Торгуулийг ирэх сар хүртэл хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Торгуулийг ирэх сар хүртэл хойшлуулжээ

Монголчууд хууль хэрэгжүүлдэггүй гэх яриа удахгүй ард хоцрох нь. Тун сайн хэрэгжиж буй, хэрэгжүүлэх гэж нийтээрээ хичээж буй хуулиуд цөөнгүй байна. Тэдгээрийн тоонд НӨАТ-ын урамшууллын тухай хууль орж байна. Уг хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч хууль хэрэгжүүлэх сонирхол хүмүүст маш их байна. Оны эхний өдрөөс л худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс НӨАТ-ын буцаан олголт, сугалаанд орох эрх бүхий тусгай кодтой баримт нэхэх болсон. Тусгай кодын албан ёсны нэршил нь QR код. Гэвч иргэд “НӨАТ-тай баримт өгөөч ээ” хэмээн шаардаж, өгөхгүй нэгнийг нь татварын албанд ховлох болжээ.

НАӨТ-ын урамшууллын хуулийг одоогоос хагас жилийн өмнө баталсан. Энэ хугацаанд татварынхан аж ахуйн нэгжүүдэд хангалттай мэдээлэл хүргэж, тусгай кодтой баримт  хэвлэх зассын машин авахыг зөндөө сануулсан гэх. Гэтэл хууль хэрэгжсэн эхний өдрөөс баримт хэвлэсэн аж ахуйн нэгж хуруу дарам цөөн. Өнөөг хүртэл луу унжиж, иргэдийн буцааж авах хоёр хувийг хумсалсаар байгаа худалдаа үйлчилгээнийхэн дунд улс даяар сүлжээтэй, нэр хүнд, ашиг орлого өндөртэй компаниуд ч цөөнгүй байна. Сүлжээ бүхий газруудын нэг нь QR кодтой баримтт хэвлэж байхад нөгөө нь өгөхгүй байгаа тохиолдол ч бий. Тиймээс иргэд хуулийг хэрэгжүүлэхийг шамдуулж, хууль хэрэгжүүлэхгүй байгаа хөшүүн хойрго наймаачдыг нэрлэх болжээ. Оргил, Наран, Номин, Талх чихэр гээд эзэд нь төр түшилцэж асан, одоо ч түшиж байгаа, өөрөөр хэлбэл хуулийг хамгийн түрүүн хэрэгжүүлж болохуйц компаниудын талаар гомдол ирсний сацуу Мобиком, Хаан банк, Петровис гэхчилэн ашиг орлогоороо тэргүүлэгчид ч байна. Тэдгээр газруудаас НӨАТ-ын баримт нэхсэнийхээ төлөө хамгаалагчид нь зодуулсан тохиолдол ч гарсан байна.

Энэ мэт дураараа дургигчдад ямар хариуцлага хүлээлгэх вэ, нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хууль хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдийг торгох арга хэмжээ авна гэсэн тайлбарыг ГТЕГ-аас өмнө нь өгч байсан. Энэ дагуу хичнээн газарт арга хэмжээ авсан болохыг НӨАТ-ын урмашууллын системийн төслийн нэгжээс тодруулахад:

-Бид эхний ээлжинд торгох шийтгэхийг хүсэхгүй байна. Хууль эрхзүйн хувьд ч ингэх боломжгүй юм билээ. Харин ирэх хоёрдугаар сарын татварын тайлан гармагц шинэ системд шилжээгүй газруудад зохих арга хэмжээ авахаас аргагүй. Нийт борлуулалтын хоёр хувьтай тэнцэх хэмжээний торгууль байхыг ч үгүйсгэхгүй. Одоогоор яг таг тогтоогүй ч иргэдийг хохироогоод байж болохгүй биз дээ гэлээ.

Одоогийн байдлаар нийтдээ 15 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага кассын машинтай болжээ. Энэ тоо 17 мянгад хүрвэл худалдаа эрхлэгчдийн 70 хувьтай тэнцэх гэнэ. Зах худалдааны төвүүдэд дундын хэвлэгч тавьж аж. Хамгийн идэвхтэй хамрагдсан нь Барс зах. Цаашид Нарантуул, Хүчит шонхор гэхчилэн иргэд олноороо зорин очдог захууд дундын хэвлэгчтэй болно гэдэгт итгэж байгаагаа татварынхан хэлж байлаа.

Харин иргэдийн хувьд тусгай код бүхий баримтаа бүртгүүлэхэд ямар хүндрэл учирч байгаагаа татварынханд мэдээлэх хэрэгтэйг санууллаа. Жишээ нь зарим газрууд QR код бүхий баримтан дээр нийт үнийн дүнг бус НӨАТ-ын 10 хувийг хасч тооцож байгаа нь буруу гэнэ. Шууд худалдан авсан үнээ бичихгүй багасгах, НӨАТ-ын хувь хасах зэргээс үүдэн баримт бүртгүүлэх үед “Үнийн дүн буруу байна” гэсэн хариу ирж байгаа аж. Тиймээс иргэд ebarimt.mn-д бүртгүүлэхдээ “Дахин давтагдашгүй дугаар” гэсэн хэсгийг сонгож байхыг мэргэжилтнүүд санууллаа.

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМООР ҮЗНЭ ҮҮ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж