УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2016.01.21/ өргөн мэдүүлэв.

Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг хариуцан ажилладаг бөгөөд 2005 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хугацаа 2015 онд дуусгавар болсон байна.

2015 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулга уулзалт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болон “Тогтвортой хөгжлийн зорилгууд” хөтөлбөрийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт дурдав.

Тус чуулга уулзалтын үеэр Монгол Улс ядуурал, ажилгүйдэл, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, усны нөөц, байгаль орчны бохирдол, ногоон хөгжил зэрэг асуудалд өөрийн улсын байр суурийг илэрхийлж уг бичиг баримтад саналаа тусгасан байдаг бөгөөд нийт 17 тогтвортой хөгжлийн зорилгууд батлагдсан байна. Эдгээр зорилгуудыг Монгол Улсын хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх асуудлыг эрхлэх Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны нэрийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж