Гадаадад гацсан иргэдээ эх орондоо авчрах үеэр осолдсон Эйр Индиа экспресс компанийн онгоцны хар хайрцгийг олжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 7-нд Энэтхэгийн агаарын тээврийн Боинг 737 онгоц Дубайгаас иргэдээ тээн авчирч, Керала мужийн Кожикод газардах үеэрээ цаг агаарын хүндрэлээс шалтгаалан газардах зурвасыг хэтэрснээс осолдож, 20 хүн газар дээрээ нас барсан юм.
Онгоцонд нийт 190 зорчигч байсан бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тийм аймшигт ослын дараа нас барагсдын тоо харьцангуй цөөн багйаа нь “гайхамшиг” гэнэ.
Кожикод буюу хуучнаар Каликут нисэх онгоцны буудалд Боинг 737 онгоц газардахдаа нисгэгчид нь ширүүн борооноос болоод газардах зурвасыг тодорхой харж чадаагүй байна. Улмаар онгоц газардах зурвасын төгсгөлөөс 1000 м зайд буусан ч зогсож чадалгүй явсаар осолдсон аж. Тийнхүү онгоц осолдохдоо хоёр хуваагдаж, бүхээг дотроос суудал гэх мэт зүйлс талаар нэг цацагдсан байна. Зорчигчдоос гадна хоёр нисгэгч нас баржээ.
Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн сайд Хардип Синг Пуригийн мэдээлснээр онгоцны хар хайрцгийг олсон бөгөөд доторх мэдээллийг нь сэргээх ажлыг эхлүүлсэн байна. Тэрбээр ахлах нисгэгчийг маш өндөр ур чадвар, авхаалж самбаа гаргасан хэмээн магтаад, ослын шалтгааныг хэлэхэд эрт байгаа хэмээжээ.
Харин нэрээ нууцалсан нэгэн эрх баригч “Осолдсон онгоцноос түлш асгарч байсан. Гал авалцаагүй нь үнэхээр гайхамшиг. Хэрвээ тэгсэн бол нас барагсдын тоо дэндүү их байх байлаа” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ