Москва хотоос 5000 орчим миллийн зайтай орших, аж үйлдвэрийн метрополис Хабаровск ОХУ-ын улс төрийн төвд орж ирлээ. Мужийн захирагчийг нь баривчилсныг эсэргүүцсэн жагсагчид Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрохыг шаардан, сүүлийн сарын хугацаанд жагсаж байна. Олон мянган жагсагч “Путингүй Орос”-ын төлөө аадар бороотой, халуун нартай өдрүүдийг үл өнжин жагссаар. Жагсагчдын тоо хамгийн ихдээ 60 мянгад хүрсэн ч Кремлийн зүгээс жагсаалын эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Оросын тусгай албаныхан Сергей Фургалыг өнгөрсөн долдугаар сарын 9-нд Москва хот руу мөрдөн шалгаж, байцаалт авахаар авч явсан юм. Сергей Фургалыг 2004-05 онд хүн амины захиалгат хэрэгт буруутган баривчилж, Москва хотноо шоронд хорьжээ. Гэвч Сергей Фургалын баривчилгаа нь улс төрийн зорилготой гэж оршин суугчид үзэж байна. Түүнчлэн ажиглагчдын зүгээс Сергей Фургалыг баривчилсан нь Ерөнхийлөгч Владимир Путины төр барих хугацаагаа сунгасантай холбоотой гэж үзэж байна. Учир нь Хабаровск мужид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх санал асуулгын ирц хамгийн муу байсан аж.
Үүний зэрэгцээ Сергей Фургал нь өнгөрсөн 2018 оны орон нутгийн сонгуульд Кремлийн дэмжлэгтэй нэр дэвшигчийг ялж, мужийн захирагч болжээ. Либерал Ардчилсан намын гишүүн Сергей Фургал нь Төрийн Думд хамгийн удаан сууж буй улстөрчдийн нэг юм. Тэрбээр өнгөрсөн хавар Владимир Путины Нэгдсэн Орос намаас хэрэгжүүлсэн тэтгэврийн насыг өөрчлөхийн эсрэг санал өгчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр Хабаровск мужийн түр орлон гүйцэтгэх захирагчаар Михайл Дегтярёв гэгчийг томилсон боловч орон нутгийн иргэд хүлээж аваагүй.
Либерал Ардчилсан намын дарга Владимир Жириновский жагсаалыг тайлбарлахдаа Путины засаглалын худал хуурмаг, хэвлэлийн тархи угаалтаас шалтгаалан жагсаал газар авах магадлалтай хэмээн мэдэгджээ. Хэвлэлийнхэн Хабаровск мужийн жагсаалыг хараагүй мэт өнгөрөөж байхад олон сая орос цахим орчин, интернэтээр Алс Зүүн хязгаарын үйл явдлыг харж, ажиглах аж. Хабаровск мужийн ард түмний тэмцлийн гол санаа нь ажилгүйдэл, авлига, бохирдол, Засгийн газрын бүтэлгүйтлийг эсэргүүцэж буй юм.
Владимир Жириновский саяхан Төрийн Думд хэлсэн үгэндээ “Нэг намын систем байсаар байгаа нөхцөлд Хабаровск мужийн жагсаал үргэлжлэх болно” хэмээн мэдэгджээ. Лениний засаглалын дор эхэлсэн нэг намын системийн уламжлалыг Владимир Путин үргэлжлүүлж буй. Хабаровск мужид ажилчдын цалин хөлс Москвагийнхаас бараг 50 хувь бага, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсээр байгаа нь оршин суугчдыг бухимдуулжээ. 600 мянган хүн амтай Хабаровск хот нь Хятадтай хиллэдэг ба Москва хотоос долоон цагийн бүсийн зайтай оршдог.
Хабаровскоос 2000 миллийн зайтай орших Норилск хот нь никель олборлолтоор дэлхийд тавдугаарт, паллади металлын олборлолтын тал хувийг бүрдүүлдэг. Гэвч дэлхийн хамгийн хойд хэсгийн Норилск нь ОХУ-ын хамгийн их бохирдолттой хот бөгөөд нисэх онгоцноос буугаад л металлын амт аманд тань амтагдахыг та ажиглах болно. Тус хотод өнгөрсөн тавдугаар сарын 29-нд зэвэнд идэгдсэн хадгалах саваас их хэмжээний дизель түлш асгарсан. Үүнийг үйлдвэрийн эзэд, нутгийн удирдлагууд нуун дарагдуулсан нь Арктикийн эко системд нөхөгдөшгүй хөнөөл учруулах эрсдэл үүсгэжээ. Гэвч Оросын хэвлэлүүд Норилск хотод түлш асгарсан гамшгийг нэг их тоосонгүй.
Харин "Новая Газета" сонины мэдээлэл орон нутгийн цагдаа, прокурорыг сэрээж, үйлдвэрт шаардлага хүргүүлэн, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ. Энэ хооронд Оросын улс төрд түлш асгарсан үйлдвэрийг эзэмшилдээ авах өрсөлдөөн өрнөсөн байна. Тус үйлдвэрийг Оросын хамгийн баян олигарх Владимир Потанин эзэмшдэг аж. ЗХУ-ын үед Коммунист намын гишүүн байсан Владимир Потанин Норилск дахь үйлдвэрийг 1990-ээд оны өмч хувьчлалаар далимдуулан хямд үнээр авчээ. Тэрбээр эцэст нь дизель асгарсанаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулахаа мэдэгдсэнээр энэ хэрэг намжжээ.
Холбоотой мэдээ