Бразилд коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо, нас барагсдын тоо хурдтай өссөөр нийт халдварын тохиолдол 3 сая, нас барагсдын тоо 100 мянга давлаа. Энэ сэрдхийлгэм мэдээлэл нь Бразилд анхны өвчтөн нас барснаас ердөө таван сар хүрэхгүй хугацаанд бүртгэгдсэн тоо юм.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл Бразилд нийт 3 013 369 хүн халдвар авснаас 100 543 хүн нас баржээ. Тэр дундаа сүүлийн 24 цагийн хугацаанд 905 хүн шинээр нас барсан байна.
Нөхцөл байдал ийнхүү маш түргэн хугацаанд эрс муудсаныг зарим хүмүүс Ерөнхийлөгч Болсонаро дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаатай холбон тайлбарлах болжээ. Ерөнхийлөгч Болсонаро өмнө нь коронавирусийг “ердөө л жижигхэн ханиад” хэмээн тодорхойлж, үл тоосноос гадна Трампын зөвлөсөн хумхаа өвчний эмийг коронавирусийн эсрэг гол эмчилгээ хэмээн баталгаагүйгээр дэмжсээр ирсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байгаа юм.
Харин АНУ-д халдварын тоо 5 149 285 болж, тэднээс 53 761 нь нас барсан байна. Иймд мэргэжилтнүүд АНУ-ын эрх баригчдыг одоо хэр нь дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн хүчтэй шүүмжилж байгаа юм.
Хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдсэн улсуудын жагсаалтын гуравдугаарт Энэтхэг бичигдэж байгаа билээ. Тухайлбал, Энэтхэгт нийт 2 152 020 хүн халдвар авснаас 43 453 хүн нас бараад байна.
Сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн нийт халдварын тоо 19 793 828, нас барагсад 728 785-д хүрчээ. Харин эдгэрсэн хүний тоо 12 713 704 болсноор өдгөө эмчилгээ хийлгэж буй нийт 6 351 339 хүн үлдээд байна.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ