Цаг үеийн мэдээлэл
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, August 7, 2020
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэдэг газар ачаа, тээврийн нэг жолооч халуурсан шинж тэмдэгтэй нас барсан гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ асуудалтай холбогдуулж, Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Өнөөдөр БНХАУ-руу нүүрс тээвэрлэдэг 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг боллоо. Тухайн иргэн өдөр зүрхээр нь хатгаж, бие нь эвгүйрхсэн тул эмнэлгийн тусламж авахаар явж байсан ч замдаа нас барсан байна.
Талийгаачийн биед ил шарх сорви байхгүй, COVID-19 өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй. БНХАУ-руу тогтмол нүүрс тээвэрлэлт хийж байсан учраас хоёр талдаа тогтмол коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хяналтад байсан.
Эмч нар урьдчилсан байдлаар зүрхний шигдээс өвчин байж магадгүй гэсэн онош тавьсан. Цагаан хад орчим их халуун, агаарын даралт өндөртэй байдаг.
Одоогоор тухайн газар эмч, цагдаа ажиллаж байгаа тул иргэд ямар нэг буруу, ташаа мэдээлэлд автахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна гэсэн юм.
Холбоотой мэдээ