"Монгол Улсын иргэн гэдгээ хэлсэн ч ‘Корона’ хэмээн дуудаж байсан"

Хуучирсан мэдээ: 2020.08.08-нд нийтлэгдсэн

"Монгол Улсын иргэн гэдгээ хэлсэн ч ‘Корона’ хэмээн дуудаж байсан"

 “Ньюс” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


“АНУ-ААС ИРСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ МУЗЕЙД ӨГСӨН”

 

Үлэг гүрвэлийн олдвор, судалгаагаар дэлхийд тэргүүлэх гурван улсын нэг бол Монгол Улс. Одоогоос найман жилийн өмнө АНУ-д Монгол Улсынх байж болзошгүй үлэг гүрвэлийн олдворыг дуудлага худалдаагаар оруулах гэж байсан нь олны анхаарлыг татаж, багагүй дуулиан болсон. Ингэснээр шүүхийн шийдвэрээр буцаан Тарбозавр Батаарыг эх оронд нь авч ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш дөрөв дэх удаагийн үлэг гүрвэлийн олдвор эх орондоо ирээд буйг эрдэмтэн судлаач нар онцоллоо.

Хамгийн сүүлд зургадугаар сарын 24-нд тусгай үүргийн онгоцоор АНУ-аас ирсэн үлэг гүрвэлийн олдворыг Байгалийн түүхийн музейд хүлээлгэн өгчээ. Энэ талаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатартай ярилцсанаа хүргэе.

-Өнгөрөгч зургадугаар сард АНУ-аас тусгай үүргийн онгоцоор үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэн авч ирсэн. Эдгээр олдвор одоо хаана хадгалагдаж байгаа вэ?

-Байгалийн түүхийн музейд хүлээлгэн өгсөн. Хууль бусаар хил гарсан соёлын үнэт өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо тээвэрлэн авч ирэх ажил тун амаргүй. Их ч олон хүний хичээл зүтгэл ордог. Миний бие мэргэжлийн палеонтологич хүний хувьд энэ олдворыг хүлээж авах ажлын хэсэгт багтсан. Монголоос хууль бусаар хил гаргасан учраас ямар нэр төрлийн олдвор вэ гэдгийг таньж мэдэх шаардлагатай. Тийм учраас манай хүрээлэнгээс надаас гадна хоёр судлаач ажиллаж, анхан шатны бүртгэл, баримтжуулалтыг хийсэн. Мөн Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын төлөөллүүд хамтран ажилласан.

Өнгөрөгч зургадугаар сарын 24-нд Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор дөрвөн багц, 11 хайрцаг үлэг гүрвэлийн олдвор ирсэн. Уг олдворын дагалдах бичиг нь шаардлага хангахгүй, жирийн хүний нүдээр харахад бүрэн бүтэн музейд шууд тавихаар олдвор ирлээ гэж ойлгогдохоор байсан. Бид нэг бүрчлэн дарааллын дагуу задалж, нарийвчлан морфологи бичиглэлийг нь хийсэн.

Анхны байдлаар харахад, палеонтологийн олдвор цуглуулагч нь техник боловсруулалт дутуу хийсэн, чулуужсан яснуудын анх олдсон газрын хурдас чулуулгаар таних боломж бага, зарим хэсгийг нь нөхсөн, эвдэрч, элэгдсэн байсан. Ихэнх олдворуудын гарал үүсэл тодорхой бус, мэргэжлийн бус хүн шинжлэх ухаанд өмнө нь нэрлэж байгаагүй нэр өгч, хайрцаг саванд хийхдээ өөр хооронд нийлүүлсэн байв. Техник боловсруулалт хийхдээ олон сая жил хадгалагдсан чулуулгаас нь салгахын тулд их цаг хугацаа шаарддаг маш нарийн ажиллагаа юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН


"НОЙР БУЛЧИРХАЙН ЭМГЭГЭЭР ЯМАР Ч НАСНЫ ХҮН ӨВЧИЛЖ БОЛНО"

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Гастроэнтерологийн төвийн эмч, анагаах ухааны доктор Б.Болормаатай ярилцлаа.

-Монголчууд нойр булчирхайн архаг болон хурц үрэвслээр хөгшин, залуугүй өвчлөх нь ихэссэн.  Эмч нарын зүгээс архи, тамхи, хоол хүнсний буруу хэрэглээ, стресс ядаргаанаас болж нойр булчирхай өвддөг болохыг хэлдэг. Ямар нэг баярын дараа нойр булчирхайн өвчлөл нэмэгддэг нь ч дээрх шалтгаантай холбоотой байх?

-Нойр булчирхайн олон төрлийн эмгэг байдгаас хамгийн түгээмэл тохиолддог нь нойр булчирхайн архаг болон цочмог үрэвсэл юм. Энэ удаа баяр наадмын дараа өвчлөл огцом нэмэгдсэн. Нойр булчирхай нь хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог чухал эрхтний нэг юм. Гол үүрэг нь хоол хүнсэнд агуулагддаг өөх тос, нүүрс ус, уургийг шимэгдэхэд хялбар бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болгон задалдаг ферментүүдийг ялгаруулдаг булчирхайлаг эрхтэн. Нойр булчирхай өвчилсөн үед тухайн эрхтний дотоод болон гадаад шүүрлийн үйл ажиллагаа алдагддаг.

Монгол Улсад нойр булчирхайн өвчлөлд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь архи, өөх тостой шарсан хуурсан  хоол хүнсний зохисгүй хэрэглээ, цөсний замын бөглөрөлтөт эмгэгүүд юм. Нойр булчирхайн эмгэгээр ямар ч насны хүн өвчилж болох бөгөөд УНТЭ-ийн сүүлийн гурван жилийн статистик мэдээнээс харахад хөдөлмөрийн насны, өөрөөр хэлбэл идэр залуу, дунд насны эрэгтэй хүмүүс нойр булчирхайн цочмог үрэвслээр өвдөх нь нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хүн амын дунд архины хэрэглээ нэмэгдэх болсонтой холбоотой.

-Монголчууд өөх тостой хүнс идсэний дараа хоолоо шингээх нэрээр архи уудаг. Гэтэл өөх тостой хоолны араас архи ууснаар цочмог үрэвсэл бий болдог гэсэн яриа бий, энэ үнэн үү? Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Тэгж ойлгож болно. Нойр булчирхайн цочмог үрэвсэл оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хорхог боодог, гахай, үхэр, хонины шарсан хуурсан мах, шорлог, гэдэс дотор зэрэг өөх тос ихтэй хоолыг архи спиртийн төрлийн ундаагаар даруулж хэрэглэсэн гэсэн өгүүлэмж давамгайлдаг. Нойр булчирхайн хоол боловсруулалтад оролцдог ферментүүд нь нойр булчирхайд идэвхгүй хэлбэрт байдаг.

Архи, өөх тостой шарсан хуурсан хоол хэтрүүлэн хэрэглэх үед нойр булчирхайн ферментүүдийн ялгаралт хэт идэвхжиж, өөрийн эд эсийг хайлуулаад зогсохгүй эргэн тойрны эд эрхтэнг үрэвсэл, үхжилд хүргэдэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Э.БУРАМ


“ЭХ ОРОНДОО ИРЭХ ЗАРДЛААС МӨНГӨ ҮЛДВЭЛ САЙН ҮЙЛСЭД ЗАРЦУУЛНА”

Африк тивийн Нигери улсын “Owerri imo state” хэмээх газарт Т.Оюуномин гэх монгол эмэгтэй таван сар гаруй хугацаанд ганцаараа гацаж, таньж мэдэх хүнгүй хэцүү байгаа тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлсэн.

Удалгүй уг эмэгтэй өөрийн нүүр хуудсаараа дамжуулан хандив гуйснаар сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар 3397 ам.доллар цугларч, наймдугаас сарын 4-ний тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх боломжтой болсон. Гэвч түүний суух тусгай үүргийн онгоцны нислэг түр хойшлогдоод байгаа ажээ. Ингээд түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.

-Таны хувьд Нигери улсад ямар зорилгоор, хэзээ очсон бэ. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Т.Оюуномин гэдэг. Би Африк тивийн Нигериа улсад цар тахлын улмаас таван сар гаруй хугацаанд ганцаараа гацсан. Би тэнд өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хувийн ажлаар очсон юм. Тэнд коронавирусийн халдвар гарснаас хойш хөл хорио тогтоож, бүх үзвэр үйлчилгээний газруудыг хаасан. Мөн замын хөдөлгөөнийг хүртэл хорьсон. Долдугаар сарын дундуур орон нутаг хоорондын нислэг хийхийг зөвшөөрч эхэлсэн. Харин улсынхаа хилийг нээгээгүй. Миний сонссоноор ирэх аравдугаар сард хилээ нээхээр төлөвлөж байгаа юм билээ. Тиймээс одоо зөвхөн тусгай үүргийн онгоц л нислэг хийж байгаа.

-Нигери улсад гацсан гадаад иргэдийн нөхцөл байдал ямар байна вэ. Хилээ нээсэн үү?

-Африк тивд өмнө нь эбола вирус дэгдэж байсан болохоор бусад улс орныг бодвол арай туршлагатай санагдсан. Бүр авто замын хөдөлгөөнийг хаахад иргэд нь шууд хүлээж авч байсан. Нигери улсад гацсан гадаад иргэдийн хувьд нөхцөл байдал хүнд байсан. Гэртээ харих гэхээр онгоцны нислэг байхгүй. Тусгай үүргийн онгоцонд сууя гэхээр өндөр өртөгтэй, оочер дугаар ихтэй байсан. Мөн ази хүмүүсийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш гадуурхах байдал ажиглагдсан. Хэдийгээр өөрийгөө Монгол Улсын иргэн гэж хэлсэн ч “корона” гэж дуудах жишээтэй. Гэхдээ миний байгаа хотод монгол хүн байтугай ази хүн ховор байсан. Энэ мэт асуудлаас гадна ажил хийх боломжгүй хүндхэн нөхцөл байдалтай байлаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж