2000 гаруй оюутныг гадаадад тэтгэлгээр суралцуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

2000 гаруй оюутныг гадаадад тэтгэлгээр суралцуулна

Гадаадад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийн талаар БСШУЯ-ны дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа.

-Гадаадад тэтгэлэгтэйгээр суралцах хэдэн төрлийн, ямар боломж байдаг вэ?

-Гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцуулах гурван төрлийн боломж байдаг.

Нэгдүгээрт, Монгол Улсын сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах боломж байдаг. Энэ нь дотроо гурван төрөлтэй.

А.Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр магистр, докторт сурах боломж бий. Энэ тэтгэлгийг 1997 оноос хойш олгож байна. Энэ тэтгэлгээр жилд 16 мянган ам.доллар хүртэлх санхүүжилтийг оюутнуудад олгодог. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сурах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлсэн. БСШУЯ-ны http://www.meds.gov.mn/ хаягаар орж үзэх боломжтой. Сонгон шалгаруулалт хоёрдугаар сарын нэгэнд эхэлнэ.

Б.Дэлхийн 100 сургуульд сургах хөтөлбөр. Тухайн иргэн бакалаврын түвшинд дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгд суралцах урилга авсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Энэ тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг ирэх сард бүртгэж эхэлнэ. Ингээд дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалт болно. Тухайн иргэн эхний 20-д жагсдаг сургуулийн урилга авсан бол мэргэжил харгалзахгүй суралцах боломжтой. Харин 21-100 дугаар байранд жагсдаг сургуулийн урилгатай тохиолдолд Засгийн газраас баталсан мэргэжлээр суралцах юм.

В.Хоёр улсын хамтарсан санхүүжилттэй хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг одоогоор гурван улсад хэрэгжүүлж байна. ХБНГУ, АНУ, Их Британи гэсэн гурван улсад суралцах боломжтой.

Хоёрдугаарт, Засгийн газар хоорондын гэрээний дагуу тухайн улсын зардлаар суралцах тэтгэлэг байдаг.

-Засгийн газрын тэтгэлгээр аль улсад хамгийн ихээр суралцдаг вэ?

-ОХУ-д жилд 350-500 монгол оюутан тэтгэлгээр суралцдаг. Дараа нь урд хөршид ихээр суралцдаг. БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн жилээс тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Тухайлбал, таван жилийн хугацаанд 1000 монгол оюутныг эх орондоо суралцуулахаар гэрээ хийсэн. Энэ хүрээнд 2016 онд БНХАУ-д 200 хүнийг шалгаруулж, тэтгэлэгтэйгээр суралцуулна. Мөн Унгарын Засгийн газар өнгөрсөн жил 100 монгол оюутан элсүүлэхээр гэрээ байгуулсан.

-Эдгээр тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг хэзээнээс хэрхэн бүртгэж эхлэх вэ?

-Ер нь тэтгэлгийн хугацаа жил бүрийн 2-4-р сарын хооронд зарлагддаг. Тиймээс гадаадад суралцах хүсэлтэй иргэд энэ хугацаанд БСШУЯ-ны сайтаар орж, цаг тухайд нь мэдээллээ авах боломжтой.

-Ер нь Засгийн газрын тэтгэлгээр хэчнээн улсад суралцах боломжтой байдаг вэ?

-Монгол Улс 20 гаруй оронтой Засгийн газрын тэтгэлэг олгох гэрээ байгуулсан байдаг. Гэхдээ оюутан суралцуулах тооны хувьд харилцан адилгүй. Куба улсад л гэхэд дээд тал нь таван иргэн, Унгар улсад 100 хүн, Польш улсад 20 хүн гэх мэт улс бүрийн квот өөр байдаг. Мөн энэ жилээс Франц Улсын Засгийн газар 10 монгол оюутныг суралцуулахаар гэрээ байгуулсан.

Гэхдээ 20 улс гэдэг нь зөвхөн гэрээ хийснээр тодорхойлогдож байгаа юм. Жишээ нь тухайн оюутан дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд суралцах урилга авлаа гэж бодъё. Тэр сургууль аль ч улсад байрлаж болно. Мэдээж аль улсаас нь үл шалтгаалаад тэтгэлэгт хамруулж, зардлыг нь даадаг. Ингээд бодохоор ойролцоогоор 30 гаруй улсад тэтгэлэгтэйгээр суралцуулдаг гэж ойлгож болно.

-Засгийн газрын тэтгэлгийг жилд хэчнээн оюутанд олгодог юм бэ?

-Одоогийн байдлаар жилд 2000 гаруй оюутанд тэтгэлэгтэй суралцах боломж бий. Мэдээж жил ирэх бүр тэтгэлэгт хамрагдах оюутны тоо нэмэгдэж байна. Сургалтын төрийн сангийн тэтгэлгийн хувьд 1997 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед жилдээ цөөхөн хүнийг хамруулдаг байсан. Тэгвэл энэ жил зөвхөн дотоодын санхүүжилтээр л гэхэд 150-200 хүн гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж бүрдсэн.

-Гадаадын их, дээд сургуульд иргэнээ тэтгэлэгтэйгээр суралцуулах ажилд улсын төсвөөс жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Жил бүр харилцан адилгүй байдаг. Энэ жилийн хувьд 20 орчим тэрбум төгрөгийг магистр, доктор, бакалаврын зэрэг, хамтарсан хөтөлбөрийн санхүүжилтэд зориулаад сургалтын төрийн сангийн төсөвт суулгасан.

-Эцэст нь тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд нэн тэргүүнд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Нэн тэргүүнд хэлний мэдлэгтээ анхаарах хэрэгтэй. Жишээ нь АНУ-ын их дээд сургуулиуд гадаад оюутныг авахдаа TOEFL онооны босго тавьдаг. Тэр босгыг давахгүй бол АНУ-ын аль ч их, дээд сургуульд суралцаж чадахгүй. Тэгэхээр тэтгэлэгт хамрагдах боломжгүй болно. Тэгэхээр эртнээс хэлний мэдлэгээ сайжруулж, түвшнээ ахиулах хэрэгтэй. Мөн иргэддээ хандаж хэлэхэд, тухайн сургуулийнхаа элсэлтийн журам, графикийг судалж, эртнээс зорилготойгоор хандах хэрэгтэй. Засгийн газрын тэтгэлгийн мэдээлэл, сонгон шалгаруулалтууд ихэвчлэн 2-4-р сарын хооронд манай сайтад тавигддаг гэдгийг дахин хэлье.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж