Хятадын шүүхээс кетамин эмийг үйлдвэрлэсэн хэргээр Канадын хоёр иргэнийг шүүж, нэгийг нь цаазаар авах, нөгөө хүнд нь бүх насаар шоронд хорих ял оноожээ. Канадын иргэншилтэй Шү Вейхунд цаазын ял оноож, түүний хамтрагч Вэн Гуаншионд бүх насаар нь шоронд хорих ял оноосон аж. Тэд 2016 оны аравдугаар сараас эхлэн эм үйлдвэрлэхэд хамтран ажиллаж эхэлжээ.
Хятадын Гуанжоу хотын цагдаагийн газраас Шү Вэйхуны гэр болон өөр нэг газраас 120 кг кетамин гэх эмийг хураан авсан аж. Кетамин нь хүчтэй тайвшруулах эм бөгөөд мансууруулах эмийн жагсаалтад оруулдаг болжээ.
Ийнхүү Канадын гурван иргэн Хятад улсад цаазын ял сонсоод байна. Хятадын технологийн “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг 2018 оны сүүлээр Канад улсад баривчилснаас хойш хоёр орны харилцаанд зөрчил үүссэн юм. Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Канадад баривчилсан нь Хятадын дургүйцлийг төрүүлжээ.
Хятадын шүүх өнгөрсөн онд Канадын иргэн Роберт Ллоид Шелленбэргийг хар тамхи тээвэрлэж явсан хэргээр цаазын ял оноссон юм. Үүнээс хэдэн сарын дараа Канадын өөр нэг иргэн Фан Вейг метамфетамин зөөвөрлөсөн хэргээр цаазын ял оноосон аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ