"Японы шигшээтэй тоглох болсныг сонсоод сэтгэл их түгшсэн" | News.MN

"Японы шигшээтэй тоглох болсныг сонсоод сэтгэл их түгшсэн"

"Японы шигшээтэй тоглох болсныг сонсоод сэтгэл их түгшсэн"

"Японы шигшээтэй тоглох болсныг сонсоод сэтгэл их түгшсэн"

“NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор Монголын хөлбөмбөгийн дээд лигийн “Дэрэн” багийн авьяаслаг залуу тоглогч А.Дөлгөөнийг сонголоо. Түүний хувьд 2022 оны Катар улсад зохион байгуулагдах ДАШТ-ий урьдчилсан шатанд Мьянмарын эсрэг хожлын гоол оруулж, Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-ий анхны гурван оноогоо авахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ахыгаа дагаж хөлбөмбөг хэмээх их спортод татагдсан түүний ярилцлагыг хүргэе.


Амараа Дөлгөөн 2001.02.20

Төгссөн сургууль: 

Улсын тэргүүний Ган зам 20-р сургууль

Мэргэжил:

МУИС-ийн маркетинг, менежментийн хоёрдугаар курсын оюутан

Одоо эрхэлж буй ажил:

Дэрэн хөлбөмбөгийн багийн тамирчин

Сошиал:

А. Дөлгөөн/Facebook/, Дөлгөөннн../Instagram/

-Ярилцлагаа хүүхэд насны дурсамжаас тань эхлүүлье. Хаана төрж, өссөн бэ?

-Багадаа ахтайгаа л хөлбөмбөг тоглож өссөн дөө. Лагерь дээр ч, байрныхаа гадаа ч хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож, хийж үзээгүй зүйл гэж байхгүй. Ахыгаа “Дуулиан 2020” тэмцээнд тоглож байхад нь үзэж байсан юм. Тоглолт дууссаны дараа манай сургуулийн биеийн тамирын багш Ц.Болдбаатар "Хамт бэлтгэл хийх үү?" хэмээн санал тавьж байсан тэр цаг үеэс л хөлбөмбөгт дурлаж тоглодог болсон доо.

-Хөлбөмбөгт дуртай болгож нөлөөлсөн ахынхаа талаар ярихгүй юу?

-Манай ахыг А.Тэмүүжин гэдэг. Бид хоёр хамтдаа "Дэрэн" клубт 2017 он хүртэл хүчин зүтгэх хугацаандаа лигт хоёр жил хамт тоглосон. Харин ах маань 2017 оноос хойш "Улаанбаатар Сити" клубтэй нэгдэж, одоог хүртэл тоглож байна даа.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач. Эхээс хэдүүлээ вэ? 

-Манайх ам бүл зургуулаа. Би нэг ах, хоёр дүүтэй. Аавыг минь Нэргүйн Амараа, ээжийг минь Жаргалсайханы Наранцацрал, ахыг минь А.Тэмүүжин, эмэгтэй дүүг А.Марал, эрэгтэй дүүг А.Чингүүн гэдэг.

-Монголын хөлбөмбөгийн тамирчид дунд таны үлгэр дуурайлал авдаг хүн байдаг биз?

-Бага байхдаа Монголын тамирчдаа их хардаг байсан. Тэр дундаа Х.Цэнд-Аюуш, Б.Гарьдмагнай, Н.Наранболд зэрэг тамирчдыг харан дуурайж, тэдэн шиг тоглохыг хичээдэг байсан. Харин одоо мөр зэрэгцэн тоглож буйдаа үнэхээр их баяртай байна.

-Анхны амжилтынхаа талаар ярихгүй юу? Ганзамын 20-р сургууль хөлбөмбөгөөр алдартай шүү дээ.

-Хөлбөмбөгөөс гадна гэвэл сургуулиас зохион байгуулдаг дүүргийн намрын спартакиадад оролцож, алтан медаль, Улаанбаатар хотод хүрэл медаль авч байлаа. Харин хөлбөмбөгийн хувьд хамгийн анх “Дэрэн Кап” тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байсан. Ямартай ч хөлбөмбөгийн амжилтаа алтан медаль авч эхлүүлж байгаагүй шүү (инээв.сурв).

-Японы алдарт Сайтама цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн багийн эсрэг тоглох ямар байсан бэ? Зурагтаар л хардаг ододтой нэг талбайд тоглоно гэдэг сайхан байсан болов уу? 

-Японы шигшээтэй тоглолт хийх болсныг сонсоод сэтгэл маш их түгшсэн. Тийм мундаг тамирчидтай баг бидний эсрэг гол тоглогчдоо тоглуулах болов уу, яах бол гэсэн хүлээлттэй байсан. Сайтама цэнгэлдэхэд очоод их сандарч байлаа. Учир нь тэдгээр тоглогчдыг зурагтаар харж явсан, гэтэл мөр зэрэгцээд тоглоно гэдэг нэг талаараа бахархууштай, нөгөө талаараа цаашдаа ярихад хүртэл дурсамжтай зүйл болж өнгөрсөн. Японы хөгжөөн дэмжигчид тоглолт дууссаны дараа миний дөрөв дугаарыг заагаад, намайг их дэмжиж байх шиг санагдсан.

-Ирэх аравдугаар сарын 13-нд Японы шигшээ багийг Монголдоо хүлээн авч, хариу тоглолтоо хийнэ. Энэ удаад нутагтаа тоглоно гэхээр сэтгэл догдолж байна уу?

-Мэдээж, талбайдаа тоглох юм чинь оноо салгах, цаашлаад хожил авахыг зорино. Том баг гэж айлтгүй талбайдаа тоглож буй учир оноо "зулгаах"-ыг хичээнэ. Аль болох хожно гэж бодож байгаа.

-Өнгөрсөн оны есдүгээр сард Мьянмар шигшээ багийн эсрэг хожлын гоол оруулахад ямар сэтгэгдэл төрсөн бэ? Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны анхны ялалтаа авч, түүх бүтээсэн гайхалтай тоглолт болж өндөрлөсөн.

-Намайг өдий зэрэгт хүргэсэн багш нар, эцэг эх, багийнхаа тамирчид болон дасгалжуулагчид бүгдэд нь талархан, маш их баярлаж байсан. Гоол хийснийхээ дараа өөртөө итгэж өгөхгүй байлаа. Гоол хийгээд л дотор жоохон харанхуйлаад, нэг мэдсэн үзэгчдийн өмнө очоод баяраа хамт тэмдэглэж байсан даа.

-Хэрвээ өөрт тань Монголын хөлбөмбөгт ямар нэг өөрчлөлт шинэчлэлт хийх боломж олдвол юу хийх вэ?

-Миний хувьд Унгарын хөлбөмбөгийн Пушкаш академид нэг жил суралцаад ирсэн. Хэдий манай Монгол орон өвөлдөө хүйтэн ч гэсэн амьд зүлэгтэй талбайтай байж болох болов уу гэж би бодоод байгаа юм. Пушкаш академид доороосоо халаалттай битүү цэнгэлдэх байдаг. Тэнд өдөр, оройн цагаар үргэлж гэрэл тусгадаг учир өвс нь үхдэггүй амьд хэвээрээ байдаг юм билээ. Тиймэрхүү системээр явбал Монгол Улс амьд зүлэгтэй цэнгэлдэхтэй болох боломжтой гэж боддог.

-Пушкаш академийн талаар дэлгэрүүлж яриач. Хэдий хугацаанд суралцсан бэ?

-Анхнаасаа нэг жилийн хугацаанд суралцаад ирнэ гэж явсан. Хугацаандаа амжилттай бэлтгэл сургуулилтаа хийн, тэндээ үргэлжлэн суръя гэсэн боловч 17 настай явсан учраас хамаагүй гэрээ хийж болохгүй. Мөн Унгарын хоёр, гуравдугаар дивизоны багт гадны тоглогч тоглуулдаггүй болохоор Монголдоо буцаж ирсэн дээ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Ихэнх цаг заваа бэлтгэл сургуулилт, хичээл номдоо зарцуулах уу?

-Тийм шүү. Чөлөөт цаг надад ховор гардаг. Өглөө 11:00 цагаас бэлтгэлтэй байлаа гэхэд 09:00 гэж босоод, цай ундаа уугаад, бэлтгэлээсээ 13:00 гэж тарна. Хувцсаа солиод багийн яриа хийвэл бараг 14:00-15:00 цаг хүртэл болдог. Зарим өдөр хоёр бэлтгэлтэй байж таарна. Сүүлийн бэлтгэл 16:00 цагаас эхэлж, 18:00 цаг гэж дуусаад, гэр лүүгээ харих үед 19:00 цаг болно. Тэгээд хариад хийх зүйлс байвал хийгээд амардаг даа.

-Ойрын төлөвлөгөө гэвэл? 

-Энэ жил баг хамт олноороо Үндэсний лигийн аварга болчих юмсан гээд зорьж байна даа. Дэрэн багийнхаа хамтаар лигтээ аварга болж, медаль авахыг хүсч байна.

-Залуу тоглогчийн хувьд гадны томоохон лигүүдэд тоглож үзэх мөрөөдөл бий байх. Аль лигт тоглохыг хүсдэг вэ?

-Өрсөлдөөнтэй, хатуу, чанга, нэр хүндтэй лигт тоглохыг хүсч байна. Тэр тусмаа Английн Премьер лигт Челси багт тоглохыг багаасаа хүссэн.

-Челси багийн фанат уу? Хэдэн оноос эхлэн дэмжиж байна вэ?

-Тийм ээ, Челсигийн фанат. 2008 оны УЕФА Аваргуудын лигийн финалд Манчестер Юнайтед багийн эсрэг Челси тоглож байх үед тун чухал торгуулийн цохилт гүйцэтгэж байсан Жон Терри халтирч унадаг тэр тоглолтоос хойш л Челсиг дэмжиж байна.

-Монголынхоо залууст хандаж юу гэж хэлмээр байна?

-Монголынхоо ирээдүй хойч үе болсон залуустаа зорьсон зорилгодоо, хүссэн мөрөөдөлдөө үнэнч тууштай байгаарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

 

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-10 192.82.69.227

Амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-08-10 192.82.77.219

Монголын хөлбөмбөг дэлхийд хожих хэмжээнд хүртэл хөгжиж байгаад баярлаж байна. Хүү минь их спортын замд чинь бэрхшээл олон байх тусам амжилт их гаргаарай. Монголын алдарт хөлбөмбөгчин болж, эх орондоо дэлхийн аврагын тоглолтыг авч ирээрэй.

Avatar

Зочин 2020-08-10 98.33.93.32

Үнэхээр авьяастай бол гаднын клуб урина даа

Avatar

zochin 2020-08-10 103.229.121.174

Herev togloh gej baigaa bagaa sonsood setgel tugsheed baival tsaashid sain toglono gehed hetsuu l yam bn

Avatar

Зочин 2020-08-10 211.250.197.191

2 divisiond mongol hun toglood bhad manai hun tentsegui yumu yad iim yum yariv

Avatar

Зочин 2020-08-10 211.250.197.191

Hitad songos league ochij togloroi mongold butku

Avatar

нэгэн ээж 2020-08-10 103.80.210.229

мундаг хүү байна амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж