
Тансаг хэрэглээний зах зээлийг авч үзвэл, үйлдвэрлэгчид хамгийн сайн төдийгүй хамгийн үнэтэй эд зүйлс бүтээхийг эрмэлздэг. Тэгвэл Америкийн тансаг чамин тавилга үйлдвэрлэгч Parnian Furniture компани дэлхий дээрх хамгийн үнэтэй унтлагын ор бүтээсэн байна. Тус компанийн Аризона мужийн Скоттсдейл дэх шоурүүмд дэлхийн хамгийн үнэтэй орыг байрлуулсан бөгөөд үнээс гадна загвар дизайн, хийцээрээ олны анхаарлыг татаж буй гэнэ. Орыг хийсэн материал болон хийц, загвар зэргийг харгалзан үзэж, 210 мянган ам.доллараар үнэлсэн байна. Parnian Furniture компанийн ерөнхийлөгч Абдолхай Парниян энэхүү асар үнэтэй унтлагын орны загварыг гаргахын тулд хоёр жил бодсон аж. Харин гарын эв дүйтэй, мужаан, үйлдвэрийн ажилчид түүний төсөөллийг бодит болгохын тулд найман сар уйгагүй хөдөлмөрлөжээ.
Орны бүх хэсгийг гараар нямбайлан урласан бөгөөд iPad тогтоогч, цэнэглэгчний суурь, зурагтны болон компьютерийн дэлгэцний эвхэгддэг суурь, нууц тасалгаа, алт болон зэвэрдэггүй гангаар өнгөлсөн деталуудтай гэнэ. Түүнчлэн орны матрасыг мөн гараар хийсэн бөгөөд ноос, даавуу, латекс болон морины дэлийг ашиглажээ.
С.Цэлмэг