Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гишүүнчлэлээс гарч, санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн АНУ нь тус байгууллагыг шинэчлэхээр хичээж байна. Гэвч ДЭМБ-ыг шинэчлэх АНУ-ын санаачилсан яриа хэлэлцээнээс холбоотон Герман, Франц улсууд гарчээ. Герман, Францын Эрүүл мэндийн сайд нар мэдэгдэхдээ АНУ нь ДЭМБ-аас гарахаа зарлачихаад, шинэчлэлийн асуудлыг толгойлох учиргүй хэмээн эсэргүүцэв.
“Их-7” бүлгийг даргалж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд энэ нь бүтэлгүйтэл болов. Тэрбээр арваннэгдүгээр сард эхлэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ДЭМБ-ыг шинэчлэх ажлыг амжуулахаар хичээжээ. ДЭМБ-ыг шинэчлэх яриа хэлэлцээ өнгөрсөн тавдугаар сараас эхэлж, өнгөрсөн хугацаанд "Их-7" бүлгийн Эрүүл мэндийн сайд нарын хооронд 20 орчим цахим хурал болсон.
Дональд Трамп шинэ коронавирусийн халдварт өвчний цар тахлын эсрэг ДЭМБ хангалтгүй ажиллаж, Хятадын нөлөөнд автсан хэмээн буруутгасан юм. Улмаар АНУ нь өнгөрсөн долдугаар сард ДЭМБ-аас гарах мэдэгдлээ хүргүүлжээ. Европын бусад орны зүгээс ДЭМБ-д шүүмжлэлтэй хандсан ч гишүүнчлэлээс гарах АНУ-ын шийдвэрийг дэмжээгүй.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ