УЕФА Аваргуудын лиг: Лиссабонд уулзацгаая

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

УЕФА Аваргуудын лиг: Лиссабонд уулзацгаая

УЕФА Аваргуудын лиг: Лиссабонд уулзацгаая

Европын хөлбөмбөгийн клубуудын дунд хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн 2019-2020 улирлын шилдэг найман багийн нэрс өнгөрөгч амралтын өдрүүдэд тодорлоо. Энэ улирлын хувьд шинэ коронавирусийн улмаас шалгарсан шилдэг найман баг Португал улсын Лиссабон хотод цугларан тус хотын Эстадио да Луз болон Эстадио Хосе Алваладе гэх хоёр цэнгэлдэх хүрээлэнд үлдсэн тоглолтуудаа зохион байгуулахаар болсон. Ингэснээр багууд улс болон хот дамжин тоглолт хийн халдвар авах эрсдэлгүй болох бөгөөд аль нэг багт нь талбайн давуу тал үүсэхгүй болж байгаа юм.

  • Тоттенхэм Хотспур (0) 0-3 (4) РБ Лейпциг

Онцгой нэгэн Жозе Моуриньогоор удирдуулсан Английн Тоттенхэм Хотспур баг энэ улирлыг тун эрт өндөрлүүллээ. Өнгөрсөн улиралд УЕФА Аваргуудын лигийн финалд шалгарч байсан ч энэ улиралд бэртэл гэмтлийн улмаас нэг л хангалтгүй тоглолтыг үзүүлж байсан Лондонгийн цагаан баг улирлын дундуур ахлах дасгалжуулагч Маурисио Почеттиног сольсон ч энэ нь залуу Герман багийг хожиход тус болж чадсангүй. Өдгөө 33 настай Жулиан Нагелсманнаар удирдуулсан РБ Лейпциг тэднийг хоёр тоглолтонд хожиж чадсан юм.

  • Атлетико Мадрид (4) 3-2 (2) Ливерпүүл

Диего Симеонегийн Атлетико Мадрид Кристиано Роналдогийн л баг биш бол УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд өөр ямар ч багт хожигддоггүй гэх гайхалтай үзүүлэлтээ энэ удаад үргэлжлүүллээ. Тэр тусмаа өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лигийн аварга хүчирхэг Ливерпүүлийн эсрэг үзүүлж чадлаа. Юрген Клоппын залуус айлын талбайд 1-0 гэсэн харьцаатай хожигдсон ч өөрсдийн Энфилд цэнгэлдэхдээ өрсөлдөгчөө үндсэн цагт 1-0 гэсэн харьцаатайгаар хожиж нэмэлт цаг гаргаж дөнгөсөн. Энфилдэд өнгөрсөн тэрхүү нэмэлт цагийн 30 минутанд талбайн эзэд бус Атлетико Мадрид Маркос Льоренте болон Алваро Моратагийн гоолуудын ачаар дараагийн шатанд өрсөлдөх эрхээ олж авч чадсан.

  • Аталанта (8) 4-3 (4) Валенсиа

Аталанта баг УЕФА Аваргуудын лигт ч бус Италийн Сериэ-А лигтээ энэ улиралд сайн байсан. Ялангуяа урд довтолгооны хослолууд нь гайхалтай байж гоолын бороог асгаруулж байгаа гэж хэлж болно. Дээрх хоёр багийн сүүлийн хариу тоглолтонд Аталантагаас Йосиф Иличич гайхалтай байж дөрвөн гоол оруулан тус тэмцээний түүхэнд хамгийн хөгшиндөө гурав болон түүнээс дээш гоол оруулсан тоглогч болсон.

  • Боруссиа Дортмунд (2) 0-2 (3) ПСЖ

Залуу оддоор бүрэлдэхүүнээ зузаатгасан хоёр багийн тоглолтууд тун өрсөлдөөнтэй болсон. Эхний тоглолтонд Боруссиа Дортмунд талбайдаа илүүрхэн Эрлинг Холандын хоёр гоолын ачаар ялалт байгуулж чадсан бол ПСЖ хоёрдахь тоглолтонд Неймар болон Хуан Бернат нарын гоолоор ялалт байгуулсан. ПСЖ багийн Бразил од Неймар энэ цувралын хувь заяаг шийдсэн гэхэд хилсдэхгүй. Түүний эхний тоглолтонд оруулсан ганц гоол болон сүүлийн тоглолтонд ганц гоолын ачаар ПСЖ дараагийн шатанд шалгарах эрхээ халаасалсан. Францын аваргууд ПСЖ энэ улирлын УЕФА Аваргуудын лигт түрүүлэх хамгийн өндөр боломжтой багуудын тоонд багтаад байна. Ялангуяа багийн гол довтлогч нь болох Килиан Мбаппегийн гэмтэл хурдан эдгэрч байгаа гэсэн сайн мэдээ байна.

  • Реал Мадрид (2) 1-2 (4) Манчестер Сити

Өнөө цагийн хөлбөмбөгийн өнгө төрхийг тодорхойлж буй хоёр том багийн тулаанд Английн аваргууд Манчестер Сити илүүрхсэн. Мөн өнөө цагийн хоёр шилдэг дасгалжуулагчид болох Зинедин Зидан болон Пеп Гвардиола гэсэн тактикийн тулаан ч болсон гэж хэлж болно. Гэвч топ түвшний багуудын тоглолтыг жижигхэн алдаа хэрхэн эргүүлж болдгийг Реал Мадридын хамгаалагч Рафаэль Варан хангалттай харуулсан гэж бодож байна. Хоёр жижиг, хайхрамжгүй алдаа хоёр гоол. Багийн ахлагч, гол хамгаалагч Серхио Рамос тоглох боломжгүй байсан нь Манчестер Ситигийн залуу довтлогчид болох Рахим Стерлинг, Габриэл Жезус нарт олз болсон. Ийнхүү Зинедин Зидан анх удаагаа УЕФА Аваргуудын лигээс дасгалжуулагчийн хувиар хасагдаж байна.

  • Лион (2) 1-2 (2) Ювентус

Энэ жилийн УЕФА Аваргуудын лигийн хамгийн том сенсацийг Францын Лион тарьсан гэж хэлж болно. Италийн Сериэ-А лигтээ түрүүлээд удаагүй байсан Кристиано Роналдо, Пауло Дибала тэргүүтэй Ювентус багийг хэн даруухан Лионд хожигдож хасагдана гэж бодох вэ дээ. Лион ч талбайдаа тун сайн тоглолтыг үзүүлж ганц гоол оруулан түүнийгээ багаараа хамгаалсаар байгаад ялалт авч чадсан. Харин Туринд явагдсан хариу тоглолтонд Кристиано Роналдо шилдэг тоглолтоо үзүүлсэн ч Мемфис Депайгийн оруулсан ганц гоол тэднийг хасахад хангалттай байлаа. Хоёр тоглолтын нийлбэр дүн хэдий 2-2 ч айлын талбайд гоол оруулсан гэх үзүүлэлтээр Лион илүү байсан учир дараагийн шатанд шалгарч чадлаа. Энэхүү хасагдсан тоглолтын дараа Ювентус ахлах дасгалжуулагч Маурицио Сарриг халж, Кристиано Роналдо Францын ПСЖ баг руу явах яриа гарч эхэлсэн.

  • Наполи (2) 1-3 (4) Барселона

Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд явагдсан шийдвэрлэх тоглолтыг Лионель Месси шийдсэн. Түүний гайхалтай гоол, талбайг харах мэдрэмж зэрэг үнэхээр супер байж баг нь Наполиг давж чадсан юм. Энэ улиралд одоогийн байдлаар ганц ч цом хараахан хүртээгүй байгаа Барселонагийн хувьд УЕФА Аваргуудын лиг бол цом хүртэх сүүлийн боломж нь.

  • Челси (1) 1-4 (7) Байерн Мюнхен

Германы аварга Байерн Мюнхен Английн багуудыг бут ниргэдэг уламжлалаа энэ удаа ч хадгалж үлдлээ. Фрэнк Лампардын залуусыг энэ улиралд дийлдэшгүй байгаа Роберт Левандовски болон Серж Гнабри нар дуусгасан. Байерн Мюнхен энэ улиралд УЕФА Аваргуудын лигт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байна.

УЕФА Аваргуудын лигийн шөвгийн найман багийн оноолт:

  • РБ Лейпциг – Атлетико Мадрид
  • Аталанта – ПСЖ
  • Манчестер Сити – Лион
  • Барселона – Байерн Мюнхен

Шөвгийн найман багийн хасагдах шатны тоглолтууд ирэх наймдугаар сарын 12-23-ны өдрүүдэд дээр дурдсанчлан Лиссабон хотын хоёр цэнгэлдэхэд зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж