Солонгосын хойг живж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Солонгосын хойг живж байна

Солонгосын хойг живж байна

БНСУ-д сар гаруй үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер, хөрсний нуралт үүсч, 15 хүний аминд хүрч, 1500 гаруй хүнийг орох оронгүй болжээ.

Ерөнхий сайд Чон Сэ Гюн өмнөд Солонгост сүүлийн долоон жил ороогүй олон хоногийн буюу 42 хоног дараалан орсон борооны уршгаар хоёр ч газрыг гамшгийн бүс хэмээн зарлахыг уриалжээ.

Үерт хамгийн хүнд өртсөн хэсгүүдэд аврах ажиллагаа явуулж эхэлсэн ч коронавирустэй холбоотой хөл хорио, дэглэм, журмуудаас болоод хүндрэл үүсч буй гэнэ. Түүнээс гадна гэртээ байх боломжгүй болсон иргэдийн толгой хоргодож буй хоргодох байр хэтэрхий олон хүнийг нэг дор цуглуулснаар вирус хурдтай тарах ноцтой эрсдэл үүсгэж байгаад иргэд ихээр санаа зовж байгаа аж.

Харин БНСУ-ын дотоод хэргийн яамны зүгээс орох оронгүй болсон иргэдийг түр хоргодох байрнууд буюу голдуу биеийн тамирын зал, нийтийн байруудад тараан нүүлгэж нэг дор цугларах хүмүүсийн тоог багасгах тал дээр хичээн ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Одоогоор хоргодох байруудад маш олон хүн нэг дор сууж буй бөгөөд айлуудыг ердөө даавуун хөшгөөр тусгаарлаж, орнуудыг аль болох хооронд нь хол байрлуулж байгаа гэнэ.

Ерөнхий сайд Чон Сэ Гюн үерт хамгийн хүнд өртсөн Кёнги, Чүнчон мужуудыг онцгой гамшгийн бүс хэмээн зарлахыг эрх баригчдад уриалжээ. Хэрвээ түүний санаачлага ёсоор болбол тус хоёр газарт засгийн газрын зүгээс илүү их тусламж хүрэх боломж бүрдэх юм.

Удаан үргэлжилсэн бороо тариан талбайнуудыг юу ч үгүй живүүлснээс гадна нийслэл Сөүл хотод орсон хур тундасны хэмжээ 10 см-ээр тоологдож, Хан гол эргээсээ хальж машин зам, гүүрүүдийг усанд автуулсан байна.

Наймдугаар сард Сөүлд хамгийн их бороо ордог бөгөөд сарын турш дунджаар 36 см хур тундас унадаг аж. Гэтэл эхний долоо хоногт орсон хур тундасны хэмжээ аль хэдийн 10 см-т хүрсэн нь цаашдаа байдал улам дордох аюул дагуулж байна.

Орон даяар 1300 гаруй айлын байшин хөрсний нуралтаас болж нурж, булагдах зэргээр хүн амьдрах аргагүй болжээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр 1000 орчим зам, гүүр ашиглах аргагүй болон эвдэрсэн байна.

Кёнги мужийн Ансон хотод буй хоргодох байранд сууж буй иргэдийн нэг болох 83 настай Куон Ча Сүн хөрсний нурангиас болж өөрт байсан бүхнээ алджээ. Тэрбээр “Надад нэг ширхэг таваг ч үлдсэнгүй. Миний бүх эд хөрөнгө урсах нь урсаад, булагдах нь булагдчихлаа” хэмээн халаглан суух аж.

Болзошгүй хохирлоос аль болох сэргийлэхийн тулд сүүлийн гурван жил хаалттай байсан Соян голын даланг бүрэн нээсэн байна.

Түүнээс гадна БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг мөн олон хоног усархаг бороо үргэлжлэн орж байгааг мэдээлжээ. Хэдийгээр умард Солонгос илүү нарийн мэдээлэл өгөөгүй ч олон хоног орж буй борооны улмаас зуны ургац хураалтын үеэр үер болбол тус хаагдмал улс хүнс тэжээлийн хомсдолд орох ноцтой эрсдэл тулгарах юм.

БНАСАУ сүүлийн хэдэн арван жилийн турш хүнс тэжээлийн асуудалтай байгаа билээ. Жишээ дурдахад 1990-ээд оны өлсгөлөнгөөр олон зуун хүн БНАСАУ-ад хорвоог орхисон юм. Мөн өнгөрсөн жил сүүлийн арван жилийн хугацаанд хамгийн хатуу ган гачиг тохиож, жилд ордог нийт хур тундасны 42 хувь нь орсноор маш бага ургац хураасан жил байсан тул сая сая умард солонгосчууд арайхийн “онд орсон” хэмээн НҮБ мэдээлж буй юм.

Цаг уурчдын мэдээлж буйгаар Солонгосын хойгт хамгийн их хур тундас орсон хэсэг нь БНАСАУ-ын хилийн хотууд гэнэ. Тухайлбал, БНАСАУ-ын Синге хотод сүүлийн хоёр хоногийн дотор орсон борооны хэмжээ аль хэдийн 50 см хүрчээ. Харьцуулж үзэхэд 50 см гэдэг бол Лондоны хувьд бүтэн жилд ордог хур тундасны хэмжээтэй ойролцоо юм. Мөн өөр олон хотуудад ч төстэй байдал үүссэн гэнэ.

Эх сурвалж: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
17
ГайхмаарГайхмаар
16
ХахаХаха
16
БурууБуруу
14
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж