2021-2023 онд цөмийн салбарын санхүүжилтийг танах санал боловсруулснаа ОХУ-ын Сангийн яам мэдээллээ. Яамны мэдээлснээр төсвийг нийтдээ 67,5 тэрбум рублиэр танах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Ингэхдээ төсвийг жил жилээр шат дараалан танах юм. Засгийн газраас баталсан Цөмийн эрчим хүчний комплексийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт зарцуулагдах хөрөнгөнөөс танах саналыг хүргүүлсэн байна. 2021 онд уг хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 2,2% буюу 2,3 тэрбумаар танаж 102 тэрбум, 2022 онд 9,9% хувиар буюу 13,5 тэрбумаар танаж 122,5 тэрбум, 2023 онд 38% хувиар буюу 51,7 тэрбумаар танаж 84,2 тэрбум рублийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ. 2023 онд хамгийн их буюу 38%-иар танах юм.
Цөмийн эрчим хүчний комплексийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр нь 2012-2027 оны хооронд хэрэгжихээр батлагдсан хөтөлбөр бөгөөд хэрэгжүүлэгч нь “Росатом”. Уг хөтөлбөрийн нийт санхүүжилт 1,65 их наяд рубль юм. Энэхүү хөтөлбөр нь ОХУ-ын цөмийн тэргүүлэгч гүрэн гэсэн статусыг хадгалах, цөмийн эрчим хүчийг үр бүтээлтэй ашиглах, цөмийн салбарт инновацийг хөхиүлэн дэмжих, цөмийн технологийн хэрэглээг бусад салбарт нэвтрүүлэх, цөмийн технологийг хэрэглэх дэд бүтцийг бий болгох зорилготой юм.
Сангийн яамны зүгээс 2021-2023 оны хооронд төсвийг ихээхэн танах саналыг боловсруулаад байна. Цөмийн салбараас гадна Төрийн Дум, Холбооны зөвлөл, Үндэсний Аудитын албаны төсвийг танах саналыг мөн гаргаад байна.
Холбоотой мэдээ