Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэрийг өчигдөр /2020.08.07/ Монголбанкнаас гаргасан. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ гэж Төв банк үзэж байна.
Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлт доголдсон, орлого нь буурч, зээлийн анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчдийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм. Түүнчлэн өмнө нь хэрэглээний зээл төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргаагүй байсан зээлдэгчид дээрх шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тухайн банкиндаа хүсэлт гарган, энэ оныг дуустал хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргах боломжтой.
Харин орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй.
Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт, эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоодог.
Хэрэглээний зээл гэдэг нь өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүн юм. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг.