Коронавирусийг бүрэн дарж амжаагүй байхад дахин нэг үхлийн аюултай вирус дэгдэж эхэлснийг БНХАУ-ын эмч нар анхааруулж байна. Тэрхүү вирус хачигны хазалтаар хүнд халдварлаж, өвчлүүлдэг бөгөөд хүнээс хүнд халдварлах чадвартай гэнэ.
Тус вирусийг SFTS хэмээн нэрлэжээ. Энэ жил дээрх вирусээр БНХАУ-ын дорнод хэсгийн Жиансу, Анхуй мужуудад аль хэдийн 60 хүн өвчлүүлснээс долоо нь нас баржээ.
Тус вирусээр өвчилсөн хүнд халуурах, ханиалгах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, цусны цагаан эс цөөрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ.
SFTS вирус бол шинэ вирус биш. Анх тус вирусээр Хубэй, Хэнань мужуудад 2009 онд хүн өвчилж байсан бөгөөд Хятадын вирус судлаачид 2011 онд түүнийг тусад нь салгаж, шинэ вирус хэмээн нэр өгч байжээ.
Харин өдгөө дэгдээд буй халдварын хувьд нас барах магадлал 16-30 хувьтай гэж БНХАУ-ын халдварт өвчин хяналт, судалгааны төв мэдээлсэн байна.
Жэжян их сургуулийн эмнэлгийн эмч Шен Жифаны хэлснээр халдвар голдуу хачигны хазалтаар дамждаг ч хүнээс хүнд цус, салстаар дамжин халдварлах чадвартай гэнэ.
2015 онд мөн БНСУ, Япон улсуудад дээрх өвчин дэгдэж байсан нь нас барах магадлал 30-аас дээш хувьтай бөгөөд голдуу дархлааны систем доройтсон хөгшин хүмүүс ихээр халдварлаж байсан аж.
Эмч нар хачигны хазалтаар зөвхөн SFTS вирус төдийгүй өөр олон өвчнүүд халдварладаг тул анхаарал болгоомжтой байхыг иргэдэд сануулж байна.
ДЭМБ 2018 онд уг вирусийг Эбола, САРС, Зика зэрэг вирустэй адилтган судалж байсан гэнэ. Учир нь эдгээр вирус үхлийн өндөр аюултайгаас гадна эмчилгээний үр дүн бага, вакцингүй гэдгээрээ нийтлэг юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ