NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Засгийн газар өнгөрсөн лхагва гариг (2020.08.05)-т Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг хэлэлцээд, эдийн засгийг царцаахгүй байх зорилгоор иргэд, аж ахуй нэгжид үзүүлж байсан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөө он дуустал үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэв. Үүнд дараах арга хэмжээ багтаж байна.
- Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгох шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нд дуусах байсныг он дуустал болгож, хугацааг сунгалаа. Монгол улсын хэмжээнд 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.
- Халамжийн тэтгэвэр авдаг иргэд болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэлгийг мөн он дуустал үргэлжлүүлэн олгоно. Нийт 73.3 мянган хүн хамрагддаг бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
- Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсан. Энэ арга хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувийн шимтгэл төлөхөөр болж, өөрчиллөө. Хөнгөлөлт үзүүлж байгаа тул нийтдээ 144 тэрбум гаруй төгрөгийн чөлөөлөлт үзүүлэх юм байна.
- Жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ.
- 2020 оны хоёрдугаар сараас есдүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан юм байна. Ингэснээр 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлжээ.
- Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлуулах боломж олгов
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн баасан гариг /2020.08.07/ -т ээлжит буаар хуралдаж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргаснаа төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.
Иргэн, аж ахуй нэгжид хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг дуустал хойшлуулах боломж олгоод байна.
Эл хөнгөлөлтийг өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс эдлүүлж эхэлсэн бөгөөд хугацаа нь аравдугаар сарын 1-нд дуусах байсныг сунгалаа.
Өнгөрсөн хугацаанд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон байна.
Энэ хөнгөлөлтийг эдлээгүй байгаа иргэн, аж ахуйн нэгж нь банкиндаа хүсэлт гарган, хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах боломжийг мөн олгоод байна.
Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял оноов
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн лхагва гаригт (2020.08.05) "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьсан "Жаст" группийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг болон “Алтжин” компанийн захирал Г.Алтан нарт холбогдох шүүх хурал болсон ч хойшлов. Шүүх хурлыг Г.Алтан болон Ш.Батхүү нарын хүсэлтээр хойшлуулсан юм.
Тодруулбал, энэ хэрэгтэй холбогдуулан Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг наймдугаар сарын 24-нд товлосон юм.
Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт /2020.08.06/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэрээр Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял, эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгалаа. Ингэхдээ Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэв.
Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх компинат-1” үйлдвэр зэрэгт хөрөнгө оруулж хувьцаа эзэмшигч болсон байна. Ингэхдээ “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх компинат-1” зэрэгт оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэвч энэ үүргээ Б.Эрдэнэбат биелүүлээгүй, бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэж үзэн, дээрх ялыг оногдуулжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ