Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдрөөс эхлэн ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүдийн хамт хороодод ажиллаж байна. Тэд дүүргийн болон орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Энэ удаа 19 дүгээр хорооноос эхлэн 20, 18, 17, 12 дугаар хороодод ажиллалаа.
19 дүгээр хорооны цогцолбор байрны суурийн хүчитгэлийн ажил, хүүхдийн тоглоомын талбай, хайрга дайрган замууд, 20 дугаар хороонд хийгдсэн явган хүний гүүр, зам, 17 дугаар хороонд хийгдсэн шавар шалбаагийг арилгаж, тоосжилтыг бууруулах замуудын чанарыг шалгахаас гадна өмнө жил хийгдсэн үер усны хамгаалалт, ус зайлуулах шугам, хоолой энэ жилийн хувьд ямар байгаатай танилцлаа.
Энэхүү үер ус зайлуулах 580 метрийн урттай шугам, лоткиг тус хорооны хамгийн их үер ус тогтдог хэсэгт хийсэн бөгөөд орчны айл өрхүүд энэ жилийн их борооны үеэр үерт автах эрсдэл үүсээгүй байна.
Мөн зуслангийн бүсийн хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, үйлчилгээний ажилтнуудын нөхцөл байдлыг сонсож “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын удирдлагатай уулзаж тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахаар боллоо.
Засаг даргыг ийнхүү хороодод ажиллах үеэр иргэд уулзан хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар ам сайтай байгааг дашрамд дуулгая.
Үүний зэрэгцээ шүүмжлэлтэй, сайжруулах шаардлагатай байгаа ажлуудын талаар ч дурдсаныг тэмдэглэн, ажил хэрэг болгон, мэргэжилтнүүдийг үүрэгжүүллээ.
ЭХ СУРВАЛЖ: СБД
Холбоотой мэдээ