Бумбатын рашааны замын ажил дуусаагүй байхдаа эвдэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Бумбатын рашааны замын ажил дуусаагүй байхдаа эвдэрчээ

Бумбатын рашааны замын ажил дуусаагүй байхдаа эвдэрчээ

Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо буюу Баруун салааны автобусны эцсийн буудлаас Бумбатын рашаан чиглэлийн замыг жилийн өмнөөс тавьж эхэлсэн нь ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. Замын бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны наймдугаар сард эхэлсэн бөгөөд 2020 оны аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэйг албаныхан хэлж байв. Гэвч замын бетон хучилтын ажил бүрэн дууссан ч зарим хэсэгтээ борооны усанд эвдэрчээ.

Баруун салааны автобусны эцсийн буудлаас Бумбатын рашаан чиглэлийн хатуу хучилттай 3.6 километр замын бүтээн байгуулалтын ажлыг "Хомын тал" ХХК гүйцэтгэж байгаа аж. Энэ чиглэлийн замыг шинэчлэхээр улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс 2019 оны санхүүжилтэд нэг тэрбум төгрөг тусгаж, үлдсэнийг нь 2020 онд зарцуулах он дамжсан төсөвтэй болохыг мэргэжилтнүүд онцлов. Захиалагч нь Зам, тээврийн хөгжлийн яам, зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ажиллаж байна.

Жолооч Д.Бямбадорж “Бумбат чиглэлийн замыг өнгөрсөн оны зунаас эхэлсэн. Өмнө нь энэ зуслангийн замаар явахад шороо тоос, шавар ихтэй байдаг байсан. Зуслангийн чиглэлд зам тавьж байгаа нь сайшаалтай. Гэвч замын чанар, аюулгүй байдалд анхаараасай гэж хүсч байна. Одоогоор замын ажил нь бүрэн дуусаагүй байгаа бололтой хүмүүс ажиллаж харагддаг. Шинэ зам хэрнээ зарим нэг газраа хагарч, эвдэрсэн байна. Иргэдийн санал гомдлыг тусгаж, хүлээн авахыг хүсье” гэлээ.

“Явган хүний замын бетон хагарч, ухсан байсныг анзаарлаа. Улсын төсвийн хөрөнгөөр ингэж тоглож болохгүй шүү дээ. Хийж буй ажлаа хаа хаанаа хариуцлагатай хийж баймаар байна” хэмээн иргэн Б.Золбоо хэлж байв.

Өнгөрсөн 2019 онд улсын хэмжээнд 25 мянга 302 зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ. Эдгээр ослын шалтгаан нөхцлийн 98.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 0.01 хувь буюу нийт ослын 130 нь замын нөхцөл байдлаас хамаарааралтайг Тээврийн цагдаагийн албанаас тогтоосон байна. Жишээлбэл, замын гадаргуу хэсэгт нүх үүсэх, шүүрт худгийн таг байхгүйгээс, тэмдэг тэмдэглэгээ буруу байрлуулснаас болоод хурдтай явах зэргээр осол гардаг байна.

Зам тээврийн хөгжлийн төвийн хяналтын инженер М.Энэбиш "Асфальт бетон хучилттай, хоёр урсгалтай зам тавигдана. Одоогоор замын бетон хучилт бүрэн дууссан. Ажлын явц 85 хувьтай байна. Явган хүний замын ажил 75 хувь, замын хашлагын ажил дууссан, зургаан хоолой тавих ажлын дөрвийг нь хийсэн. Замын гэрэлтүүлгийн ажлыг нэг километр газарт хийсэн.

Гэрэлтүүлгийн туслан гүйцэтгэх компани зургийн дагуу ажлаа хийгээгүй байсан. Тиймээс  гэрлийн шонг нь авахуулж зургийн дагуу  гүйцэтгэл хийлгэсэн. Одоо бидэнд гурван сарын ажлыг хоёр сард багтаан дуусгахаар төлөвлөж байна. Бид Улсын онцгой комисст замаа хүлээлгэж өгөхөөс өмнө заслынхаа ажлыг бүрэн хийж дуусгана.

Энэ зуны их хэмжээний бороонд, авто замын бүтээн байгуулалтын үеэр эвдрэл гэмтэл гараагүй. Хэсэгхэн газар торон хагарал гарсан. Бид Улаанчулуутын стандартын чулуун орд газраас далангийнхаа шороог авч, стандартын дагуу хийсэн. Анх байсан суурины доор шавар байсан болов уу. Одоо тэр хагарсан хэсгийг нөхүүлэх гээд хөрөөдүүлчихсэн. Цаашид энэ хагарал нүүж магадгүй учраас доод суурьтай нь ухаж, үе шаттайгаар нягтруулж хучилтаа дэвсэнэ.

Замын бетон хучилтын хувьд долоон см зузаантай Суурь бетон дөрвөн см, дээрээс нь гурван см өнгө хучилт хийсэн. Хучилт дэвсэж байх үед метрийн шугамаар хэмжээд, дараагаар нь нягтруулсны дараа өрөмдөн авч хэмжилтийг нь хийж, нягтыг нь үзэж лабораторид баталгаажуулдаг” гэв.

“Хомын тал” компанийн 30-40 орчим ажилтан ажиллаж байгаа. Өнгөрөгч 2014 онд хийсэн замын зураг учраас ойр орчимд цөөн айл байжээ. Харин замын бүтээн байгуулалтын ажил таван жилийн дараа эхлэхэд айлууд олноор бууж, зам дагуу хашаа хатгасан байсан. Тиймээс айл болгоны үүдэнд гарц гаргах шаардлагатай болсон байна. Харин Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс хэд хэдэн гарцыг хаажээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Бид 2020 онд гэр хороолол руу түлхүү автозам шинээр тавьж байгаа. Гэр хороололд өндөрлөг газар их байдаг учраас гадаргууны усаа зайлуулж, үерийн далангаар усаа урсгахаар төлөвлөж байна. Нөгөө талаараа жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс болж, замын эвдрэл үүсэх нь бий. Зөвшөөрөлгүйгээр хүнд даацын машин замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс замыг эвдэх асуудал ч гардаг” талаар өмнө ярьж байсан юм.

А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж