129 дүгээр цэцэрлэгийн багш нар өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

129 дүгээр цэцэрлэгийн багш нар өлсгөлөн зарлана

129 дүгээр цэцэрлэгийн багш нар өлсгөлөн зарлана

Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Бүтэн жил шахам нам гүм байсан сургууль, цэцэрлэгүүд амь орж, зарим нь улс төрийн акц, өлсөлөн тэмцэл ч хийх болжээ. Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 129-р цэцэрлэгийн эрхлэгчээр Ө.Алдармааг эргүүлэн томилж, ажлаа хүлээн авсныг багш, ажилчдын зүгээс  эсэргүүцэж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн. Иймээс тус цэцэрлэгийн асуудлаар сурвалжлага бэлтгэж, холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэхийг зорилоо.

Биднийг 129 дүгээр цэцэрлэгийг зорин очиход цэцэрлэгийн хашаанд багш нар цугларч, эсэргүүцлийн суулт зарласан байлаа. Цэцэрлэгийн хашааны хаалгыг дотроос нь түгжсэн байсан учраас багш нарын төлөөллийг дуудаж, тэдний байр суурийг сонслоо. Цэцэрлэгийн үүдэнд 30 орчим багш цугларчээ.

“БАГШ НАР ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ”

Цэцэрлэгийн багш нарын үйлдвэрчний бүлгийн дарга Г.Сумъяа  “Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь өчигдөр /2020.08.05/ цэцэрлэг дээр ирж, цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Баасанхүү гэж хүнээс тамга тэмдгийг авсан. Тиймээс өнөөдөр цэцэрлэгийн үүдэнд 30 орчим багш цуглараад байна. Бид эсэргүүцлийн суултаа өлсгөлөн болгож байна. Дүүргийн Боловсролын хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга гээд шат шатны холбогдох байгууллагад өргөдөл, санал гомдлоо өгсөн.

Тэгэхэд хариуд нь “Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой” гэж хэлсэн. Багш нарын зүгээс “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч Эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Ө.Алдармаа гэж хүнээс  өөр хүнийг  129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Ө.Алдармаа л биш бол хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн.  Гэтэл бидний хүсэлтийг тавихад хэн ч хүлээж аваагүй. Тиймээс  тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ. Яагаад нэг хүнийг хамгаалаад, цэцэрлэгийн багш, ажилчдын нийт эрх ашгийг хамгаалахгүй байгаа юм бэ? Шүүхийн шийдвэр нь иргэний шугамаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ажлаа хүлээн авсан. Гэхдээ АТГ-т эрүүгийн хэргээр шалгагдаж, шүүхийн шатанд шилжээд байна” гэв.

Ө.АЛДАРМАА ЭРХЛЭГЧ ДАХИН АЖЛАА ХҮЛЭЭН АВЧЭЭ

Мөн “Цэцэрлэгийн эрхлэгчээр Ө.Алдармаа дахин томилогдож ирснээр багш, ажилчдын эрх ашиг дахин хөндөгдөнө. Биднийг ажлаас халахаас гадна цалингийн 20-30 хувийг хасдаг, цалингийн урамшуулал, нэмэгдэл өгдөггүй, тэр битгий хэл багш ажилчдын нэр дээр цалин бичээд авчихдаг байсан. Манай цэцэрлэг нийт 54 багш, ажилтантай. Багш, ажилчид суулт хийж байхад хүү нь ирж уулзсан. Энэ үеэр гар утсаараа бичлэг хийсэн багшийн цамцнаас боомилсон. Өчигдөр гэхэд нөхөр нь согтуу ирээд “Та нарыг ална шүү” гэж айлган сүрдүүлж байна. Өнөөдөр биднийг хамгаалж байгаа газар огт байхгүй байна.

Өнгөрөгч 2018 оны зургадугаар сарын 22-нд цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Баасанхүү гэж хүн томилогдож ирсэн. Ингэснээр цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн болж, багш, ажилчид өөдрөгөөр хамтран ажилласан. Хүүхдийн сурч хөгжих орчин ч сайжирсан. Тодруулбал, сантехникийн бүрэн засвар хийж, монгол ёс заншлын шинэ өргөө байгуулсан, гадна хүүхдийн талбайгаа бүрэн тохижуулсан.

Ө.Алдармаагийн хувьд 2014 оны аравдугаар сард 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож ирсэн цагаасаа  хууль бус ажиллагаа явуулж байсан. Эцэг, эхчүүдээс засвар нэрээр маш их мөнгө авхуулдаг байсан. Өнгөрсөн 2015 оны хавар гэхэд 20 мянган төгрөг авахуулсан ч цэцэрлэгийн коридорыг л будсан. Тэгээд засварын мөнгө хүрээгүй гэдэг шалтгаанаар есдүгээр сард нь хүүхэд болгоноос 37 мянган төгрөг авахуулсан. Тэгсэн хэрнээ гадна талбайн тоглоомын төв янзална гээд нэг хүүхдээс 15 мянган төгрөг дахин хураасан. Дараагаар нь 2017 онд цэцэрлэгийн сантехникийн засвар хийлгэнэ гэж бас 15 мянган төгрөг авсан ч ямар нэгэн ажил огт хийгээгүй. Хэрвээ ангийн хүүхдүүд мөнгөө дутуу өгвөл багш нарын цалингаас шууд хасч, арга хэмжээ авдаг байсан” гэлээ.

Нийслэлийн цэцэрлэгүүд дундаа хамгийн олон буюу 15 бүлэг, 818 хүүхэдтэй тус цэцэрлэгийн багш, удирдлагын багийн үл ойлголцол, маргаан одоогоос гурван жилийн өмнөөс эхтэй бөгөөд  хүүхдүүдийн сургалт хүмүүжил доголдох эрсдэлтэй гэж тодорхойлж болохоор нөхцөл байдалд хүрчээ.

Тус цэцэрлэгт үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл авахаар очиход манайхаас Баянзүрх дүүрэг рүү долдугаар сарын 1-нээс 129 дүгээр цэцэрлэгийг эрхлэгчийг томилох, чөлөөлөх эрх нь шилжчихсэн. Өнөөдрийн байдлаар Ө.Алдармаа гэж хүн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа хүлээж авсан” гэдэг тайлбарыг мэргэжилтэн нь өгч, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

“ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮРГИЙН ДАГУУ АЖИЛЛАСАН”

Тиймээс Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсээс мэдээлэл авахаар очсон. Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа мэдээлэл өгөхдөө “Бидэнд нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх л үүрэг байдаг. Өчигдөр 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажлаа хүлээлцсэн. Зургадугаар сараас хойш цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаа хүлээлцэх гээд олон удаагийн арга хэмжээ авсан.

Багш нарын зүгээс манайд өргөдөл гомдол өгснийг манай байгууллага дээд шатны байгууллага руугаа шилжүүлсэн. Багш нарын зүгээс “Өмнө томилогдож байсан Ө.Алдармаа эрхлэгч нь хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан” гэдэг тайлбарыг удаа дараа өгч байгаа. Манай байгууллага энэ хүсэлтийг дээд шатны дүүргийн Засаг дарга, нийслэлийн Боловсролын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам руу “Энэ асуудалд дэмжлэг үзүүлж, арга зүйн зөвлөмж өгөөч” гэхээр шүүхийн шийдвэр гарсан учраас шүүхийн шийдвэрийг бүх шатны байгууллага, аж ахуй нэгж, иргэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэдэг хариултад мухардаад байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль зөрчсөн үйлдлийг хуулийн байгууллага нотлох баримттайгаар л гаргаж ирэх ёстой. Харин манай байгууллагад ирсэн санал гомдлыг холбогдох дээд шатны байгууллагад уламжилж өгөх чиг үүрэгтэй. Багш нар дүүргийн Боловсролын хэлтэс хэрэгжилтийг хангадаг байгууллага учраас цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг авчихлаа гэж буруу ойлгоод байна. Би бол хууль тогтоомжийн дагуу хэрэгжилтийг хангаж буй субъект. Тэрнээс биш энд ямар нэгэн хүний эрх ашгийг огт хөндөөгүй. Бид захирамжийн хэрэгжилтийг хангаж, эдгээр хүмүүст эх хувиар нь эрх зүйн актыг гардуулж өгсөн” хэмээн тайлбарлалаа.

“2017 ОНД 129 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ “ИХ ЭРСДЭЛТЭЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТИЙГ ГАРГАЖ БАЙСАН”

Өнгөрөгч 2017 онд цэцэрлэгийн багш нарт цалин, үр дүнгийн урамшууллыг журмын дагуу олгодоггүй, цэцэрлэгийн эрхлэгч хахууль авдаг,  хувьдаа 24.5 сая төгрөг завшсан гэх мэт маргаан дагуулсан Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гарсан байдаг.

Тус цэцэрлэгийн асуудлыг хянаж, шалгахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргалаар ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан.

Тухайн үед ажлын хэсгийн дүгнэлтийн талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл мэдээлэл өгөхдөө “Тухайн цэцэрлэг дээр ажлын хэсэг хоёр хоног ажилласан. Уг шалгалтаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын улсын ахлах байцаагчийн үнэлгээгээр 129 дүгээр цэцэрлэгт “Их эрсдэлтэй” гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой санхүүгийн нэлээд зөрчил илэрсэн. Тодруулбал, багш нарт нэмэгдэл цалин гэж дансанд нь хийгээд, буцааж данснаас татдаг. Мөн эцэг, эхчүүдээс хандив хурааж аваад зориулалтын бусаар зарцуулсан зэрэг санхүүгийн зөрчлүүд гарсан. Зарим асуудлыг үнэн зөвийг тогтоолгохоор холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон боловсролын байгууллагын дүрэм журмыг зөрчиж, ажлын хариуцлага алдсан учраас цэцэрлэгийн эрхлэгчид арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг дүгнэлт гаргасан” гэв.

Мөн тэрбээр “Боловсролын байгууллага хууль бус төлбөр хураамж авах хориотой. Гэхдээ хандив авч болно. Хамгийн гол нь тэгшитгэсэн бус сайн дурын үндсэн дээр мөнгө хураан авч болно. Цэцэрлэгт өгсөн хандивын мөнгийг төрийн сан дахь тухайн цэцэрлэгийн дансанд байршуулах ёстой. Тэр данснаасаа гүйлгээ хийж, урсгал засвараа хийх ёстой байдаг. Манайд ирж буй нийт санал гомдлын 4.4 хувийг хууль бус төлбөр хураамж авсан гэдэг гомдол өргөдөл ирдэг. Энэ бол бага тоо биш. Жишээлбэл, нэг ангийн 50 эцэг, эхтэй гэж бодоход эцэг, эхийн хуралд 30-40 эцэг эх ирдэг. Тэгээд хурлаараа тав, 10 мянган төгрөг хураалгахаар шийдвэрлээд багшдаа хураалгачихдаг. Гэтэл хуралд ирээгүй эцэг, эхчүүд өргөдөл бичиж, гомдол гаргадаг байх жишээтэй. Тиймээс тухайн цэцэрлэгийн эцэг, эхчүүдийн зөвлөл идэвхтэй ажиллаж, цэцэрлэгийн урсгал засварын төсвийг хянах хэрэгтэй” гэдгийг хэлж байв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
23
БурууБуруу
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж