Засгийн газраас Соёлын яамыг шинээр байгуулж долоон газар, 78 албан хаагчтай байхаар баталсан. Шинэ яам Боловсрол, шинжлэх ухааны яамны байрнаас өрх тусгаарлаж, Соёлын төв өргөөний есөн давхарт түр төвхнөжээ.
Шинэ яамны сайдаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан С.Чулуун, дэд сайдаар нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн даргаар Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат томилогдсон. Бусад албан хаагчдыг ажил үүрэгт нь томилсоны дараагаар албан ёсны байранд шилжих гэнэ.
Засгийн газрын долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Үүнд, Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ, дотоод аудитын газрууд байхаар зааж өгсөн.
Шинээр байгуулсан Соёлын яамны бүтэц, орон тоог батлахдаа Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ