Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Арьс

Холбоотой мэдээ

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно

1946 оны өвөл их урт болж билээ. Дөрөвдүгээр сар хэдий ч хотын гудамжаар жихүүн салхи үлээж, цас хаялах нь уу гэлтэй үүлс нүүгэлтэнэ.

Дриоли хэмээх ахимаг эр Риволи гудамжаар зүдүүртэй алхана. Бээрч ядарсан тэрээр бохир хар цувандаа шигджээ. Босгож эргүүлсэн захных нь дээгүүр хоёр нүд, толгойн орой л  үзэгдэнэ.

Цайны газрын үүд нээгдэхүйд шарсан тахианы сулхан үнэр ходоодыг нь хонхолзуулав. Дэлгүүрийн шилэн хоргонд тавьсан төрөл бүрийн бараа, үнэртэй ус, торгон зангиа, цамц, очир эрдэнэ, шаазан, эртний эдлэл, сайхан хавтастай ном зэргийг жишимгүй харж өнгөрлөө. Залгаад зургийн галерей. Дриоли зургийн үзэсгэлэнд дуртай. Галерей шилэн хоргондоо ганц зураг тавьжээ. Түр саатан зургийг харчихаад эргэлээ. Тэгснээ огцом буцаж харав. Урьд өмнө нь, хаа нэгтээ болж өнгөрсөн ямар нэг зүйлийн талаарх, таагүй ч гэмээр дурсамж сэргэв. Зургийг дахин ажив. Хүчтэй салхинд үлээгдэж, нэг тал руугаа мурийж тахийсан модод, хуйларсан үүлтэй тэнгэрийн зураг байлаа. Жаазан дээр жижгэвтэр самбарт ЧАИМ СУТИН (1894-1943) хэмээн бичжээ.

Дриоли зургийг ширтсэн хэвээр түүнд чухам юу ийм танил санагдаад буйг тааж ядан зогсоно. Солиотой зураг санж хэмээн бодов.  Жигтэй галзуу, гэхдээ надад таалагдаж байна … Чаим Сутин … Сутин … … “Бурхан тэнгэр минь” хэмээн дуу алдлаа. “Миний бяцхан халимаг байна шүү дээ, энэ чинь! Халимаг жаалын зураг Парисын хамгийн алдартай зургийн дэлгүүрт тавигдаж. Төсөөл дөө!”

Хижээл эр дэлгүүрийн цонхонд нүүрээ наав.  Тэрээр хүүг саналаа. Тийм ээ, тун тод санаж байна. Гэвч хэзээ? Бусдыг нь санахад амаргүй байв. Олон жилийн өмнө шиг санагдана. Чухам хэдэн жил өнгөрөө вэ? Хорь, үгүй ээ, бараг гучин жил байх. За байз. Тийм ээ, дайны өмнөх жил байсан юм байна. Нэгдүгээр дайны өмнө гэхээр 1913 он. Тийм байна. Энэ Сутинд, өнөөх бодлогошронгуй, дүнсгэр халимаг жаалд Дриоли яагаад ч юм сайн ханддаг, бүр хайрладаг байсансан.  Яагаад түүнд дотно ханддаг байснаа сайн санахгүй ч тэр жаал зурдаг байсныг харин санаж байв.

Яажшуухан зурдаг байлаа! Бага багаар санаанд нь орж ирж байна. Гудамж, түүгээр нэг хөглөрөх лааз, өмхий үнэр … хаягдал лаазнуудад хүрэхгүй гудмаар алхах бор муурнууд, бүсгүйчүүд, замын чулуун дээр хөлөө тавиад, үүдэндээ ялхайн суух авгайчуул. Ямар гудамж байлаа? Тэр хүү чинь хаана амьдардаг байлаа?

Фалгиер хот юм байна! Жаалхүүгийн амьдардаг байсан хотын нэрийг санасандаа сэтгэл ханамжтай толгой дохив. Ганц сандалтай студи, бас хүүгийн унтдаг бохир улаан буйдан байдагсан. Согтож хөлчүүрхсэн үдэшлэгүүд, хямд цагаан дарс, хэрүүл маргаан, цаашлаад  бүтээлээ ямагт бодлогошронгуй ширтэх жаалхүүгийн гашуун, дүнсгэр царай.

Хачин юм даа, энэ бүхэн санаанд ямар хурдан буцаж ирэв ээ, нэг зүйлийг санахад дараагийнх нь хөврөн орж ирэх юм хэмээн Дриоли бодлогошров.

Шивээстэй холбоотой бас нэг утгагүй дурсамж бий. Тийм солиотой зүйл гэж байх уу ер нь. Яаж эхэллээ? Аан тийм! Тэр нэг өдөр мөнгөтэй болсон. Тийм юм байна. Тэгээд нэлээд хэдэн шил дарс авсан. Дарснуудаа сугавчлан, студи руу нь орж байсан мөчөө Дриоли харах шиг болов.

-Өнөө орой тэмдэглэцгээнэ ээ.  Гурвуулаа бяцхан баяр хийе гэж тэр хэлэв.

Хүү зургаа ширтсэн чигтээ,

-Юу тэмдэглэх гэж? Чи эхнэрээсээ салахаар шийдсэн юм уу? Тэгвэл би түүнтэй гэрлэж болох уу?

-Үгүй. Би их мөнгөтэй болсон учир бид өнөөдөр баярлана.

-Харин би юу ч олоогүй. Тэрийгээ бас тэмдэглэж болох юм.

-Яагаад болохгүй гэж хэмээгээд Дриоли ширээний хажууд зогсоод, ууттайгаа задлав.

Даруйхан дарсаа уухыг хүсч байлаа. Нэг өдөр есөн үйлчлүүлэгчтэй байсан нь сайхан ч хоёр нүд нь тэсэхүйеэ бэрх өвдөнө. Ганцхан өдөрт есөн хүнд үйлчилж байсангүй. Хөлчүү есөн цэрэг. Гайхалтай нь есүүл бэлэн мөнгөөр тооцоо хийсэн тул Дриоли баян болчих нь тэр. Харамсалтай нь энэ ажил хараанд тун хортой.  Ядарсандаа нүд нь бараг хагас аниатайн дээр цагаан хэсгийн нарийн судсууд нь чивчийн улайжээ. Хоёр ухархайгаар нь хүчтэй хатгуулна. Гэсэн ч ажлын өдөр дуусч, дээр нь хаан шиг баян болсныг хэлэх юун. Эхнэр, найз, өөртөө гээд гурван шил дарс авсан билээ. Дарс онгойлгогч олоод шил бүрийн бөглөөг авахад нэг нэгээрээ пүдхийн нээгдэв. Хүү бийрээ тавиад, “Ээ, Христ минь. Ийм байхад яаж ажиллах вэ дээ” хэмээн уулга алджээ.

Загвар бологч эмэгтэй зургаа харахаар ойртов. Дриоли ч мөн нэг гартаа лонх нөгөөдөө хундага барьсаар дөхөж очлоо. “Үгүй ээ” гэж хүү гэнэт хашхирав.  “Хэрэггүй, гуйя.” Зургийн тавиур дээрээс дэлгэмэл зургаа шүүрч аваад, хана руу харуулаад тавьчихав. Дриоли харж амжив.

-Надад таалагдаж байна.

-Аймшигтай.

-Гайхалтай. Чиний зурсан бусад бүх зураг шиг энэ ч гэсэн гайхалтай. Би бүгдэд нь дуртай.

-Даанч эднийг идэж болох биш хэмээн хүү хөмсөг зангидан хэллээ.

-Гэхдээ л гайхалтай зургууд шүү дээ.

Дриоли үлбэгэр цагаан дарсыг хундаганд дүүргэн, хүүд барив.

-Уучих. Сэтгэлийг чинь засна.

Тэрээр амьдралдаа хэзээ ч тийм аз жаргалгүй, эсвэл баргар царайтай хүн харж байгаагүй.  Долоон сарын өмнө билүү хүүг нэгэн цайны газар юм уугаад сууж байхад нь Дриоли анх харсан билээ. Хүүгийн орос ч юм шиг, ази ч юм шиг төрх анхаарлыг нь татжээ. Дриоли ширээнд суугаад, хүүтэй ярьж эхэлсэн.

-Чи орос уу?

-Тийм.

-Хаанаас ирсэн бэ?

-Минскийнх.

Дриоли үсэрч босоод, хүүг тэврэн, “би ч бас Минскт төрсөн” гэжээ.

-Яг ч Минск биш ээ. Гэхдээ тун ойролцоо.

-Хаахна?

-Смилович, 20 орчим километрт.

-Смилович гэж Дриоли чанга хэлээд, хүүг дахин тэвэрчээ. “Би хүүхэд байхдаа Смиловичид хэдэн удаа очиж байсан.”

Дараа нь сууцгааж, биесээ дулаанаар ширтсэн. “Юу гээч, чи баруун чигийн Орос шиг харагдахгүй юм. Татар юм уу халимаг шиг, яг халимаг царайтай” гэж Дриоли хэлжээ.

Цаг хугацаа алсалж, дарсаа ганц хөнтрөн хундагаа хоослох хүүг Дриоли харж зогсоно.

Халимаг царайтай хүү.  Өндөр шанаа, том сартгар хамартай. Өргөн царайг нь хоёр том чих чимжээ. Онигор нүд, хар үс, халимагийнх шиг зузаан, урвагар уруул.  Гар нь үнэхээр гайхмаар.  Бүсгүй хүнийх шиг жижигхэн, цагаан гар, нарийхан хуруунууд.

-Дахиад хундагалаач. Хэрэв тэмдэглэх гэж байгаа бол ном ёсоор нь тэмдэглэцгээе.

Дриоли вино хундагалаад, сандалд суув. Хүү хуучин буйдан дээр Дриолигийн эхнэртэй зэрэгцэн суулаа. Гурван шил дарсаа шалан дээр тавьцгаажээ.

-Өнөө орой савныхаа чадлаар ууцгаая гэж Дриоли хэлэв. “Цулайтал баяжсан.  Би ер нь гараад дахиад хэдэн лонх аваад ирье. Хэдийг авах уу?”

-Зургаа гэж хүү хариуллаа. Хүн бүрт хоёрыг.

-Тэгье. Одоо яваад аваад ирье.

-Би хамт явъя.

Хамгийн ойрын цайны газраас Дриоли зургаан лонх цагаан дарс худалдан авлаа. Тэгээд урландаа авчрав. Хоёр эгнээ болгон өрлөө. Дриоли дарс онгойлгогч авчраад, бүх лонхыг задлав. Суугаад, үргэлжлүүлэн ууцгаалаа.

-Маш баян хүмүүс л ингэж тэмдэглэнэ.

-Тэр ч тийм шүү гэж хүү зөвшөөрлөө. “Тийм биз дээ, Жоси?”

-Мэдээж.

-Жоси, чи дажгүй юу?

-Зүгээр ээ.

-Чи Дриолигоос салаад, надтай гэрлэх үү?

-Үгүй ээ.

-Сайхан дарс гэж Дриоли хэлэв. “Ийм дарс уух нь нэр төрийн хэрэг.”

Дарс шимэнгээ ярилцаж, согттолоо ууцгаав. Дарсдах үйл явц хэвээрээ. Сэржим өргөн, таашаан тамшааж, баахан ярьж, бас дахин ярьж, мөн цагаан дарсаа магтана. Энэ бүхнийг яаралгүй,  алгуур тайван гүйцэтгэх нь тун чухал. Ингэж гэмээ нь шилжилтийн гурван үе шатыг амталж чадна. Дриолид түүний хөвж байгаа мэт мэдрэмж авч, хоёр хөлөө мэдрэхээ больдог үе тун тааламжтай санагддаг юм. Тэр бол хамгийн сайхан мөч. Дриоли доош хараад асар хол мэт санагдах энэ хөлнүүд хэн гээч галзуу солиотой хүнийх юм бол доо, яагаад газар хэвтэж байгаа юм бол хэмээн хөлчүүрхэн бодно.

Хэсэг байзнаад гэрэл асаахаар бослоо. Хөлнүүд өөртэй нь хамт хөдөлж буй ч газар хүрч байгааг нь огт мэдрэхгүй байгаадаа Дриоли цочирдов. Гэхдээ түүнд агаарт алхаж буй мэт тааламжтай мэдрэмж төржээ. Өрөөг тойрч, хананд тулган тавьсан зургуудыг харж авлаа.

-Сонсооч хэмээн Дриоли сунжруулан хэлэв. “Надад нэг санаа байна.”

Өрөөгөөр буцаж алхаж ирээд, буйдангийн өмнө гуйван зогслоо.

-Сонс, бяцхан халимаг минь.

-Юу?

-Надад гайхалтай санаа төрлөө. Чи сонсож байна уу?

-Би Жосиг сонсож байна.

-Намайг сонсооч дээ, гуйя. Чи бол Минскээс ирсэн миний муу халимаг найз, тэгээд чи бол миний хувьд уран бүтээлч. Зураг, нэг гоё зургийг нь авмаар мундаг зураач.

-Бүгдийг нь ав. Авч чадах бүхнээ ав. Харин намайг эхнэртэй чинь ярихад битгий саад бол.

-Үгүй ээ, үгүй. Сонсч бай. Би байнга авч явж болох зургийн тухай ярьж байна. Мөнхөд, би хаашаа ч явсан, надад юу ч тохиолдсон, надтай үргэлж хамт байх тийм зураг. Чиний зурсан.

Тэр урагш бөхийн, хүүгийн өвдөгнөөс татав.

-Сонс доо. Түүнийг сонс гэж бүсгүй хэлэв.

-Чи миний арьсан дээр зурах юм. Нуруун дээр.  Зурсан зургаа шивэхийг хүсч байна. Тэгээд үүрдийнх болно.

-Солиотой юм санадаг хүн шүү.

-Би чамд шивээс яаж хийдгийг заагаад өгье. Амархаан. Хүүхэд ч чадна.

-Би хүүхэд биш.

-Тэг л дээ…

-Чи чинь солиотой юм уу. Юу хүсээд байгаа юм? Зураач өмнөө зогсож буй эрийн дуниартсан, дарсанд согтож гялтганасан хар нүдийг харав.

-Бурхан тэнгэр минь гэж, юу гээд байгаа юм?

-Чи амархан хийж чадна аа. Чи чадна. Чадна.

-Шивээс хийх юм уу?

-Тийм ээ. Зураад, түүнийгээ шивнэ. Би хоёрхон минутад заагаад өгнө.

-Тэр чинь боломжгүй.

-Намайг юу ярьж байгаагаа мэдэхгүй мулгуу гэж хэлээд байна уу?

Шивээс яаж хийхийг мэддэг ганц хүн нь Дриоли байсан тул хүү тэгж хэлж чадахгүй байлаа. Дриоли өнгөрсөн сард нэг эрийн хэвлий дээр гайхалтай сайхан, маш нарийн хийцтэй цэцэг битүү шивж өгсөн.

Цээжин дээрээ битүү үстэй залууд гризли баавгай шивж, түүнийг том биетэй, үсэрхэг саарал баавгай шиг харагдуулж чадсан хүн нь Дриоли байгаагүй гэж үү?

Бүсгүй хүний дүрийг нэгэн залуугийн гаран дээр шивж, гарын булчингаа чангалахад бүсгүй амь орсон мэт харагдаж, гайхалтай уран нугаралт хийгээгүй гэж үү?

-Би юу гэх гэсэн гэхээр… чи согтсон байна. Тэгээд энэ чинь согтуу санаа.

-Жосиг зургийн загвараа болгоё. Жосигийн дүр миний нуруун дээр. Эхнэрээ нуруун дээрээ зуруулж болохгүй гэж үү?

-Жосиг зурах юм уу?

-Тийм.

Эхнэрээ дурдахад л хүүгийн зузаан хүрэн уруул суларч чичигнэхийг Дриоли мэдэж байв.

-Үгүй хэмээн бүсгүй дургүйцлээ.

-Хонгор минь, тэг л дээ. Энэ шилтэйг аваад дуусгачих. Тэгвэл илүү өгөөмөр зантай болно. Энэ бол агуу санаа. Би амьдралдаа хэзээ ч ийм санаа гаргаж байсангүй.

-Ямар санаа?

-Нуруун дээр минь чамайг зурах санаа. Би тийм эрхгүй хүн гэж үү?

-Миний зураг ий?

-Нүцгэн, судалбар зураг хэмээн зураач хүү хэлээд, “байж болох л санаа юм” гэж нэмэв.

-Нүцгэнээр биш хэмээн бүсгүй эсэргүүцэв.

-Агуу санаа байна гэж Дриоли хэллээ.

-Наадах чинь дэмий, солиотой санаа гэж бүсгүй бувтнав.

-Ямар ч л байсан санаа гэж хүү хариулжээ. “Тэмдэглүүштэй санаа шүү” гэж нэмж өгүүлэв.

Тэд дахин нэг лонхтойг суллалаа.

-Ер нь дэмий санаа байна. Би шивээс хийж чадахгүй. Харин нуруун дээр чинь зураад өгье. Тэгээд усанд орохгүй, угаахгүй л бол ар нуруун дээр чинь миний зурсан зураг байж байх болно. Хэрэв амьдралдаа хэзээ ч усанд орохгүй бол үхэн үхтэл чинь байж л байна.

Дриоли “Үгүй,” хэмээн эсэргүүцлээ.

-Тэгнэ ээ. Усанд орохоор шийдсэн өдөр чинь би чамайг миний зургийг үнэлэхээ больсныг мэдэх болно. Миний бүтээлийг хэрхэн биширдгийг чинь харуулах туршилт болог.

-Наад санаа чинь надад таалагдахгүй байна хэмээн бүсгүй ярианд оролцов. “Тэр чиний бүтээлүүдийг бишрэн хүндэлдэг болохоор олон жил бохир явах болох нь. Шивээс хийцгээе, гэхдээ нүцгэн биш.”

-Тэгвэл зөвхөн толгой хэсгийг шивье хэмээн Дриоли ятгав.

-Би чадахгүй байх аа.

-Амархаан. Би чамд хоёрхон минутад зааж чадна. Чи хараарай. Би яваад, хэрэгслүүдээ аваад ирье. Зүү бас будгууд. Надад маш олон өнгийн бэх байгаа. Чиний зурахдаа хэрэглэдэг шиг олон өнгө, тэднээс ч илүү…

-Энэ чинь боломжгүй.

-Би олон бэхтэй. Надад олон өнгийн бэх байдаг, тийм ээ Жоси?

-Тийм ээ.

-Чамд харууламз. Одоохон яваад аваад ирье.

Дриоли суудлаасаа босож, дэн дун боловч чигээрээ алхсаар, өрөөнөөс гарч явлаа.

Хагас цагийн дараа тэрээр буцаж иржээ.

-Бүгдийг нь аваад ирлээ хэмээн бор цүнх савчуулсаар орж ирэв. “Шивээсчинд хэрэгтэй бүх зүйл энд бий.”

Ширээн дээр цүнхээ тавиад, цахилгаан зүү, өнгө өнгийн бэхтэй жижиг шилнүүд гаргаж дэлгэв. Цахилгаан зүүгээ залгаж, гартаа бариад, асаах товчийг дарлаа. Дүнгэнэх дуу гарч, зүүний ил гарсан хэсгийн дөрөвний нэг нь дээш доош чичирхийлж эхлэв. Дриоли хүрмээ тайлж шидээд, зүүн ханцуйгаа шамлалаа.

-Харж бай. Намайг хар, ямар хялбар болохыг үзүүлье.  Би энэ гаран дээрээ загвар болгож зурна.

Түүний гарын шуу хөх бэхээр дүүрчээ. Гэсэн ч шивээсгүй хэсэг арьс олж, түүн дээрээ үзүүлэхээр болов.

-Эхлээд бэхээ сонгоно. Жирийн хөх өнгө хэрэглэе. Зүүний үзүүрээ бэхэндээ дүрээд, дараа нь зүүгээ эгц, тэгшхэн барина. Тэгээд арьсан дээрээ ингэж хөнгөн гүйлгэнэ. Бяцхан хөдөлгүүр, цахилгааны хүчээр зүү дээш доош хөдөлж, арьсыг цоолно. Бэх ч арьсанд нэвчинэ, хар даа. Ямар амархныг нь мэдэв үү? Би ингээд л гар дээрээ тайгын нохой зурчихлаа…

Хүү сонирхож эхлэв.

-Алив, би гар дээр чинь нэг зураад үзээтэхье.

Хүү Дриолигийн гар дээр дүнгэнэсэн зүүгээр цэнхэр зураас татлаа.

-Энгийн л юм хэмээн тэр өгүүлэв. “Өнгийн харандаагаар зурахтай л адил юм. Бага зэрэг удаан л гэхээс өөр ялгаа алга.”

-Зүгээр байгаа биз дээ. Бэлэн үү?  Эхэлцгээх үү?

-Тэгье.

-Загвар хэмээн Дриоли чангаар дуудлаа. “Жоси, алив нааш ир!”

Дриоли энд тэнд алхлан, юмс янзлан,  тоглох гээд баярлаж байгаа хүүхэд шиг урамтай нь аргагүй өрөөгөөр нэг тэмтчинэ.

-Жосиг хаана зогсоох уу?  Хоёулаа хаана зогсох уу?

-Жосиг миний тольтой, хувцасны шүүгээний дэргэд зогсооё. Үсээ самнаж байг. Би түүнийг үсээ самнаж, үс нь мөрийг нь даган унасан байдлаар зурна.

-Гайхалтай. Чи суут ухаантан.

Бүсгүй хундагатай дарсаа барин дурамжхан алхсаар шүүгээний дэргэд очиж зогсов.

Дриоли цамц, өмдөө тайлав. Дотуур өмд, оймс, гуталтайгаа үлдсэн тэрээр шивээсчний өмнө найган зогслоо. Давжаа биеэ чангалжээ. Арьс нь цагаан, бараг үсгүй аж.

-За, би бол зотон даавуу. Зургийн цаасаа хаана байрлуулмаар байна?

-Мэдээж тавиур дээр.

-Дэмийр. Би бол зотон даавуу.

-Тэгвэл тавиур луу оч.  Тэр л байх ёстой  газар чинь шүү дээ.

-Яаж тэгж болохов вэ дээ?

-Чи миний зургийн цаас мөн юм уу, үгүй юү?

-Би зургийн чинь цаас мөн. Хэдийнэ тийм мэдрэмж төрөөд эхэллээ.

-Тэгвэл тавиур дээрээ оч. Юу нь хэцүү байхав дээ.

-Энэ үнэхээр боломжгүй.

-Тэгвэл сандал дээр суу. Нуруугаа над руу харуулаад, согтуу толгойгоороо сандлын түшлэг нал. Түргэлж үз, эхэлье.

-Би бэлэн. Хүлээж байна.

-Эхлээд би зүгээр зурна. Тэгээд аятайхан болбол дээгүүр нь дагуулан шивээс хийе.

Хүү өргөн бийр аваад, Дриолигийн нурууны арьсан дээр зурж эхэллээ.

-Ий, ий хэмээн Дриоли хашхирлаа. “Сээр нурууг минь даган аварга том жаран хөлт мөлхөж байна!”

-Битгий хөдөл! Томоотой суу!

Хүү  түргэн ажиллаж байв. Будгийг хөнгөн дарж, нарийн цэнхэр зураас гаргах нь хожим шивээс хийх өнгөтэй холилдохгүй сайн талтай. Зурж эхэлмэгц хүү ажилдаа хэрхэн төвлөрч буйг харах гайхалтай байв. Архи нь гарчихсан мэт. Бугуй нь нэг хэмд, түргэн таталган хөдөлгөөнөөр бийр будгаа түрхэж, хагас цагийн дотор зурж дуусгалаа.

“Заа, ингээд боллоо,” хэмээн хүү Жосид хандан хэлэхэд бүсгүй даруйхан буйдан руу эргэн, сульдхийн хэвтээд, унтаад өгөв.

Дриоли сэрүүн байлаа. Хүү зүүг авч, үзүүрийг нь будганд дүрэхийг ажиж байв. Тэгээд нурууны арьсанд нь жижиг, хурц үзүүр ирвэгнүүлэхийг мэдэрлээ. Тэвчихийн аргагүй биш ч гэсэн таагүй өвдөлт унтахаас нь сэргийлж байв. Зүүгээр аль хавьд нь шивж, хүү ямар бэхүүд хэрэглэж байгаагаар баримжаалан түүний ар талд чухам юу болж байгааг Дриоли төсөөлөх гэж оролдов. Хүү гайхмаар эрч хүчтэй ажиллана. Шивээсний бяцхан төхөөрөмж, бэх, зүүгээр урлаж болох бүтээлд тэр чигтээ татагдан, уусан шингэжээ.

Үүр цайхад машин дүнгэнэсээр, хүү ажилласаар байв. Зураач хойш алхан, “Дууслаа” гэхэд үдийн нар хэвийж, гудамжаар хүмүүс алхах чимээ сонстож байсныг Дриоли бүүр түүрхэн санаж байна.

Дриоли “Би харъя” хэмээхэд хүү ард нь толь барьж өглөө. Дриоли харахаар хүзүүгээ сунгав.

“Ивээлт бурхан минь гэж!” хэмээн Дриоли дуу алджээ. Тэр гайхамшгийг харж байв. Мөрнөөс нь эхлэн зоо нурууных нь төгсгөл хүртэл нуруу нь нэлэнхүйдээ алтан шаргал, ногоон, цэнхэр, хар, улаан зэрэг хурц өнгө будгийн хослол болжээ. Шивээсийг маш тод гүн хийсэн учир шаазан ваар шиг үзэгдэнэ. Хүү анх зурсан бийрийн таталбараа дагуулан, тод өнгөөр давхарлан хүрээлжээ. Нурууны үений овгор, далны ясны төвгөр хэсгүүдийг ч зурагтаа чадамгай ашигласан байв. Тэр бүү хэл, шивээс хийх удаан төвөгтэй ажиллагаанаас үл хамааран тэрээр зурагтаа ямар нэг үл мэдэг, нуугдмал чанар шингээжээ. Хөрөг амьд мэт харагдана. Сутиний бусад бүтээл зурагт байдаг ээдрээтэй, энэлэм чанар ч энэ шивээсэнд шингэсэн байлаа. Шивээс нь зургийн загвар болсон бүсгүйн шууд хуулбар биш байв. Нүүр царай гэхээсээ илүү зан төрхийн дүрслэл гэмээр. Нүүр нь бүдэг бас хөлчүүрхүү харагдана. Толгойн арын хэсгийг хар ногоон өнгөөр дугуйруулан буджээ.

-Мундаг бүтээл болж!

-Надад ч гэсэн таалагдаж байна.

Хүү хойш алхаад, зайнаас шинжин харав.

-Юу гээч, би гарын үсгээ үлдээх хэмжээний бүтээл болсон шиг байна.

Ингээд дүнгэнэсэн зүү аван, баруун гарынхаа тушаа Дриолигийн элэгний харалдаа улаан бэхээр нэрээ сийлэв.

Харин одоо бол Дриоли нэртэй энэ хөгшин эр зургийн дэлгүүрийн шилэн цонхны цаадах өлгөөтэй зургийг ширтэн, ямар нэг зүйлд ховсдуулсан мэт зогсож байна. Бүх зүйл маш олон жилийн өмнө, бараг л өмнөх амьдралд нь болсон мэт санагдана.

Хүү тэгээд яалаа?  Түүнд юу тохиолдоо бол? Дайнд, нэгдүгээр дайнд явж ирээд хүүг хэрхсэнийг Жосигоос асуусан билээ.

-Миний бяцхан халимаг хаачаа вэ?

-Явчихсан гэж бүсгүй хариулжээ. “Хаашаа явсныг нь мэдэхгүй. Гэхдээ нэг зургийн худалдаачин аваад явсан гэсэн. Черет руу явуулж, тэнд зураг зуруулах болсон гэж дуулсан.”

-Буцаад ирж ч магад.

-Магадгүй ээ. Хэн мэдлээ.

Хамгийн сүүлд хүүгийн талаар ярьсан нь тэр байлаа. Тэд удалгүй Авр хот руу нүүжээ. Усан цэрэг олон тул ашиг орлого арай илүү байв. Аврыг дурсахад настай эрийн царайд инээмсэглэл тодорлоо. Таатай он жилүүд байсансан. Дайнгүй жилүүдэд тэрээр усан онгоцны зогсоолын хажууд шивээсний газар ажиллуулдаг байв. Тохьтой өрөөнүүдтэй, мөн ажил тасардаггүй байж билээ. Өдөр бүр гурав, дөрөв, эсвэл таван усан цэрэг ирнэ, гар дээрээ ямар нэг зүйл шивүүлнэ. Үнэхээр сайхан цаг байж дээ.

Гэвч хоёрдугаар дайн эхэлж, Жоси амь үрэгдэж, германчууд ирснээр түүний ажил хэрэг эцэс болсон. Гар дээрээ зуруулахыг хэн ч хүсэхээ больсон. Дриоли ч ажил хийхэд хөгшдөх болжээ. Аргаа барсан тэрээр том хотод нөхцөл байдал арай дээр байх хэмээн найдан,  Парист ирсэн ч байдал өөрчлөгдсөнгүй.

Дайн дуусахад шивээсний газар дахин нээх хүч чадал, нөхцөл боломжийн аль аль нь Дриолид байсангүй. Нас дээр гарсан, мөн бусдаас гуйх дургүй хүн хэрхэн амь зогоох нь тун бүрхэг.

Зургийг ширтсэн хэвээр “Сайн байна” хэмээн Дриоли бодлоо. Миний бяцхан халимаг энэ дээ. Ганцхан зураг эртний дурсамж ямар хурдан сэргээж орхив оо. Хэдхэн хормын өмнө Дриоли ар нуруун дээрээ шивээстэй гэдгээ ч таг мартчихсан явсан билээ. Тэр тухай бодоогүй уджээ. Дриоли цонхонд нүүрээ ойртуулан, уран зургийн галерейн доторхыг ажиглав. Ханаар олон зураг өлгөсөн нь бүгд нэг зураачийнх бололтой. Олон хүн нааш цааш холхино. Тусгай үзэсгэлэн гэдэг нь харваас илт.

Дриоли гэнэт эргэж, галерейн хаалгыг нээгээд дотогш орчихов.

Улаан өнгийн зузаан хивс дэвссэн урт өрөөг сайхан тохижуулсны дээр дулаан байгаа нь үнэхээр тааламжтай. Цэвэрхэн бас эрхэмсэг зочид зургуудыг ажин, тойрон алхах бөгөөд бүгд гартаа танилцуулга барьжээ. Дриоли хаалганы хавьцаа зогсоод, гирэвшингүй эргэн тойрноо гүйлгэн харахдаа энэ хүмүүсийн дунд орох эсэхээ бодлоо. Түүнийг ийнхүү эргэлзэж дуусаагүй байтал “Танд юу хэрэгтэй вэ?” гэсэн үгс тасхийв.

Дан, хар хүрэм өмссөн эр байв. Намхан, тагжгар биетэй, цав цагаан царайтай аж. Нүүр нь хэт таргалснаас ялхайж,  хоёр хацар нь спаниел нохойных шиг унжжээ. Тэрээр Дриолид дөхөж ирээд “Танд юу хэрэгтэй вэ?” хэмээн дахин асуув.

Дриоли хөшиж орхив.

-Та манай галерейгээс гарна уу гэж өнөөх эр хэллээ.

-Би зургуудыг сонирхож болохгүй юм уу?

-Би таныг гарна уу гэж байна.

Дриоли зогссор байлаа. Дотор нь шатаж байх шиг.

-Асуудал үүсгэхгүй байцгаая. Алив ийшээ хэмээн бүдүүн эр хэлж байна. Тэрээр тарган цагаан савраараа Дриолигийн гарнаас бариад, хаалга руу хүчтэй угзчиж эхэллээ.

Тэвчээр нь барагдав.

-Наад гараа надаас тат хэмээн Дриоли бархирав.

Түүний дуу танхимаар нэг хадахад бүгд эргэж харлаа. Бүдүүн эрийн туслах элбэхээр гүйн ирэв. Хоёр эр Дриолиг хаалгаар түлхэн гаргахаар оролдоно. Энэ бүхнийг хүмүүс жишим ч үгүй ажиглан зогсоно. Тэдний тоомжиргүй царайнд “Бүх юм хэвийн. Аюул учирсан зүйл алга. Учрыг нь олж байна” гэсэн шиг илэрхийлэл тодорчээ.

-Надад ч бас! Энэ зураачийн бүтээл надад ч бас бий! Тэр миний найз байсан юм. Надад өгсөн зураг нь байгаа хэмээн Дриоли хашхичиж байв.

-Галзуурсан бололтой.

-Солиотой юм. Ухаан мэдрэлээ алдсан хүн байна.

-Хэн нэг нь цагдаа дуудвал зохино.

Дриоли биеэ түргэн займчиж, хоёр эрийн гараас мултраад, хэн нэг нь дахин түүнийг барьж авахаас урьтан, галерейн урт танхимаар зугтан гүйнгээ “Би та нарт үзүүлье! Би үзүүлье! Би үзүүлье!” хэмээн хашхичжээ. Гадуур хувцсаа авч шидээд, хүрэм, цамцаа ч түргэн гэгч нь тайлж, нуруугаа хүмүүс рүү харуулан зогслоо.

-Энэ байна хэмээн амьсгаадан өгүүлэв. “Харж байна уу? Энэ байна!”

Өрөө гэнэт чив чимээгүй болов. Хүн бүр дороо хөшиж орхижээ. Бүгд гайхаж балмагдан, хөдөлгөөнгүй болж, цочролд орсон байв.  Тэд шивсэн зургийг ширтэн  харна. Зураг урьдын янзандаа. Өнгө будгийн хослол нь хурц тод хэвээр. Харин настай эрийн зоо нуруу турж эцсэнээс далны яс нь урьдынхаас илүү төвийж харагдана. Энэ нь зургийг илүү сонирхолтой, шигүү харагдуулах аж.

-Бурхан минь, энэ үнэхээр Сутиний зураг байна гэж нэг нь дуу алдав.

Хүмүүс настай эрийг тойрч шаван, гайхан шагширч эхлэв.

-Эргэлзэх хэрэггүй, мөн байна!

-Анх зурж эхэлж байх үеийнх нь бүтээл байна, тийм байгаа биз?

-Үнэхээр гайхалтай, гайхалтай!

-Хараач, гарын үсэгтэй юм байна!

-Найз минь, мөрөө урагш нь болгоод өгөөч, тэгвэл зургийг сайн харж болохоор байна.

-Эртнийх байна. Хэзээ зурсан бэ?

-1913 оных гэж Дриоли эргэж харалгүйгээр хариулав. “1913 оны намар зурсан юм.”

-Сутинд шивээс хийхийг хэн заасан юм бол?

-Би түүнд зааж өгсөн юм.

-Харин энэ эмэгтэй?

-Тэр бол миний эхнэр.

Галерейн эзэн зочдын дундуур зүсэн, Дриолиг чиглэн ирлээ. Тэр тайван байхыг хичээснээс гадна тун нухацтай харагдана. Уруул дээрээ инээмсэглэл тодруулжээ.

-Ноёнтоон хэмээн тэр яриагаа эхлээд “Би үүнийг чинь худалдаж авъя” гэв.

Бүдүүн эр эрүүгээ хөдөлгөхөд нүүрэн дээрх сул мах нь чичирхийлэхийг Дриоли харлаа.

-Би худалдаж авъя гэж байна, ноёнтоон.

-Та яаж авах юм хэмээн Дриоли зөөлөн асуув.

-Би танд хоёр зуун мянган франк өгье.

Зургийн худалдаачин болох энэ жижигхэн, хар нүдтэй эрийн өргөн хамрын угалз сууриараа чичирхийлнэ.

-Битгий зар хэмээн олны дундаас нэг нь хэлэв. “Хорь дахин илүү үнэ хүрнэ.”

Дриоли ямар нэг зүйл хэлэхээр амаа нээв. Ганц ч үг гарсангүй тул буцаагаад хаачихав. Тэгсэнээ дахин аажуухан нээв.

-Гэхдээ би яаж зарах юм бэ?  Хоёр гараа өргөөд, буцааж буулгав. “Ноёнтоон, би энэ зургийг хэрхэн зарах билээ?”

Ертөнцийн хамаг гуниг харуусал түүний дууны өнгөнд шингэсэн байлаа.

-Тийм шүү дээ гэх үгс олны дундаас сонстоно. “Тэр үүнийгээ яаж худалдана гэж. Биеийнх нь нэг хэсэг шүү дээ!”

-Сонсооч хэмээн зургийн худалдаачин хэлээд, түүнд дөхөж ирэв. “Би танд тусалъя. Би таныг баян болгоё. Энэ зургийн талаар хоёулаа хоорондоо тохиролцож болно шүү дээ, үгүй гэж үү?”

Дриоли бүдүүн эр лүү болгоомжтой харцаар ширтэнэ.

-Гэхдээ та яаж худалдаж авах гэж байгаа юм, ноёнтоон? Та энэ зургийг худалдаж авлаа гэхэд юу хийнэ гэж? Хаана хадгалах юм бэ?  Жишээ нь өнөө орой хаана байлгах уу? Маргааш яах вэ?

-Аан, хаана хадгалах вэ гэж үү? Нээрээ хаана байлгах билээ? За байз…

Зургийн худалдаачин палигар цагаан хуруугаараа хамрын хянгаа үрнэ.

-Би зургийг худалдан авбал таныг бас авна гэсэн үг юм байна. Тэр ч ашиггүй шүү хэмээгээд дахин хамраа үрж эхлэв. “Та нас нөгчих хүртэл зураг ямар ч үнэ цэнэгүй. Найз минь, та хэдтэй вэ?”

-Жаран нэг.

-Гэхдээ та тийм бие сайтай биш байх, тийм ээ?

Зургийн худалдаачин хамраа үрэхээ болиод, Дриолиг хөлөөс нь толгой хүртэл заазын адуу сонгох гэж байгаа малын худалдаачин шинжин харав.

-Надад таалагдахгүй байна гэж Дриоли хэлээд цэрвэн холджээ. “Үнэнийг хэлэхэд ноёнтоон, та надад таалагдахгүй байна.”

Ингэж хэлээд, цочирдсондоо ухарч байсан Дриоли гараа алдлан зогсоо өндөр эрийн тэвэрт орох үест өнөөх хүн Дриолиг мөрөөр нь зөөлөн тэвэрч авлаа. Дриоли эргэж хараад, өршөөл хүсэв. Өндөр хүн найрсгаар инээмсэглээд, цайвар шаргал өнгийн бээлийтэй гараараа настай эрийн нүцгэн мөрөн дээр найрсгаар алгадав.

-Сонсооч, найз минь гэж үл таних хүн инээмсэглэсэн хэвээр яриагаа эхлүүлээд, “Та усанд сэлж, наранд биеэ шарах дуртай юу?” гэж асуув.

Дриоли өнөөх хүнийг гайхан харлаа.

-Та амттай хоол зооглож, Бордо улаан дарс шимэхийг хүсэж байна уу?

Танихгүй эр бат бөх, цагаан шүдээ гарган инээмсэглэнэ. Түүний зарим шүд алтан байв. Тэр бээлийтэй гараа Дриолигийн мөрөн дээр тавьсан хэвээр аядуу зөөлөн хоолойгоор ярина.

-Та тийм зүйлсэд дуртай юу?

-Тийм ээ хэмээн Дриоли гайхаж будилсан хэвээр хариулав. “Мэдээж, дуртай.”

-Мөн сайхан эмэгтэйчүүдээр хүрээлүүлэх?

-Яагаад болохгүй гэж?

-Бас таны биеэс хэмжээ авч хийсэн хослол, цамцаар шүүгээгээ дүүргэвэл ямар вэ? Та хувцас хунараар дулимагхан яваа бололтой.

Дриоли энэ боловсон эрийг харж, өөр юу санал болгохыг нь хүлээв.

-Та хөлдөө яг тааруулан, гутал хийлгүүлж байсан уу?

-Үгүй ээ.

-Та тийм гуталнуудтай болмоор байна уу?

-Харин л дээ …

-Өглөө бүр таны сахлыг хусаж, үсийг тань засч өгдөг хүнтэй болмоор байна уу?

Дриоли ангайж хоцров.

-Мөн хөөрхөн мярайлаг охин хумснуудыг чинь засаж янзална.

Олны дундаас хэн нэгэн нуг нуг инээнэ.

-Хонх жингэнүүлэхэд өглөөний цайг оронд тань авчирч өгөх үйлчлэгчтэй болмоор байна уу? Эдгээр зүйлийг хүсэж байна уу, найз минь? Таны сонирхлыг татах болов уу?

Дриоли хөшсөн мэт гөлрөн зогссоор байв.

-Би Каннд байдаг Бристол зочид буудлын эзэн юм л даа. Би таныг манай буудалд амьдарч, үлдсэн насаа тав тух, тансаг байдалд өнгөрөөхийг урьж байна.

Настай эрд тавьж буй олон гайхалтай саналыг нь ухаж ойлгох сөгөө өгөхийн тулд өндөр эр үгээ зөөн, тайван ярих аж.

-Таны үүрэг бол таашаал ч гэмээр юм уу, зочдын маань дунд, далайн эрэгт богино өмдтэй алхаж, наранд биеэ ээж, усанд сэлж, коктэйл шимэн цагийг өнгөрөөх юм. Тэгж болох уу?

Хэн ч юу ч хариулсангүй.

-Ингэж байж бүх зочин гийчин маань Сутиний гайхамшигтай бүтээлийг харах боломжтой болно гэдгийг та ойлгохгүй байна уу? Та алдартай болно. Хүмүүс “Хараач, өнөөх ар нуруун дээрээ хэдэн арван сая франктай эр явж байна,” гэх болно. Ноёнтоон, танд энэ ямар сонсогдож байна? Таалалд тань нийцэж байна уу?

Дриоли цайвар шаргал өнгийн бээлийтэй, өндөр эр лүү дахин харж, энэ хүн тоглоом хийгээгүй байгаа хэмээн гайхан бодлоо.

-Хошин л санаа байна хэмээн тэр яаралгүй хариулав. “Гэхдээ та үнэнээсээ ярьж байна уу?”

-Мэдээж, үнэн хэлж байлгүй яахав.

-Хүлээгээрэй хэмээн анх санал тавьсан зургийн худалдаачин эр тэдний яриаг тасалдууллаа. “Хөгшин минь, сонсооч. Бидний асуудлын шийдлийг олчихлоо. Би зургийг худалдан авъя. Би мөн нуруунаас чинь энэ зургийг салгаж чадах мэс заслын эмч зохицуулъя. Тэгэхээр чи чөлөөтэй, хүссэн газраа явж, зургаа худалдаж олсон асар их мөнгөөрөө юу дуртайгаа хийж болно.”

-Нуруун дээрээ ямар ч арьсгүйгээр үү?

-Үгүй ээ, үгүй, гуйя! Та буруу ойлгочихлоо. Мэс заслын эмч нурууны арьсыг чинь нөхөөд, шинэ арьс хийж өгөх болно. Тун хялбар.

-Тэгж чадах юм уу?

-Чадаж ядаад байх зүйл байхгүй ээ.

-Байж боломгүй юм хэмээн цайвар шаргал бээлийтэй эр хэлэв. “Тийм их хэмжээний арьс авахуулж, дараа нь түүнийгээ нөхөн сэргээлгэх мэс засал хийлгэхэд энэ хүн дэндүү хөгшиднө. Амь насаа алдана шүү дээ. Та тэр хагалгааг даахгүй, найз минь.

-Би үхнэ гэж үү?

-Ойлгомжтой шүү дээ. Зургийг л бүрэн бүтэн салгаж чадна. Та харин ийм мэс заслыг давж гарч чадахгүй.

-Бурхны нэрийг бодооч хэмээн Дриоли хашхирав.

Өөр лүү нь ширтэх хүмүүсийг Дриоли айдас хүйдэс хурсан нүдээр тойруулан харлаа. Бүчсэн олны ар хавиас нам гүмийг эвдэн нэгэн эрэгтэй,

-Энэ хөгшинд хэн нэг нь хангалттай мөнгө өгвөл мань хүн яг одоо өөрөө өөрийнхөө амийг егүүтгэхийг зөвшөөрөх ч юм билүү, хэн мэдлээ гэж хэлэх нь дуулдлаа.

Хэсэг хүн инээлдэв. Зургийн худалдаачин хивсэн дээр займчин зогсоно.

Шаргал цайвар бээлийтэй гар Дриолигийн мөрөн дээр дахин алгадав.

-Алив ээ хэмээн өнөөх эр хэлээд, цагаан шүдээ гарган, нүүр дүүрэн инээмсэглэлээ. “Хоёулаа явж, сайхан оройн хоол идэнгээ энэ асуудлаа ярилцвал яаж байна. Та өлсөж байна уу?”

Дриоли хөмсөг зангидан, тэр эр лүү харлаа. Түүний урт, уян хүзүү, мөн ярихдаа хүзүүгээ сунгах нь могой шиг харагдах агаад, Дриолид таалагдсангүй.

-Шарсан нугас, Шамбертин дарс хэмээн өнөөх эр үргэлжлүүллээ. Тэрээр хэлээ булталзуулан, үгээ зөөж, хүнд аялгатай ярьж байв. “Бас самартай, аяган бялуу ч байж болох юм. Зөөлөн, сэвсгэр.”

Дриоли тааз руу харлаа. Түүний уруул өөрийн эрхгүй сулраад ирэв. Хөөрхий ядарсан хөгшиний арааны шүлс ялгарч байлаа.

-Та нугасаа яаж болгож идэх дуртай вэ хэмээн өндөр эр ярьсаар байв. “Сайтар борлуулж уу, эсвэл гаднаа шаржигнуур уу, үгүй бол…”

-Явцгаая хэмээн Дриоли түргэн хэлэв. Тэр цамцаа шүүрч аваад, толгой дээгүүрээ углах гэж сандчина. “Хүлээгээрэй, ноёнтоон. Би очиж байна.”

Ингээд хормын дотор Дриоли шинэ ивээн тэтгэгчтэйгээ галерейгээс гарч одлоо.

Үүнээс хойш хэдхэн долоо хоногийн дараа Буэнос Айрэст Сутиний онцгой арга барилаар зурсан, гоёмсгоор жаазалж, сайтар лакадсан эмэгтэйн хөргийг зарахаар олонд дэлгэжээ. Энэ худалдаа, мөн Канн хотод Бристол нэртэй зочид буудал байдаггүй нь хэн нэгнийг бага зэрэг гайхахад хүргэхийн зэрэгцээ хөгшин эрийн эрүүл энхийн төлөө залбирч, мөн одоо хаана ч байлаа гэсэн тэрхүү настай эр хөөрхөн, мярайлаг бүсгүйгээр хумсаа янзлуулж, өглөөд орондоо цай зөөлгөх үйлчлэгчтэй байгаа байх хэмээн чин сэтгэлээсээ найдахад хүргэнэ.

Роалд Дал

Орчуулсан Б. Уянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж