Ипотекийн зээлийн хүү 6 хувь болж, буухыг хүлээсээр ард иргэд цөхөрч байна.
УИХ-аас өнгөрсөн тавдугаар сард Covid-19 цар тахлаас болж, айл өрх, аж ахуйн нэгжид учирч буй эрсдэлийг бууруулах зорилгоор банкны салбарт хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр болж, тогтоол баталсан. Тогтоолын хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид зээл төлөлтийн хугацаагаа хойшлуулах боломж олгосон.
Монголбанкны мэдээгээр зургадугаар сарын 19-ний байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 12.9% буюу 65 мянга 491 зээлдэгчийн 572.8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл, ипотекийн зээлийн 43% буюу 38 мянга 270 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон юм. Нэг ёсны зээл төлөлтийн хугацааг нь хойшлуулж өгсөн гэсэн үг.
Харин цаг хугацаандаа ипотекийн зээлээ төлж байгаа иргэдэд 2 хувийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх УИХ-ын дарга Г.Занданшатарын амлалт хэрэгжсэнгүй.
Жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл авч, орон сууцтай болсон иргэдийн тоо 110 мянга орчимд хүрсэн. Тэднээс 38 мянга орчим нь зээл төлөлтийн хугацаагаа хойшлуулсан нь 70 мянга орчим нь хүү буурахыг хүлээж байгаа гэж хэлж болно.
Ипотекийн зээл хамгийн чанартай зээлд багтдаг нь цаг хугацаандаа төлөгдөж ирсэнтэй холбоотой. Гэхдээ цар тахлын улмаас олон аж ахуйн нэгж хаалгаа барьснаас иргэд ажилгүй, орлогогүй болж, хугацаа алдалгүй зээлээ төлөхөд бэрхшээл тулж буй. Зээлээ хойшлуулах хүсэлт банкинд гаргая гэвч цар тахлын хуулиар хамрагдах хугацаа нь дууссан. Иймээс 8 хувийн хүүг 6 болгон бууруулбал сард төлөгдөх мөнгөн дүн нь буурч, ачааллыг багасгана.
Зээлийн хүүг төв банкнаас тогтоосон тул бууруулах боломж төрд бүрэн бий. Гэвч төр хамгийн хариуцлагатай хүмүүсээ хойш тавьж ирсэн жишгээрээ ипотекийн зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлээгүй нь амлалтаасаа ухарлаа гэж хэлж болно.
Ипотекийн зээлийн хүүг бууруулах шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэсэн асуултад төв банкны зүгээс Засгийн газраас журам гарахыг хүлээж байна гэдэг хариулт өгч ирсэн юм. Түүнээс хойш бүтэн хоёр сар өнгөрөхөд журам ч батлагдсангүй, цар тахлын үеэр хэрэгжүүлж буй эдийн засгийн арга хэмжээний хугацаа эхнээсээ дуусах шат руу орж, сунгагдах болж байна.
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 17-нд эхлүүлэхээр тов зарласан. Хэлэлцэх чухал асуудлын нэгд нь Монгол Улсын 2020 оны төсвийн тодотгол эрэмбэлэгдсэн ч зээлийн хүүг бууруулах стратегийн тогтоол батлахаа УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт банкуудын төлөөлөлтэй уулзахдаа мэдэгдсэн.
Гэвч өмнөх амлалтаа хэрэгжүүлж чадаагүй эрх баригчид зээлийн хүүг бууруулж чадах уу гэдэг бас л эргэлзээ үүсгэж эхлэв.
Учир нь арилжааны банкуудын зээлийн хүү дундаж нь 16,2 хувь байгаа. Ипотекийн зээлийн хүүтэй харьцуулахад хоёр дахин өндөр хүү юм.
Монголд зээлийн хүү өндөр тогтсон нь хадгаламжийн хүү өндөр байгаатай холбодог. Харин тэрбум, тэрбумын өндөр хадгаламжтай хүмүүс нь улстөрчид буюу УИХ, Засгийн газрын гишүүд. Хөрөнгө орлогынх нь мэдүүлгээр энэ бүхэн нь олон нийтэд ил болдог. Зүгээр сууж байгаад өндөр хүүгээрээ сул мөнгө сааж суудаг улстөрчид зээлийн хүүг бууруулах стратегийг батлахад хэд нь гараа өргөн дэмжих вэ гэдгээс эхлээд асуудал үүсч буй юм.
Нөгөө талдаа төв банкнаас хүүг нь тогтоосон ипотекийн зээлийн хүүг 2 хувиар бууруулж чадахгүй хүлээлт үүсгэсэн нь бас нэгэн хэрэгжихгүй тогтоол баталж, бизнес эрхлэгчдээ хошгоруулах вий гэдэг шүүмжлэл ч дагуулж байна.
Эрх баригчдын өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн бодлогоор тэтгэврийн зээлийн хүү бага зэрэг буурсныг эс тооцвол банк санхүүгийн зах зээлийг мөнгө хүүлэлтийн тогтолцооноос нь салгаж чадаагүй.
Мөнгө хүүлэлтийг саармагжуулах хуулийн төсөл санаачилсан нэгнээ ад үзэж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох тухай хуулийн төсөл санаачилж байсан ч дэмжилгүй, буцаасан.
Харин одоо зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг УИХ-ын төвшинд ярьж эхэлсэн ч Засгийн газар, төв банк нь дэмжих үү, үгүй юу гэдэг бас л оньсого хэвээр байна.
Л.ОЮУ
Холбоотой мэдээ