"Монголын улстөрч БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван орон сууцтай" гэсэн мэдээлэл БНСУ-ын хэвлэлээр цацагдаж эхэлснээр монголчууд хэн нь баячуудын дүүрэгт байр худалдан авав гэдэг эрэлд гараад буй.
Гэтэл нийгмийн сүлжээнд "Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ганнам гэдэг газар гурван хаустай" гэсэн мэдээлэл цацагдсанд Сангийн сайд дуугүй сууж чадсангүй Фэйсбүүк хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ.
Тэрбээр “Мөнгөөр төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар гурван хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит кампанит ажиллагааг эхлүүлчихсэн үү?
Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү” гэж бачимдлаа илэрхийлэв.
БНСУ-ын Татварын алба өөрийн оронд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гадаадын 42 иргэнийг хуулийнхантай хамтран шалгаж эхэлснээ зарлаад буй. Тэднийг өөрийн эх орондоо татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн БНСУ-д худалдаж авсан байрныхаа үнийн өсөлтөөс, эсвэл түрээсээс ашиг олсон ч татвар төлөөгүй байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ