УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг гаруйгаар хоцорч эхэллээ.
Хуралдаанд Ардчилсан намын бүлгээс 31, МАН-аас гурав, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс тав, ИЗНН-аас 2 гишүүн ирсэн байв. Харин бие даагчдаас нэг ч гишүүн ирээгүй байна.
Тус хуралдаанаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультай холбоотой төслүүдийн эцсийн найруулгыг сонслоо. Дараа нь зарим байнгын хорооны хуралдаанд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг сонголоо.
Харин УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр сонголоо.
Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулж, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар болов.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дууссаны дараа чуулганыг хуралдуулах аж.
Г.ДАРЬ