Даргын тал ба дайсны тал

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Даргын тал ба дайсны тал

Даргын тал ба дайсны тал

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийн албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм бурууг Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрөгч Мягмар гаригт хэлэлцээд, түүнийг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийг товч бөгөөд тодорхой тайлбарлавал  тэрбээр хэргээ хүлээн зөвшөөрсөн  тул торгох ялаар шийтгэсэн аж.

2018 онд ЖДҮХС-гийн урт хугацаатай, хямд хүүтэй зээлээс МАН-ын 49 эрх мэдэлтэн өөрийн  эхнэр, хүүхэд, ээж аав, хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан баримт дэлгэгдэж,  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал”, “Наму дэвжих” компанид нийтдээ 2.9 тэрбум төгрөгийн зээл олгосон тул албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байв.

Тэрбээр төсвөөс бүрдүүлдэг, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой зээлийг замаас нь тэгш, хүртээмжтэй хуваасан МАН-ын эрх мэдэлтнүүдээс шүүхээс албан ёсоор ял авсан хоёр дахь хүн болж байна. Үүнээс  хэдхэн өдрийн өмнө Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанидаа 950 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан гэж буруутгаж, гурван жилийн ял оноосон юм.

 Д.Дамба-Очирыг цагдан хорьж, Л.Энхболд, Б.Ундармаа нарын хэрэг шүүх дээр очсоноос өөрөөр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцох асуудал ёстой л “энэ хүрээд өндөрлөж” байх шиг. Учир нь, Х.Болорчулуун нарын зарим ЖДҮчид УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, У.Хүрэлсүхийн танхимын үүдээр гарсан Я.Содбаатар тооноор нь ороод ирчихсэн юм.

ЖДҮХС-гийн зээлээс гадна Мал хамгаалах сангаас хүүгүй, урт хугацаатай, тэрбум, тэрбумын зээл авсан, түүнийгээ огт төлөөгүй хүмүүсийн дунд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ах дүү нар “нэр цохогдож” байлаа. Гэвч, даргын тал авлига авч, албан тушаалаа урвуулсан ч даргын шударга ёсонд хамаагүй аж. Яг ийм ялгавартайгаар  Монголын шүүх ажиллаж байна.

Сүүлийн гурван сарын дотор албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр даргын шүүгчид алхаа тасралтгүй цохиж байна. Алх барьсан хүнд бүх зүйл хадаас шиг харагддаг аж.

 Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүн ар, араасаа шүүхээс ял уншуулсны эхнийх нь М.Энхсайхан болсон юм.

М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эртний “заналт” дайсан. Түүнд анх нийслэлийн прокуророос “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан” хэмээн ял тулгасан ч, дарга гуай үзэглээгүй гэрээний төслөөр хүн яллахаас айгаа ч биз, ичээ ч биз. Гэвч дээрээс захиалгатай тул Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс автомашины хэрэг тохоод дөрвөн жил зургаан сар хорих ялаар шийтгэсэн билээ.

Хэргийг товчхон тайлбарлавал Тавантолгойн төслийн ажлын хэсгийн албан хэрэгцээнд зориулж хэрэглэх автомашины санхүүжилтэд Эрчим хүчний яамнаас 165 сая төгрөг төсөвлөжээ. Гэтэл М.Энхсайхан яамны  төсөвлөсөн 165 сая төгрөгөөс 35 саяар хямд үнэтэй машин төслийн албан хэрэгцээнд ашиглаж байгаад буцааж өгснийг Монголын шүүгчид эрүүгийн хэрэг гэж үзэн яллахдаа 130 сая төгрөгийн  “Lexus 570″ маркийн автомашиныг өнөөдрийн ханшаар /элэгдэл хорогдлыг тооцон/ 75 сая төгрөгөөр үнэлж, 55 сая төгрөгийн хохирлыг улсад буюу Эрчим хүчний яаманд учруулсан гэж үзжээ. М.Энхсайхан төрийн мөнгийг хэмнэсэн биш хорих ял авсан бол Б.Батзориг төрийн мөнгийг намынхандаа тараагаад торгуулах ялтай үлдсэн нь даргын ба дайсны талын ялгаа нь юм.

Яг үнэндээ даргатай, даргын даргатай,  өстэй, хонзонтой болгоныг “ачих”, хорих   ажиллагаа үргэлжилж байна. Даргын даалгавраар ажиллаж буй шүүгчид ч түүхэнд үлдэнэ, гэхдээ мэдээж хараар.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг шүүх яллахдаа “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-д заасны дагуу зорилтот бүлэгт олгодог хөгжлийн зээлийг банкаар олгосонгүй, хүү тооцсонгүй гэж 5.5 жилийн ял оноов. Н.Номтойбаяр жинхэнэ зорилтот бүлгийг дэмжсэн бол Б.Батзориг МАН-ын бүлгийг дэмжсэн.

М.Энхсайханы араас шүүхээс хорих ялаар шийтгэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд бол Ж.Эрдэнэбат. Түүнийг  улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон хэмээн шүүхээс зургаан жилийн ялыг долдугаар сарын 6-нд оноосон юм.

 “Даалгавар”-ын дагуу шүүхээс ял оноосон дараагийн дайснууд нь С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар. Оюутолгойн гэх тэдгээр “хэрэгтнүүд” товчхондоо, даргын даргын дайснууд.

Оюутолгойн төслийг хөдөлгөж, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн монгол сайд дарга нар ял авсны дараахан ШШГЕГ-ын даргаар томилогдсон Д.Загджавыг Оросын Элчин И.Азизов, Ерөнхийлөгч Х.Баттулга нар хүлээн авч баяр хүргэсэн нь Монголын шоронгийн хамгийн том дарга нь “хэн бэ” гэх эргэлзээ, айдас  олон нийтэд төрүүлснийг нуугаад яахав.

Оюутолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байгуулсан гэж буруутгагдаж байсан С.Баярцогт сүүлдээ хувьцааны бизнес эрхэлж, хууль бусаар байр авсан хэрэгт унаж, хамгийн “өндөр” ял авсны шалтгаан нь Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар “баталгаажуулсан”  буруутай.  Оюутолгой монголчуудын өөрсдөө байгуулсан анхны мега төсөл. “Ах нар”-ын оролцоогүйгээр гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг татаж Монголын эдийн засгийг 10 дахин тэлсэн нь С.Баярцогтын “буруу” байв. “Төрийн дайсан”-уудын хөрөнгийг хураахгүй бол дарга уурлана. Захиас даалгаврыг нь биелүүлэхгүй бол ажлаа өгнө. Монголын шүүх хуульд биш дарнад үйлчлэх ёстой. Ийм локик энэ бүхнээс харагдаж байна. Хувьцааны бизнес хийж, байртай болсон С.Баярцогт   10 жилээр яллуулж, ЖДҮ-ийн  буюу жинхэнэ төрийн мөнгийг банк бусаараа “угаасан” Ж.Энхбаяр ял зэмгүй яваа нь бас л даргын ба дайсны талын ялгаа.

 Дубайн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталснаараа Монгол Улс өнөөдөр цалин, тэтгэврээ цагт нь тавьж байна. Төрийн 180 мянган албан хаагч, 400 мянган ахмад, 900 гаруй мянган хүүхдийг тэжээж буй том төслүүдийн нэг нь Оюутолгой.

Гэтэл Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь  буруутай гэж Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт дөрвөн жилийн ял оноосон даргын даргын “тушаал”.

Шүүхээс хорих ял сонссон Монгол Улсын гурав дахь Ерөнхий сайд С.Баяр болсон. Түүнийг Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байгуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж 2018 оноос мөрдөн шалгаж, хорьж цагдсаны эцэст АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэх хэрэг тулгаад, таван жилийн ял оноосон билээ.

Дарга нарын дараагийн бай нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нар болов. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн гэж буруутган, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр  гурван жилээр ялласан юм. Тэд Ц.Нямдоржийн “өшөөтнүүд” билээ.  Ц.Нямдоржийн “захиалгатай” гэх уг хэргийн хэлмэгдэгч нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар уу. Эсвэл Б.Хурц, Г.Эрдэнбат уу гэдгийг түүх  хэзээ нэгэн цагт шүүх биз.

Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг Ц.Нямдорж сайд болох бүртээ задалдаг, замхруулдаг гэж Б.Хурц нэгэнтээ хурцаар мэдээлж байв.  Өнгөрсөн дөрвөн жил Ц.Нямдорж үнэндээ Хууль зүй, дотоод хэргийн сайд гэхээсээ  С.Зоригийн хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг ажилласан нь үнэн.
С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг шүүхээс ялласны  дараа захилагчийг удахгүй зарлана гэж ТЕГ-ын экс дарга Б.Хурц мэдээлж байсан юм. Гэвч, захиалагчийн хэрэг хаана, ямар шатанд байгааг  одоо зөвхөн Ц.Нямдорж л мэднэ.

“Дайснаа дарж, дархан цолоо мандуулж” буй манай даргын хуульчлагдсан биш хувьчлагдсан шударга ёсноос мангаа хүртэл айхаар байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
23
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж