Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.08.10) шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ОДООГИЙН БАЙДЛААР 3358 ХҮН АЖИГЛАХ ТУСГААРЛАХ БАЙРАНД БАЙНА
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс, бүс нутагт шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, нийт 19,736,652 хүн халдвар авч, 731 мянган хүн эндсэн бол 12 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 273 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн энджээ. ДЭМБ-аас дэлхий нийтээрээ хамтран тэмцэх цаг болсон гэж дахин мэдэгджээ.
Амны хаалт зүүхгүй байгаагаас дэлхийд "Covid-19"-ийн халдвар эрчимтэй тархаж байна. Тиймээс амны хаалтаа тогтмол хэрэглэж, вирусийн болон улирлын томуугийн халдвараас сэргийлэхийг уриалж байна.
Өнөөдөр Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй гурван хүний биеийн байдал хүнд байна. Тусгай дугаарт эмнэлгийн орчинд хүүхдээ дагуулж явж байна гэсэн сэрэмжлүүлэг их ирж байна. Бага насны хүүхдүүдээ олон нийтийн газар болон эмнэлгийн байгууллагаар дагуулж явахгүй байхыг анхааруулж байна.
Манай улсын хувьд тусгаарлалт ажиглалтад 289 хүн шинээр орж, гэрийн тусгаарлалтад 26 хүн гарсан. Одоогийн байдлаар 3358 хүн ажиглах тусгаарлах байранд байна. Эдгээрт 36 их эмч, 80 резидент эмч, 79 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээрт 13 их эмч, 41 асрагч сувилагч эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 дугаарт өчигдрийн байдлаар 98 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөгөө авсан. СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт долоон иргэн холбогдсон сэтгэл зүйн зөвлөгөө авчээ.
“ХӨСҮТ-Д НЭГ ХҮНИЙ БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД ХЭВЭЭР БАЙНА”
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
–2020 оны наймдугаар сарын 9-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит нийт 621 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Үүнд, наймдугаар сарын 9-нд Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн 260 хүн, Дархан-Уул аймаг болон ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа 30 эмч ажилчин, Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирж, тусгаарлагдсан 36, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 16 тээврийн жолоочийн шинжилгээ багтаж буй. Эдгээр хүмүүсийн анхны шинжилгээнд коронавирус илрээгүй.
Мөн долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн 262 хүний давтан шинжилгээ, ажиглан тусгаарлах байранд байгаа таван хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. ХӨСҮТ-д халдвар авсан 30 хүн байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хөнгөн. Эдгэрч эмнэлгээс гарсан 263 хүн байгаагаас 47 хүн сувилалд, 27 хүн гэртээ, 193 хүний ажиглах тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-ийн клиникт тусгаарлан ажиглалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд, эмчилгээ үргэлжилсээр байна.
Давтан шинжилгээнд өдөрт 2-3 онгоцоор ирсэн хүмүүсийг хамруулж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг дөнгөж ирмэгц коронавирус илрүүлэх шинжилгээ авсан. Хэрвээ батлагдсан тохиолдолд таван ч удаа давтан шинжилгээ хийж байна. Өдөртөө шинээр тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс дээр нэмээд 1-2 онгоцны иргэдээс давтан шинжилгээ авч байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэдэг газар нас барсан ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээний хариу ирээгүй байна.
"НАДАД УНААД ЗУГТААДАГ ХУВИЙН МАШИН Ч БАЙХГҮЙ"
Мэдээллийн төгсгөлд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өөрийнх нь тухай цацагдсан мэдээллийн талаар тайлбар хийлээ.
ХӨСҮТ-ийн удирдлагууд энэ сарын 4-ний өдөр ажлын байрандаа архидан согтуурч, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдах болсон.
Тэрбээр "Би өөртэйгөө холбоотой мэдээлэлд хариулт өгье. Надад одоо маш чухал цаг үед маш хариуцлагатай ажил хийж байгаагийн хувьд тэгж явах зав байхгүй. Би өөрийнхөө хувьд л хариулж байна. Надад унаад зугтаадаг хувийн машин ч байхгүй. Сүүлийн үед хүний нэр хүндэд хэтэрхий халдах, цаг наргүй хөдөлмөрлөж байгаа хүмүүс рүү дайрч, давшлах явдал гарч байна. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Би дахин хэлье, надад тэгж явдаг зав байхгүй" гэлээ.
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Sunday, August 9, 2020
Гэрэл зургийг: Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ