Дэлхийн анхны атомын бөмбөгдөлтөөс амьд үлдэгсэд өнөөдөр (2020.8.6) аймшигт үйл явдлыг эргэн дурсав. Одоогоос 75 жилийн өмнө дэлхийн II дайны үед АНУ-аас Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаар 140 мянга гаруй хүн амь үрэгдсэн юм. Үүнээс гурав хоногийн дараа хоёр дахь бөмбөгийг Нагасакид хаяснаар 70 мянган хүн амь үрэгдэж, Япон улс наймдугаар сарын 15-нд бууж өгсөн түүхтэй.
Хирашима хотын захирагч Казуми Мацуй тэргүүтэй албаныхан, гэрчүүдийн хамт Энх тайван дурсгалын хүрээлэнд цуглан, нэг минут дуугаа хураан хохирогчдод хүндэтгэл үзүүлжээ. Жагсаалд 1000 хүрэхгүй хүн оролцсон нь өмнөх жилүүдээс 10 дахин цөөрсөн байна.
Үүний дараа жагсагчид хэвлэлд өгсөн ярилцлагадаа Японы Засгийн газар одоо болтол Цөмийн зэвсгийг хориглох гэрээнд гарын үсэг зурж нэгдээгүй байгааг шүүмжилсэн байна. Тэдний үзэж буйгаар АНУ-ын шүхрэн хамгаалалт дор 50 мянган америк цэргийг нутагтаа байршуулсан Японы Засгийн газар хоёр нүүр гаргаж байгаа аж. Учир нь Японы Засгийн газар 2017 онд батлагдсан цөмийн зэвсгийг хориглох гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа нь энх тайвныг сахих үзэл санааг баримталж буй мэт хуурамч дүр эсгэж буйн илрэл хэмээн шүүмжилжээ.
Харин Ерөнхий сайд Абэ Шинзо хэлэхдээ “Япон нь цөмийн зэвсгийг хориглох байр суурийг дэмждэг. Гэхдээ дэлхий нэг л өдрийн дотор цөмийн зэвсгээс ангижрах боломжгүй. Эхлээд сөргөлдөгч талууд хэлэлцээрийг эхлүүлэх ёстой. Үүнд Япон улс зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ