УИХ-ын сонгуулиар дахин олонх болж, төрийн том, жижиг бүхий л албанд томилогдож байгаа МАН-ынхан “Шилэн” данс хөтлөх сонирхолгүй байна уу, эсвэл томилгоондоо бүх анхаарлаа хандуулсан уу, юутай ч зарим яам төсвийн зарлага, төрийн албаны гүйлгээгээ ил тод мэдээлэхдээ хойрго, хөшүүн хандах болжээ.
2015 онд хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны хуулиар төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л мэдээллүүд ил тод, нээлттэй мэдээлэх боломж олгосон. Иргэд, олон нийтийн хувьд төрийн байгууллагууд уг хуулийн хүрээнд санхүүгийн ил тод байдлаа хэрхэн хангаж байна вэ гэдгийг хүссэн цагтаа тандан харахаас гадна хэн, эсвэл ямар байгууллага хаашаа ямар учир шалтгаантай мөнгө шилжүүлэв, ямар гүйлгээ хийв, аль байгууллага нь шилэн дансаа хөтлөхгүй байна вэ гэдгийг мэдэхэд амар хялбар болсон.
Гэвч зарим яам Шилэн дансны мэдээллээ зориуд шивдэггүй юу, аль эсвэл тухайн сард таван сая төгрөгөөс дээш гүйлгээ хийгдэхгүй байна уу гэсэн эргэлзээ төрүүлээд байгаа юм.
Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй төсвийн захиран зарцуулагч нараас Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга хот байгуулалтын яам энэ оны долдугаар сарын орлого зарлагаа огтхон ч тусгаагүйг харвал МАН-ын сайд нар энэ хуулийг хэрэгжүүлэх тун дургүй байна.
ЗАРИМ ЯАМНЫ ӨНГӨРСӨН ДОЛДУГААР САРЫН ТАВАН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНИЙН ДҮН БҮХИЙ ОРЛОГО, ЗАРЛАГЫН МӨНГӨН ГҮЙЛГЭЭГ ТУС БҮРЭЭР НЬ ХАРВАЛ,
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Тус яамны хувьд шилэн дансны мэдээллээ сайтар хөтөлжээ. Өнгөрсөн долдугаар сард 18 төрлийн зарлага хийгдсэн байна. Тухайлбал, Үндэсний баяр нааадмын сурын харвааг зохион байгуулсантай холбогдуулан "Монголын үндэсний харваачдын холбоо" ТББ-ын данс руу долдугаар сарын 9-ний өдөр урьдчилгаа 70 хувь болох 11 сая 200 мянган төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Мөн "Тогтвортой хөгжлийн эх дэлхийн хүрээлэн" НYТББ гэсэн байгууллага руу 13 сая 986 мянган төгрөг, "Хариуцлагатай аялцгаая" аян зохион байгуулах гэрээнд урьдчилгаа 70 хувь 47 сая төгрөгийг Аялал жуучлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын данс руу шилжүүлжээ. Мөн Тавантолгой түлш ХХК-ны данс руу нийт гурван удаагийн гүйлгээ хийгдсэн байна.
Батлан хамгаалах яам
Батлан хамгаалах яамны данс руу улын төсвөөс хоёр удаагийн орлого долдугаар сард оржээ. Харин зарлага техник хэрэгслийн үнэ, тендерийн хувцасны үнэ, цэргийн тэтгэмжийн урьдчилгаа, барааний үнэ зэрэгт тус тус зарлага хийгджээ. Тухайлбал, цэргийн тэтгэмж урьдчилгаа 28 сая төгрөгийн хоёр удаагийн, мөн 30 сая төгрөгийн зарлага хийгдсэн бол тендерийн хувцасны үнэ 37 сая төгрөгийн зарлага хийгдсэн байна.
Эрчим хүчний яам
Эрчим хүчний яам Шилэн дансны хуулийг дагаж мөрджээ. Тухайлбал, өнгөрөгч сард таван удаагийн зарлага хийгдсэн байна. "Сэлэнгэ Энерго" ХХК-ийн данс руу 82 сая төгрөг, "Хэнтий Ус" ХХК руу мөн 82 сая төгрөг, "Багануурын ДЦС" ТӨХК руу 82 сая төгрөг, "Налайх ДЦС" ТӨХК руу 164 сая төгрөг, "Даланзадгадын ДЦС" ТӨХК руу 123 сая төгрөгийн гүйлгээ тус тус хийгджээ.
БСШУСЯ
БСШУСЯ өнгөрсөн долдугаар сард байр ашиглалтын зардал болох 25 сая төгрөгийг ЗГБНYГ руу шилжүүлжээ. Өөр зарлага хийгдээгүй бололтой.
Байгууллага бүр өөрийн цахим хуудсанд шилэн дансны цэстэй байх хуультай. Гадаад харилцааны яамны цахим хуудсанд шилэн дансны цэс алга.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Тус яамны хувьд өнгөрсөн долдугаар сард Шилэн дансны хуулийг хэрэгжүүлээгүй юу, эсвэл таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ огт хийгдээгүй юу гэмээр тодорхой бус байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны хувьд өнгөрсөн долдугаар сард дөрвөн төрлийн зарлага хийгджээ. Тухайлбал, дотоод томилолтод 9 сая төгрөг, байр ашиглалтын зардалд 18 сая 668 мянган төгрөг, гэрчилгээний үнэ 8 сая 470 мянган төгрөг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөлийн сургалтын зардалд 5.8 сая төгрөгийн зарлага тус тус хийгдсэн байна.
Барилга, хот байгуулалтын яам
Долдугаар сарын таван сая төгрөгөөс дээш орлого, зарлага нь мөн Шилэн дансанд нь алга. Хамгийн их орлого, зарлагын гүйлгээ хийдэг Сангийн яам Шилэн дансны хуулийг тун сайн хэрэгжүүлж байна. Хамгийн ил тод байх ёстой тус яам орлого, зарлагын мэдээллээ “нууж” хэрхэвч болохгүй. Өнгөрсөн долдугаар сард есөн төрлийн гүйлгээ хийгдсэнийг доорх зургаас харна уу.
Уул уурхайн яамны хувьд Сангийн яамнаас өнгөрсөн сард хоёр удаагийн орлого орж, харин яам гурван удаагийн зарлага хийжээ. Үүнд Сүлжээ чиглүүлэгчийн үнэ болох 4.9 сая гаруй төгрөгийг "Арвис системс" ХХК руу, 6.6 сая төгрөгийг "Би Ай Би Дисковери" ХХК руу, долдугаар сарын байр ашиглалтын төлбөр 21 сая төгрөгийг ЗГБНYГазар руу тус тус шилжүүлжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрөгч сард УОК хамгаалах байрны санхүүжилтэд 25 сая төгрөгийн, байр ашиглалтын зардалд 22 сая гаруй төгрөгийн зарлага хийжээ. Бусад зарлагын мэдээллийг зураг дээр дарж харах боломжтой.
Шинээр байгуулагдсан Соёлын яамны тухайд одоогоор өөрийн цахим хуудасгүй байна. Шинэ яам Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаж, Соёлын төв өргөөний есөн давхарт түр байрлажээ.
ШИЛЭН ДАНСНЫ ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА:
Уг хуулийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага, иргэд ч хяналт тавих эрхтэй. Хуулийн заалтаар нь авч үзвэл,
Нөгөөтэйгүүр Үндсэн хуульд "Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна" гэж заасан.
Холбоотой мэдээ