Улсын Онцгой Комисс (УОК)-ын Шуурхай штабаас өнөөдөр (2020.08.06) мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:
-Монгол Улс өнөөдрийн байдлаар агаарын болон авто зам, төмөр замаар 16118 иргэнийг татан аваад байна. Бид өнгөрсөн хугацаанд 51 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн бол төмөр замаар нийт 40 удаагийн татан авалт хийсэн. Наймдугаар сар гарснаас хойш гурван удаагийн захиалгат нислэг үйлдсэн. Тухайлбал, БНСУ-аас 260, АНУ-аас 253, өнөөдөр Энэтхэгээс 156 иргэдээ татаж авсан бөгөөд зургаан хоногийн хугацаанд 669 иргэнээ татан авсан. Энэ цаг мөчид гэрийн ажиглалтад нийслэлийн хэмжээнд 1536 иргэн байгаа бол орон нутагт 555 иргэн байна. Нийлбэр дүнгээр 2091 иргэн гэрийн ажиглалтад байгаа гэсэн үг. Дашрамд дурдахад, наймдугаар сарын 7-ноос 10-ны хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор, наймдугаар сарын 10, 11-нд БНХАУ-ын Замын-Үүд боомтоор иргэдээ татаж авна.
Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа н.ЛХАГВАСАЙХАН:
-Нийслэлийн 31 байршилд 2228 иргэн, таван аймгийн есөн байршилд 351 улсын хэмжээнд нийт 2579 иргэн тусгаарлалт ажиглалтад байна. Гадаад улсын мэргэжилтнүүдийг ажиллуулдаг уул уурхай болон бусад салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд гадаадаас ирэх ажилтан, мэргэжилтнүүдийг мэргэжлийн байгууллагаас тогтоосон хугацаанд тусгаарлах ажлыг бүрэн хариуцах шаардлагатай байна. Мөн гадаадаас ирсэн гэр бүлийн гишүүнээ хамаатан садан нь заавал тусгаарлаж, хорио цээрийн журмыг чанд сахиулахад анхаарах хэрэгтэй. Ингээд тусгаарлах байранд гарч буй нийтлэг зөрчлүүдээс дурдвал,
- Долдугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянхангай амралтад тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчин архидан согтуурсан.
- Долдугаар сарын 22-ны өдөр нийслэлд Энхсаран сувиллын газар тусгаарлагдсан иргэн Х, Б нар архидан, тусгаарлах байрны журам зөрчсөн.
- Долдугаар сарын 26-ны өдөр "Эрхэс" зочид буудалд тусгаарлагдсан иргэн О нь дөрвөн давхрын цонхоор нэг ширхэг хайрцагтай тамхи шидэж, түүнийг нь иргэн М, Г, Б нар авсныг эргүүлийн цагдаа нар илрүүлсэн. Улмаар УОК-ын шуурхай штабаас хавьтал болсон гурван хүнийг ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд хүргэсэн.
- Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн М, Э, Б нар коронавирусийн халдварын урьдчилан илрүүлэх шинжилгээ авах үед өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн үйл ажиллагаанд саад учруулсан. Тиймээс цаашид зөрчилд холбогдох хууль дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцлага тооцох ёстойг харуулж байна. Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон. Улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдлоос нийслэлд 161, орон нутагт 358 байна.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.БАЯРБОЛД:
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тусгаарлан ажиглах байрны халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой дөрвөн гомдол ирсэн. Үүний дагуу холбогдох дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар хоёр төрлийн зөрчил давамгай илэрсэн. Нэгдүгээрт, хоол хүнсний аюулгүй байдал, хоёрдугаарт тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөлтэй холбоотой асуудлууд үүссэн. Хяналт шалгалтаар дээрх зөрчлүүд батлагдсан учраас зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч байна.
Тусгаарлан ажиглах байруудыг торгох шийтгэхээс илүүтэй албан шаардлага өгч, биелэлт хангуулах, зөрчлийг арилгуулахад анхаарч ажиллаж байна. Учир нь тусгаарлан ажиглах байрны хүрэлцээ муу байгаа. Харин удаа дараа зөрчил гаргаж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллана. Маргааш ОХУ-аас Алтанбулаг боомтоор 360 иргэн ирнэ. Иргэдийг татан авах ажиллагаанд холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцоно.
Posted by News.mn on Wednesday, August 5, 2020
Холбоотой мэдээ