Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэр танилцуулах хэвлэлийн бага хурал /шууд/
Posted by Монголбанк /Монгол Улсын Төв банк/ on Thursday, August 6, 2020
Монголбанкнаас мэдээлэл хийж байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2020.08.07/ ээлжит бус хурлаа хийж, хэрэглээний зээлийн хугацааг сунгах тухай шийдвэр гаргаснаа төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж байна.
Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гаргасан шийдвэрийн үргэлжлэл бөгөөд үүний хүрээнд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт орж байгаа гэдгийг төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Ингэснээр цар тахалтай холбоотойгоор өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө болон зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болно гэж төв банк үзэж байна.
Түүнчлэн өмнө нь хэрэглээний зээл төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргаагүй байсан зээлдэгчид тухайн банкиндаа хүсэлт гарган энэ оныг дуустал хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргах боломжтой аж.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ “Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай давж гарахын тулд бизнесийн байгууллага болон өрхөд үзүүлж буй санхүүгийн дарамтын доголдлыг зөөлрүүлэх нь нэн тэргүүний алхам гэж үзэж байгаа.
Нийт банкны системийн хэмжээнд 5.6 их наяд төгрөгийн зээл цар тахлын нөлөөнд орсон байна. Үүнээс 15 орчим хувь нь хүндрэлд орсон хэр нь ангиллыг хийж, гэрээний бүтэцдээ өөрчлөлт оруулж чадаагүй байна гэсэн судалгаа гарсан.
Хэрэглээний зээлийн хугацаа сунгасан байдлыг сүүлийн зургаа болон долдугаар сарууд дээр авч үзвэл хэрэглээний зээлийн хугацаа сунгах хандлага харьцангуй саарсан. Дөрөв, тавдугаар сарууд дээр өндөр шаардлагатай байсан зээлдэгч нар хэрэглээний зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулсан байна.
Тухайлбал, дөрөв, тавдугаар сард долоо хоногт дунджаар 9 мянган зээлдэгч хэрэглээнийхээ зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж байсан бол зургадугаар сард хоногт дунджаар 3,300 орчим зээлдэгч, долдугаар сард 1,800 орчим зээлдэгч хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулсан. Эргээд зээлийн бүтцдээ өөрчлөлт оруулах хандлага буурч байгаа ч цаашдаа цар тахлын нөлөөнөөс болоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө тодорхой хугацаанд үргэлжлэх нөхцөл харагдаж байна. Олон улсад ч байдал хүндхэн байгаа учраас хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэрийг гаргасан.
Нийт 76 мянган зээлдэгчийн 670 орчим тэрбум төгрөгийн зээлийг авч үзвэл дунджаар 6.4 сараар зээл төлөлтийн хугацаагаа сунгасан байна. Тэгвэл энэ удаагийн шийдвэрээр хэрэв та 12-оос бага сараар хугацаагаа сунгасан бол 12 сараа гүйцээж, дахиж сунгах боломжийг энэ шийдвэр олгож байгаа.
Хоёрдугаарт, огт сунгаагүй хэр нь үнэхээр та санхүүгийн хүндрэлд орсон бол 12 хүртэлх сараар зээл төлөлтийн хугацааг сунгах боломжтой.
Ингэснээр тухайн зээлдэгчид үзүүлэх санхүүгийн дарамтыг зөөлрүүлэх, чанаргүй, муу зээлдэгчийн ангилалд орохоос сэргийлж байгаа юм” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Орон сууцны найман хувийн зээл төлөлтөд өөрчлөлт орох уу?
-Орон сууцны найман хувийн зээлтэй холбоотой тусдаа шийдвэр гарсныг та бүхэн мэдэж байгаа. Тодруулбал УИХ-аар баталсан Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар ипотекийн зээл төлөлтийн хугацааг зургаан сар хүртэлх хугацаанд сунгах, хэрэв зээл төлөлтөө хойшлуулахгүйгээр хугацаанд нь төлөх тохиолдолд найман хувьд хоёр хувийн хөнгөлөлт үзүүлье гэдэг тогтоол УИХ-аас гарсан учраас энэ хүрээнд шийдэгдэж байгаа. Хэрэглээний зээл нийт зээлийн 25 хувийг эзэлдэг учраас энэ хэсэгтээ дарамтыг бууруулах үүднээс зээл төлөлтийн хугацааг нь он дуустал хойшлуулах шийдвэр гаргасан.
-Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжтой юу?
-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зээлийн хүүг бууруулах стратегийг баталсан. Сүүлд УИХ-аас энэ төрлийн тогтоол гарах нь зөв гэдэг санал гарснаар Монголбанкнаас Зээлийн хүүг бууруулах стратеги төслийг нь боловсруулаад дуусч байна. Уг төслийг боловсруулахад арилжааны банкуудаас ч төлөөлөл оролцсон. Хоёр талаас хамтарсан ажлын хэсэг гарсан. Зээлийн дундаж хүү өнөөдөр 16.2 хувьтай байгааг буулгах зорилго барьж байна. 2016 онд зээлийн дундаж хүү 20 хувь байсан бол 2020 онд дөрвөн нэгжээр буурсан гэж үзэж болно. Тиймээс дахин зээлийн хүүг бууруулахад хууль эрхзүйн хувьд өөрчлөгдвөл зээлийн хүүг арай хурдан хугацаанд буулгах боломжтой. Өнөөдөр зээлийн дундаж хүү 16.2 хувьтай байгаагийн үндсэн шалтгаан нь эх үүсвэрийн хүү юм. Эх үүсвэрийн хүү гэдэг нь харилцах дансны өдрийн эцсийн үлдэгдэлд төлөх хүү болон хадгаламжийн хүү юм. Тиймээс үүнийг буулгах нь хамгийн чухал гэдэг үүднээс харилцах дансанд хүү төлөхийг Цар тахлын хуулиар зогсоосон. Үүнийг цаашид байнгын хэрэгжүүлэхээр Монголбанкнаас Зээлийн хүүг бууруулах стратеги хуулийн төсөлд оруулсан.
Мөн банкуудын зардлыг нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл нь зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөхгүй байх явдал юм.Ингэснээр тухайн банкинд их хэмжээний зардал бий болдог.
Нийт 20 их наяд төгрөгийн зээлийг банкууд олгосноос 10 хувь буюу 2 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон. Энэ ангилалд орсон зээлдэгч нарыг аваад үзвэл үнэхээр бизнес нь дампуураад зээлээ төлж чадаагүй биш, голдуу шүүхэд очсон зээлтэй холбоотой маргаан дунджаар 5-7 жил үргэлжилдэг. Зээл төлөлтийг сайжруулбал банкны зардал буурч энэ хэрээр зээлийн хүүг бууруулах боломжтой. Тиймээс энэ асуудлыг мөн хуулийн төсөлд тусгасан.
Холбоотой мэдээ