Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.08.07-нд нийтлэгдсэн

Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ?

Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын шинэ томилгоонууд үргэлжилсээр байна. Ялангуяа өнгөрөгч өдрүүдэд хийгдсэн Төрийн нарын бичгийн дарга нарын томилгоог тоймлон хүргэе.

Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтын үр дүнд томилдог. Өөрөөр хэлбэл, энэ нь Төрийн захиргааны албан тушаал учраас Төрийн албаны зөвлөл цахим хуудсандаа Засгийн газрын захиалгаар тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг байршуулах хуультай.

Төрийн албаны тухай хуульд Төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг заахдаа  “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж заажээ.

Энэ нь хуулийн 3.1.3.“чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг/ хэлнэ гэж хуульд тодотгосон. Тэгвэл Засгийн газар захиалга өгч, Төрийн албаны зөвлөл дээрх заалтын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж,  зарим яамны Төрийн нарын бичгийн дарга нарыг томилсон уу гэвэл үгүй.

Одоогоор дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүйгээр шинээр томилоод байна. Үүнд Соёлын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалахын яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг тус тус томилов.

Энэ нь Төрийн албаны тухай хууль хэрэгжихгүй байгааг шууд илтгэнэ.

Харин ганц сонгон шалгаруулалт зарласан нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал байсан ч хэлбэр төдий болж, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийн хүү Анхбаярыг томилсон  гэх шүүмжлэлийг араасаа дагуулсан юм.

Засгийн газар Төрийн албаны хууль зөрчин сонгон шалгаруулалтгүй хийсэн томилгоонуудаа тайлбарлахдаа "Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг барьж шийдвэрлэж байгаа түр зохицуулалтууд. Энэ хуулийн хүчинтэй хугацаанд л  томилгоо түр хийгдэж байна. Коронавирусын тухай хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусмагц эдгээр томилгоонууд Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хийгдэнэ” гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл, уг хуулийн зорилтод  холбогдох шийдвэрийг шуурхай гаргах асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан нь ийн сонгон шалгаруулалтгүйгээр томилгоо хийх нөхцөл нь бүрджээ. Тус хуулийг санаачилж, батлуулсан гол автор нь УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр юм.

Гэхдээ дотоодод цар тахал алдаж, нөхцөл байдал хүндрээгүй тайван ч Засгийн газар зайлуулъя гэсэн хүнээ дээрх хуулиар далимдуулж, явуулж байна гэж хэлж болно.

Шинээр томилогдсон болон бусад Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн болохыг танилцуулж байна.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Анхбаяр томилогдсон нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Учир нь түүнийг аавынх нь нөлөөгөөр томилогдсон гэж хардах хүн олон.  Хууль, эрхзүйн мэргэжилтэй ч тэрбээр  ажил, амьдралын гараагаа дипломат албатай холбожээ. “Тэргүүн шадар” дипломат цолтой тэрбээр төрийн болон дипломат албанд 17 жил ажилласан байна. Өнгөрсөн хавар Н.Анхбаярыг Австралид суух Элчин сайдаар томилохоор нэрийг нь оруулж ирж байсан ч Ерөнхийлөгчөөс  дэмжлэг авч чадаагүй юм. Тиймдээ ч  яамных нь Төрийн нарийн бичгийн дарга болгосон бололтой.

Шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдов. Тэрбээр өмнө нь Монголын соёл, урлагийн салбарт ажиллаж байсан.  2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байгаад одоогийн албан тушаалд томилогджээ. "Тэмээн сүргийн говь", "Нутгийн зам", "Гэртээ ирлээ", "Аавын нутаг" зэрэг олон дууг нь монголчууд андахгүй мэднэ.

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилов. Түүний тухайд 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 19 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Батбаатарыг томилов. Д.Батбаатар хуульч мэргэжилтэй, 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан түүнийг намын дарга нь төр рүү татав. Улсад 32 жил ажилласан тэрбээр 2000 оноос эхлэн төрийн албанд ажиллажээ.

  • 2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх
  • 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга
  • 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч
  • 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал
  • 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
  • 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажилласан.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуягийг  өнгөрөгч Лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилсон. Д.Ганхуяг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд 2015 оноос БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг албыг залгуулж иржээ. Мөн 2005 онд Конго улсад цэргийн ажиглагч офицероор, 2008 онд Либери улсад Сьерра Леон улс дахь Цэргийн багийн холбогч офицероор тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.

Бусад яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг одоогоор өөрчлөөгүй тул өмнө нь томилогдсон хүмүүс ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Ингэхдээ  Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчтэй.

Эрүүл мэндийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга хэн болох нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч өдгөө тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал энэхүү албыг үүрэг гүйцэтгэгчээр давхар хашиж байгаа аж.

ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн  тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр гүйцэтгэгчээр ажиллаж байна. Түүний хувьд  Ч.Улааны үед  тус албанд түр томилогджээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Батболд одоогоор ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард томилогдсон. Авто ашиглалтын инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистр зэрэгтэй. 2012-2016 онд ЗТЯ-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга зэргээр Төрийн албанд 15 жил ажиллажээ.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар  Д.Ганболд энэ оны хоёрдугаар сараас хойш ажиллаж байна. Томилогдоод удаагүй байгаа учраас сэлгээ бараг хийгдэхгүй болов уу. Д.Ганболд статистик-эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн ухааны магистр. 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2006-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, 2015 онд Сангийн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2016 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгаал­лын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр 2016 оноос хойш ажиллаж байна. Багш мэргэжилтэй түүний хувьд мэргэжлээрээ 2009 он хүртэл ажиллаж байгаад 2005-2006 Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 2006-2007 Барилга, хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга, 2008-2009 Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, 2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2013-2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2016 оноос хойш Г.Нандинжаргал ажиллаж байнаГ.Нандинжаргал өмнө нь 2003-2010 онд Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газарт эдийн засагч, 2010-2013 онд Нийслэлийн ЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2013 онд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга, 2013-2014 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2015 онд мөн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2015-2016 онд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын багт Төслийн захирлаар ажиллаж байв.

Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогт 2018 оны хоёрдугаар сараас хойш ажиллаж байна. С.Наранцогт нь МУИС, Сөүлийн их сургуулийг тус, тус төгссөн, Физик, математик PhD докторын зэрэгтэй. Сангийн яам, БСШУЯ, Хөдөлмөрийн яаманд газрын даргын албыг тус, тус хашсан. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Хүний нөөц, урамшууллын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байжээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Насантогтох ажиллаж буй.

 Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн хувьд олон жил тус албыг хашиж байгаа  гэж тодотгож болно. Өмнө нь УИХ-ын Тамгын газрын даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн албаны арвин туршлагатай нэгэн. Энэ удаад түүний оронд өөр хүн томилох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж