Ланд” ХХК хэмээн үзэж байна. Тус компани 2016 онд 1 сая хүн/цаг, 2020 онд 2 сая хүн/цаг осолгүй ажиллаж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан нь хийсэн ажлын үр дүн нь бодит байдал дээр харагдаж байна. Нөгөө талаас газрын хэвлийн нөхөн сэргээлтийн асуудал байна.

Салбарын яамнаас 2012 онд уул уурхайн хайгуул, олборлолтын нөлөөгөөр эвдэрч, орхигдсон газруудын тоо судалгаагаар 4256 гаруй га газар эвдэгдэж орхигдсон гэж үзсэн. Дараа нь 2018 оны судалгаагаар энэ тоо хоёр дахин өссөн ч 8000 гаруй га газар эвдэгдэж, бас нөхөн сэргээгдсэн байдаг.

Гэвч жижиг уурхайнууд буюу нинжануудыг дагасан асуудал цөөнгүй тул цэгцлэх шаардлагатай байгаа юм. Тэд эрүүл газрыг сэндийлж, гар аргаар алт олборлолт явуулахдаа дараа нь хэзээ ч нөхөн сэргээлт хийдэггүй. Иймд Засгийн газраас гар аргаар алт олборлогчдыг цэгцлэх асуудалд анхаарч, тодорхой төслүүд боловсруулж, УИХ-аар батлуулах гэж байна.

Ерөнхийдөө уул уурхайн компаниуд байгалийн нөхөн сэргээлт хийх чиглэлээр хууль эрхзүйн орчныг чангаруулна. Энэ утгаараа эвдэгдсэн газруудад хяналт тавьж, нинжа нарыг хөөн гаргаж байна. Тухайлбал, Архангайн Цэнхэрийн голын ай сав хяналтад орж, нөхөн сэргээлт хийгдэж байна. Мөн Сэлэнгэ аймаг анхаарал татаж байна.

Тус аймгийн хэмжээнд 3500 га талбай орчимд нөхөн сэргээлт хийхээр Засгийн газраас тодорхой төсөв гаргаж, хяналт тавьж эхэлсэн. Түүнчлэн Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын асуудал бий. Нөхөн сэргээлт хийгдсэн газрууд байгаа ч орхигдсон эзэнгүй газрууд ч байна. Орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх ажлыг Төв аймгийн нутгаас эхлүүлээд байна. Ер нь уг асуудалд төрөөс анхаарч, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох болно" гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-10 66.181.161.90

,, Аав нь удахгүй очлоо ,, гэж хэлээд л онхолдцон юм байх гэж бодлоо шд !…

Avatar

Зочин 2020-08-10 202.55.188.84

Баяр хүргэе. Сайн байна.

Avatar

Зочин 2020-08-10 202.131.234.194

“Аав нь удахгүй очлоо… Ажлаасаа гараад хот руу орж явна. Миний охин аавыгаа хүлээлгүй унтаж байгаарай…” хэмээн 40 орчим насны уурхайчин залуу утсаар яриад таслав. Ямар балиар осол гаргачихсан юм шиг эхлүүдэг булдруу вэ? Сайн сайхан гоё юмны тухай бичиж байж……………

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж