Эрх чөлөөтэй байхдаа фото модель хийдэг байсан Мердан Гаппар БНХАУ-ын хорих лагерь дотроос бичлэг хийн, гэр бүлдээ илгээж, нөхцөл байдал ямар буй тухай харуулжээ.
Тэрбээр өдгөө 31 настай бөгөөд өмнө нь Хятадын хамгийн том худалдааны сүлжээ Таобаод брендүүдийн хувцас өмсөн, зургаа даруулж, сурталчилгаанд тоглон, их цалин авдаг фото модель байсан аж.
Гэвч түүний сүүлд хийсэн бичлэг өмнөхөөсөө өөр байлаа. Тэрбээр цэвэрхэн студи, эсвэл өнгөлөг гудамжинд биш цонхондоо тортой, төмөр ортой умгар өрөөнд сайхан хувцас өмсөхийн оронд гартаа гавтай сууж байгаа харагдана.
Бичлэг дээр Гаппар юм ярихгүй боловч сэтгэл санаа нь хэр байгааг нүүрнээс нь тодорхой харж болох аж. Тэрбээр утсаа баруун гараараа барин хиртэй хувцас, умгар өрөө, холгосон шагай, өрөөнд буй цор ганц тавилга болох төмөр орноос нь гавласан зэргийг тойруулан харуулсан байна. Мөн Гаппар хэд хэдэн зурвас гэр бүлдээ илгээж, хорих лагерийн дотоод байдлыг тайлбарлажээ.
This is model Merdan Ghappar, handcuffed to a bed, in rare footage of what appears to be a Chinese re-education camp.He is a Uighur Muslim. His family say they haven't heard from him in five months.bbc.in/30vxSv8
Posted by BBC News on Wednesday, August 5, 2020
БНХАУ сүүлийн үед Шинжаан Уйгурыг “Чөтгөрийн гурван хүч” буюу салан тусгаарлалт, терроризм, туйлшрал гурваас салгахын тулд сургалт нэрээр олон сая иргэнийг өндөр хамгаалалттай, чанга дэглэмтэй лагериудад хорих болсон билээ.
Гаппар зурвасаараа дамжуулан хорих лагерьт уйгурчуудыг сургах нэрийдлээр шалтгаангүй баривчлан хорьж, тамлаад зогсохгүй олон зуун мянган хүүхдийг эцэг эхээс нь салгаж, эмэгтэйчүүдийг албаар хүүхэд төрүүлэх чадваргүй болгож байгааг баталжээ.
Мөн Шинжаанд сүүлийн үед коронавирусийн халдвар огцом ихэсч байгаа билээ. Ялангуяа хорих лагерь доторх бохир, олон хүнтэй, битүү нөхцөлд халдвар тархах эрсдэл хамгийн их байгааг тэрбээр мөн онцолжээ.
Гаппар хамгийн сүүлд таван сарын өмнө гэр бүл рүүгээ зурвас бичсэн аж. Улмаар гэр бүлийнхэн нь түүнийг нууцаар бичлэг хийснийхээ төлөө хүнд шийтгэл хүртсэн хэмээн таамаглаж буй юм байна.
Гаппарын бичсэн зурвасуудаас дурьдвал: “50м.кв-аас томгүй жижиг өрөөнд 50-60 хүн хорих тохиолдол бий. Тэгэхдээ эрчүүдийг баруун хананд, эмэгтэйчүүдийг зүүн хананд шахан суулгана”, “Энд бүгд “4 хос” гэгдэх хувцас өмсдөг. Түүнд нь толгойнд угладаг хар шуудай, гав, хөлний дөнгө, гавыг холбодог төмөр гинж орно”, “Нэг өдөр бусадтай маань хамт тууж явсаар намайг нэг өрөөнд оруулсан. Би шуудайгаа аваад харахад давчуу өрөө байсан. Хаалган дээр очоод гаваа суллаж өгөхгүй бол гар маш ихээр өвдөж байна хэмээн тусламж гуйхад нэг цагдаа ирээд, толгойныхоо шуудайг дахиж авбал үхтэл минь зодно гэж орилсон. Би айгаад дахиж юм дуугараагүй”, “Ингэж байхаар үхчих юмсан”, “Шоронгийн хаа нэгтээгээс үргэлж хэн нэгний тасралтгүй тарчлан орилж буй дуу цуурайтдаг”, “Хүмүүсийг ердөө хэдхэн хуванцар аяга, халбагаар ээлжлэн хооллодог.
Хоолны өмнө цагдаа нар өвчтэй хүмүүсийн гарыг өргүүлэн зогсоох бөгөөд тэднийг хамгийн сүүлд хооллодог. Гэхдээ чи хэрвээ аль болох түргэн хоол идэхийг хүсвэл халдварт өвчтэй гэдгээ нууж болно. Хэн ч мэдэхгүй”, “Нэг удаа 16-20 настай дөрвөн хүүхэд Бэйсболл шиг тоглоом тоглосныхоо төлөө баригдаж ирсэн бөгөөд оройжингоо цагдаа нарт маш их зодуулсан. Тэдний өгзөгний арьс бүр ангайтлаа шархадсан байсан тул сууж ч чадахгүй байлаа”, “цар тахлын халдвар эрс нэмэгдэж эхлэхэд биднийг маск зүүхийг тушаасан. Гэхдээ толгойн шуудайн дотуураа маск зүүнэ. Маск, гадуур нь толгойн шуудай. Амьсгалахад хүнд байна”, “Нэг өдөр бидний халууныг үзэхэд надтай нийлээд хэд хэдэн хүний халуун өндөр гарсан тул биднийг шатаар дээш гаргаад, тусад нь өрөөнд орууллаа. Цонх нь үргэлж онгорхой байх тул унтах аргагүй хүйтэн юм.
Түүнээс гадна энд хүмүүсийн хашгираан илүү тод сонсогддог. Нэг удаа би нэг эр өглөөнөөс эхлээд орой болтол тамлуулан орилохыг сонссон”, “Нэг өдөр надтай хамт хэд хэдэн хүнийг жижиг автобусаар өөр газарт хүргэсэн. Бид бүгд ханиад хүрч, толгой өвдөн нус гоожицгоож байлаа. Хүрэх газраа хүрээд, биднийг нэг нэгээр нь тусдаа өрөөнд оруулж, ортой гавласан. Энэ газар нь ухаандаа эмнэлэг бололтой”, “Миний бүх бие бөөстсөн. Би өдөр бүр бөөснүүдээ түүж хаядаг ч үнэхээр нэмэр алга”, “Энд өмнөх газраас хамаагүй аятайхан байна. Ядаж л би ганцаараа. Гэхдээ хоёр хүн үргэлж өрөөг манаж байгаа” гэх мэтээр бичжээ.
Гаппар тийнхүү нэг өрөөнд ганцаараа байх болсноор бие нь арай дээрдсэн аж. Тэрбээр гар утсаа яаж ийгээд нуугаад байж дөнгөсөн бөгөөд хоригдсоноосоо 18 хоногийн дараа ийнхүү зурвас бичих болжээ. Гэвч цөөн өдөр ийнхүү зурвас бичиж байгаад Гаппар гэнэтхэн сураг тасарсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ